Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үндсэн хуулийн ойн барилдаанд улсын арслан Н.Батсуурь түрүүллээ

Ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсны 24 жилийн ойн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд энэ цагийн ид хүчтэнүүд гэгдэж яваа Ч.Санжаадамба, Ц.Содномдорж, Б.Гончигдамба, Б.Пүрэвсайхан, М.Өсөхбаяр, Соронзонболд, аварга С.Мөнхбат, арслан Н.Батсуурь нарын бөхчүүд зодоглолоо.

Барилдааны их шөвгийн дөрөвт улсын аварга С.Мөнхбат, арслан Н.Батсуурь, улсын заан Ч.Санжаадамба, улсын харцага Б.Пүрэвсайхан нар шалгарч үлдсэнээс долоогийн даваанд улсын аварга С.Мөнхбат Ч.Санжаадамбыг амлаж, Н.Батсуурь арслан, харцага Б.Пүрэвсайхан нар тунав.
Улсын арслан Н.Батсуурь, Б.Пүрэвсайхан нарын хувьд оны өмнөхөн болсон Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын өдөрт зориулсан чансаа өндөр бөхчүүдийн барилдаанд таарч, Б.Пүрэвсайхан давж байсан бол өнөөдрийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат “Увс нуур” дэмжээний бөх Н.Батсуурь давж, түрүү үзүүр булаалдахаар үлдсэн юм.
Харин улсын аварга С.Мөнхбат, Ч.Санжаадамба нар ойрын барилдаануудад таарч барилдаагүй тул үзэгчдийн сонирхлыг татаж байв. Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын заан Ч.Санжаадамба аварга С.Мөнхбатыг өвдөглүүлж, түрүү үзүүрт үлдэв.

Ингээд наймын даваанд Н.Батсуурь, Ч.Санжаадамба нар барилдаж, ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсны 24 жилийн ойн өдрийн барилдаанд улсын арслан Н.Батсуурь слан түрүүллээ.

Дашрамд сонирхуулахад, нэгдүгээр сарын 17-нд “Талх чихэр” компанийн нэрэмжит барилдаан, нэгдүгээр сарын 24-нд улсын харцага цолтнуудад хүндэтгэл үзүүлэх 224 бөхийн барилдаан тус тус болох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *