Categories
гадаад мэдээ

АНУ-ын тэнгисийн цэргүүдийг саатуулжээ

Персийн буланд явсан АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний хоёр хөлөг онгоцны бие бүрэлдэхүүнийг Ираны тал саатуулжээ. Гэхдээ саатуулагдсан 10 цэрэг эсэн мэнд, мөн тэднийг удахгүй суллан, хөлөг онгоцонд нь хүргэнэ гэдгийг Ираны эрх баригчид АНУ-д мэдэгдсэн байна.

Үүний өмнө АНУ-ын Батлан хамгаалах яамныхан Кувейтээс Бахрейныг чиглэн явсан тус улсын хоёр жижиг хөлөг онгоцноос холбоо тасарсан талаар мэдээлж байсан юм. Харин Ираны Гадаад хэргийн сайд Жавад Зариф АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керрид эдгээр хөлөг онгоцны баг бүрэлдэхүүнийг тус улсын холбогдох албад саатуулсан. Гэхдээ тэднийг удахгүй суллан замд нь гаргахаар төлөвлөж байгаа гэдгийг мэдэгджээ.

Энэ хэрэг явдал өнгөрсөн оны долоодугаар сард Иран дэлхийн зургаан хүчирхэг улстай байгуулсан цөмийн хөтөлбөрийн асуудлаарх гэрээг хэрэгжүүлж эхлэхэд саад тотгор болох вий гэж талууд ихээхэн болгоомжилж байгаа талаар ажиглагчид онцолж байна. Ираны тал тус гэрээгээр хүлээсэн үүргээ шуурхай биелүүлж байгаатай холбогдуулан тус улсын эсрэг олон улсын хориг арга хэмжээг энэ сард багтаан зөөллөх нөхцөл боломж бүрдээд байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *