Categories
мэдээ нийгэм

Энэ амралтын өдрөөс хүйтний эрч улам чангарна

Ус цаг уур орчин шинжилгээний төвөөс ойрын өдрүүдэд шөнийн цагаар -38-52 хэм хүрч хүйтрэнэ хэмээн сэрэмжлүүлж байгаа. Тодруулбал, нийслэл Улаанбаатар хотын төв хэсгээр шөнөдөө дунджаар -30 хэм байх бол захын хорооллуудад -40 орчим хэм болж хүйтрэх юм байна.

Тэгвэл өнөөдөр, маргааш нийслэл болон бусад нутгуудаар хүйтний эрч бага зэрэг суларч, пүрэв болон баасан гарагуудад цас орох төлөвтэй байна. Дархадын хотгор, Идэр гол, Тэсийн гол зэрэг Монгол орны хамгийн хүйтэн бүс нутгуудад 50 хэм хүрч, хүйтний эрч эрс нэмэгдэнэ.

Тухайлбал, маргааш нийслэл хотод өдөртөө -16 хэм, шөнөдөө -25 хэм байна. Баасан гаригт өдөртөө -21 хэм, шөнөдөө -29 хэм, бямба гаригт өдөртөө -25 хэм, шөнөдөө -32 хэм, ням гаригт өдөртөө -26 хэм, шөнөдөө -33 хэм хүйтэн байна.

Мөн энэ сарын эхний арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх дунд ба түүнээс дооших эрэмбийн гол ёроолдоо хүртэл хөлдсөн бол томоохон голуудын мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 10-45 см нэмэгдсэн байна. Хэдийгээр нийт нутгаар ихэнх гол мөрөн, нууран дээр битүү мөсөн бүрхүүл тогтож, мөс улам зузаарч байгаа хэдий ч нуурын толио болон томоохон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *