Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Лүндээжанцан: Төрийн тархи зөв ажиллах ёстой

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцантай ярилцлаа.

-Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлахад Б.Чимид агсан та хоёр эх баригчаар ажилласан. Ард түмнээсээ санал асуухаас эхлээд нэлээдгүй хугацаанд ажилласан. 1992 оны Үндсэн хууль баталсан цаг үеэ эргэн харахад ямар сэтгэгдэл төрж байна вэ?

-Монгол Улсын Үндсэн хууль бий болсон түүх 1987 оноос эхлэлтэй. Социалист нийгмийн хүрээнд боловсронгуй болгох замаар 1960 оны Үндсэн хуулийг хэрхэн өөрчлөх вэ гэдэг томьёолол эхэлж хийгдсэн. Тэрийг Ж.Батмөнх даргаар ахлуулсан ажлын хэсэг хийсэн. Энэ чинь явсаар 1990 оны хавартай золготол аяндаа олон намын тогтолцоо манайд бий болоод эхэлсэн юм. Зах зээл рүү хэрхэн шилжих вэ гэдэг том зорилго байсан. Тэгэхээр тогтолцоо үндсээрээ өөрчлөгдсөн энэ нөхцөлд Үндсэн хуулийн асуудал аяндаа гарч ирсэн. Хуучин Үндсэн хуулинд байсан “МАХН нийгмийн удирдан чиглүүлэгч мөн” гэдэг заалтыг хасахаас эхэлсэн юм. Энэ бол 1990 оны хавар болсон үйл явдал. Ингээд Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулийг баталсан. Миний хувьд Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулийг түүхэн ач холбогдолтой хууль гэж үздэг. Тиймээс 1990-1992 оныг түүхийн шилжилтийн чухал зурвас үе гэдэг юм. Энэ үед Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульд заасан гол төрийн байгууллын тогтолцооны асуудлууд 1992 оны Үндсэн хуульд тулгуур нь болж өгсөн чухал ач холбогдолтой. Ард түмнээрээ хэлэлцүүлэн, Улсын Бага Хурлаар гурван ч удаа хэлэлцүүлсэн гээд түүх ярьвал олон зүйлийг хэлэхээр байна.

Үндсэн хууль гэдэг бол үнэхээр Монголын ард түмний зөвшилцлийн баримт бичиг мөн. Яагаад ингэж хэлж байна гэхээр зөвшилцөл гэдэг чинь ард түмэн хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Үндсэн хуулийн гол чанар бол хүлээн зөвшөөрөгдөх байдаг. Өөрөөр хэлбэл Байнгын ажиллагаатай парламент, Улсын Бага Хурал гурван удаа хэлэлцэн ард түмнээсээ санал аваад түүнийг нь тусгаж АИХ-д өргөн бариад Монголын өнцөг булан бүрээс, бүх давхаргын төлөөлөл болсон 429 депутат 70 шахам хоног хуралдсан.

-Сая Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулна гэж ярьж байгаад болих шиг боллоо. Тухайн үед үйл явц нь хэрхэн өрнөж байсан юм?

-Үндсэн хуулийг батлах үйл ажиллагаа маш халуун “ширүүн” уур амьсгалд явагдаж байлаа. Үндсэн хуулийг зүгээр нэг унжийсан нөхдүүд хэлэлцээгүй юм. Үндсэн хууль чинь хоёр парламентын хоёр танхимаар дамжаад ард түмнээрээ хэлэлцэгдэн гарна гэдэг бол нэг талдаа маш хүнд байдгийг тэгэхэд ойлгосон. Үндсэн хууль хэлэлцэх үйл явц чинь тийм амаргүй юм байна шүү гэдгийг мэдэрсэн. Үндсэн хууль боловсруулах нь ч тийм амар байгаагүй юм аа. Энэ бүхий л шатанд хувь хүний үүрэг маш их байдаг. Б.Чимид багшийн гүйцэтгэсэн үүрэг үүнд онцгой байсан тул өнөө ч түүхэнд дурайн үлдсэн. Тухайн үеийн улс төрийн намуудын зүтгэлтнүүдийн зөвшилцөх эрмэлзэл их байсан. МАХН-ын дарга Г.Очирбат, Б.Даш-Ёндон, Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл, Социал демократ намын дарга Баабар, УБХ-ын дарга Р.Гончигдорж, Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат,АИХ-ын дарга Ж.Уртнасан, депутатуудын хороог толгойлж байсан Ж.Гомбожав гэх мэтчилэн маш олон түүхэн хүний гүйцэтгэсэн үүргийг дутуу үнэлж болохгүй. Тэр депутат тэгж хэлж байсан гээд хэлсэн үгс нь өдгөө ч миний ой тойнд үлдсэн байна.

Одоо ингээд бодож байхад 24 дэх жилдээ үйлчилж байгаа, яригдсан цаг үеийг нь тооцвол 26-27 жилийн түүхтэй энэ Үндсэн хууль маань алт хэдий удавч өнгөө алдахгүй гэдэг шиг улам л шижиртэн туяарсаар байна. Энэ бүхэн нь ямар сайн хууль баталсан байна вэ гэдгийг харуулж байгаа юм.

-Тэгэхээр өөрчилж болохгүй гэсэн үг юм уу?

-Өөрчлөгддөггүй хууль гэж байдаггүй. Үндсэн хууль ч гэсэн нийгмийн амьдралын эрэлт шаардлагыг дагаад цаашид төгөлдөршин боловсронгуй болох ёстой. Үүнтэй манай ард түмэн ч гэсэн санал нэг байгаа. Харин хэрхэн яаж өөрчлөх вэ гэдэг нь асуултын тэмдэгтэй байна л даа. Сайжруулах гэж байгаа нь энэ гээд улам муу болгочихвий гэдэг болгоомжлол байна.

-Тухайн үед нийгэм ороо бусгаа, хүмүүсийн сэтгэлгээнээс эхлээд бэрх замыг туулсан болов уу?

-Бэрхшээлгүй зүйл гэж юу байхав. Тухайн үед картанд шилжин ард түмний амьдрал ахуй уначихсан, үйлдвэрүүд зогсчихсон, өмч хувьчлал эхэлчихсэн учраа олохгүй ёстой бужигнаж байсан үе. Тэр үед Монголын нийгмийг хааш нь яаж чиглүүлэх вэ гэдэг асуудал онцгой чухал байлаа. Төрийн зохицуулалттай эдийн засаг зах зээлийг бий болгоно гэж нэг хэсэг нь үзэж байхад нэг хэсэг нь шууд чөлөөт зах зээлд шилжих тухай асуудал хөндөж байсан юм. Энэ хооронд зөрчил байсан байгаа биз. Гэхдээ чөлөөт зах зээл рүүгээ явах тал нь давамгайлаад ирсэн. Өнөөдрийн өндөрлөгөөс эргээд харахад алдсан, оносон зүйл байлгүй л яахав. Стратегийн хувьд аваад үзэхээр том алдсан нь бага л даа.

-Тэр алдаа нь Үндсэн хуулиас болсон юм уу?

-Үндсэн хуулиас болоогүй. Бусад зохицуулалтууд дутсантай холбоотой. Үнэхээр зах зээлийн туршлага муу байсан байхгүй юу. Зах зээлийн харилцаанд орсон туршлага байхгүй шилжилт гэдэг бол их том зовиур юм л даа. Зах зээлд шилжлээ гээд бүх зүйл сайхан болчихдоггүй юм аа гэдгийг ойлгосон. Өнөөдөр бид тогтолцооны хямралын тухай ярьж байна. Тогтолцооны хямрал гэдэг бол хүмүүсийн оюун санаанд,төрийн тогтолцоонд, улс төрийн намуудад, сонгуулийн тогтолцоо гээд бүхий л зүйлийг хамрах гээд байгаа юм. Тогтолцооны хямралыг яаж давах юм бэ. Шилжилт гэдэг бол тийм амар дуусдаг эд биш юм байна. Манайхан шилжилтийн үе дууссан уу гэж ярьж байна.

-Шилжилтийн үе 20 гаруй жил үргэлжиллээ. Та дууссан гэж харж байна уу?

-Би бол дуусаагүй байна гэж хардаг. Харин үүнийг богино хугацаанд зовиур багатайгаар даван туулах замыг эрж хайх хэрэгтэй. Тиймээс төрийн тархи зөв ажиллах ёстой. Төрийн тархи сайн байж үйл ажиллагаа явагддаг.

Өмнө нь нэг их яригддаггүй байсан авлига, хүнд суртал, төрийн нүсэр бүтэц гээд шинэ зүйлс бидний өмнө тулчихаад байна. Үүнд нэмэр болохоос илүүтэй нэрмээс болсон дордуулсан долоон өөрчлөлтийг ярих ёстой. Төрийн ажил саадгүй явахад нэмэр болсон хэдий ч давхар дээлийн асуудал чөдөр болсон. Давхар дээлийг тайлахгүйгээс болж олон зүйлийн зангилааны учиг олдохгүй байна. Ядаж зангилааг нь тайлчих хэрэгтэй. Энэ чинь Үндсэн хуулийн буруу биш. Дараа нь оруулсан нэмэлтийн буруу шүү. Ээдэрсэн зүйлийн гогцоог нь тайлчихвал нэлээд олон зүйлийн учир начир олдоно. Сонгуулийн тогтолцоо улс төрийн намуудын шүүмжлэлийн бай болох нь багасна. Яагаад хүмүүс Их хурал руу үхэн хатан тэмүүлээд байгааг нэгэн зохиолч саяхан “Олбогны төлөөх тэмцэл” гэж жижиг хаад Монголыг мөхөөсөн үеийн олбогны төлөөх тэмцэлтэй зүйрлүүлсэн байна лээ. Энэ бол хатуу шүүмжлэл. Өөрөөр хэлбэл хууль тогтоогчид нь хууль тогтоогчоороо үндсэн ажлаа хийдэг. Засгийн газар нь үндсэн ажлаа хийдэг байя. Тэгвэл үхэн хатан сонгуульд нэр дэвших гээд зүтгээд байдаг нь багасна, төрийн эрх мэдэл, хариуцлагын тогтолцоо сайжирна. Үүнээс л бид эхлэх ёстой.

-Үндсэн хуульд хэр удаж байж өөрчлөлт орох ёстой байдаг юм бол. Шаардлагатай гэж үзвэл тухай бүрт нь өөрчлөх ёстой юу?

-Үндсэн хуульд 15-20 жил болоод өөрчлөлт оруулдаг жишиг байдаг. АНУ-ын Үндсэн хууль гэхэд эхний үедээ л өөрчлөлт оруулаад түүнээс хойш бараг оруулаагүй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэхээр улстөрчид нойрноосоо сэрдэг. АНУ-ын Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж 5000 орчим санал гарсан байдаг юм билээ. Тэр 5000 саналаас ердөө л 26 өөрчлөлт орсон. Тэгэхээр Үндсэн хууль өөрчилнө гэдэг яриа их гарч улстөрчид язганаж эхэлдэг ч тэр бүх өөрчлөлт ордоггүй. Манайхны энэ оролдлогууд ч үүнийг харуулж байгаа юм. Тэглээ гээд Үндсэн хууль төгс төгөлдөр, хэн ч халдашгүй зүйл гэж үзэж болохгүй.

-Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсэг төслөө өргөн барьчихсан. Тэр төсөл дээр янз бүрийн байр суурь яваад байсан. Та ямар бодолтой байна вэ?

-Анх Үндсэн хуулийг батлахад оролцож, зовлон жаргалыг нь мэдэрсэн долоон гишүүн ажлын хэсэгт орсон. Үндсэн хуулийн нэрийг “Эх хууль” болгон өөрчлөх, УИХ-ын гишүүдийн тоог 99, УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил болгох асуудал яригдаагүй. Эдгээр саналыг хасаад бусад саналын 70 хувь дээр санал нэг байсан. Тухайн үед Үндсэн хуулийг хэлэлцэж байхад Ерөнхийлөгчийн засаглалтай болно гэж О.Дашбалбар тэргүүтэй депутатууд, нөгөө хэсэг нь Ерөнхийлөгчийг парламентаас сонгоно гэсэн маргаан гацсан тул П.Очирбат Ерөнхийлөгчийн өрөөнд цуглаж байгаад зөвшилцөн ард түмнээс Ерөнхийлөгчийг сонгохоор болгосон. Ингэснээрээ монгол төрийн тогтолцоо холимог шинжийг агуулж байгаа юм. Миний л хувьд Ерөнхийлөгчийг Их Хурлын 76 гишүүнээс сонгож болохгүй гэж үздэг. Хэрэв тэгчихвэл нэг фракцийн төлөөлөл Ерөнхийлөгч болно. Ядахдаа орон нутгаас сонгогдсон иргэдийн төлөөлөл ч юм уу ядаж 1000 хүнээс сонговол болох асуудал гэж харж байгаа. Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлэх асуудлыг тавих цаг болсон. Мөн аймгийн төвүүд, томоохон суурин газрыг хот болгоод засаг захиргааны тогтолцоонд нь жижиг өөрчлөлт хийж болохыг үгүйсгэхгүй. Түмэн олныг тогтвортой байлгах асуудлыг Үндсэн хуулийн хэмжээнд шийдвэрлэж дараа нь давхар дээлийн асуудлаа шийдэх ёстой. Энэ мэтчилэн цөөн хэдэн асуудлын хүрээнд шийдчихэд Үндсэн хууль цаашид олон арван жил үргэлжлэх боломжтой.

Одоо чинь Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг хэлэлцэх гэж байна. Ард нийтээс санал авна гэдэг хялбар хийчих ажил биш

-Ард нийтийн санал асуулгыг бид хөгжүүлэх ёстой. Манайхан шууд ардчилал гэж нэг хэсэг ярилаа. Мэдээлэл муутай хүмүүс шууд ардчиллын зарчмаар буруу зөрүү шийдвэр гаргахыг үгүйсгэхгүй. Мэдээллээр сайн хангаж өгөх ёстой. Шууд ардчиллын арай дэвшилттэй хэлбэр нь сүүлийн үед Г.Занданшатарын яриад байгаа зөвлөлдөх ардчилал байж болох хувилбар юм болов уу гэж харж байна. Мэдээллийг маш сайн өгөөд сонголт хийлгэдэг энэ хувилбар аятайхан санагдаад байгаа. Шууд ардчиллын дээд хэлбэр нь ард түмний санал асуулт. Санал асуулга биш санал асуулт манайд ганцхан удаа болж байсан юм. Ард нийтийн санал асуулгаар асуусан асуудлыг шууд шийдвэрлэгдсэнд тооцно гээд заачихсан тул хянуур хандах хэрэгтэй. Манай улс санал асуулгын хуулийг баталсан 1995 оноос хойш хэрэглэж чадаагүй тул маш сайн хууль гаргах шаардлагатай.

Яагаад Үндсэн хуулийн асуудалд ингэж хандаад байна гэхээр парламентад итгэх ард түмний итгэл бүрэн дүүрэн биш байна. Үндсэн хууль гарахаараа хүлээн зөвшөөрөгдөх чанар нь өндөр биш байгаа болохоор ард түмнээсээ асууя гээд байгаа юм. Парламент нь парламент шиг байвал ард түмэн юу ч ярихгүй. Хараад байхад манай парламент мөддөө төлөвшиж чадахгүй юм шиг байна л даа. Санал асуулгыг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган явуулах байх гэж бодож байгаа. Гэхдээ тэр үед явуулах уу гэдэг нь тодорхой биш байна.

-2016 оны сонгуулиар санал асуулгаа явуулна гээд байгаа юм биш үү?

-Одоо хууль эрх зүйн боломж байхгүй. Санал асуулга явуулахад хэлэлцэх асуудлыг гуравны хоёроор дэмжиж нэг бүрчлэн хэлэлцэх ёстой. Үндсэн хуулийг сонгууль болохоос зургаан сарын өмнө шийдсэн байх хуультай. Хугацаа нь өнгөрчихсөн. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Их хуралд өргөн мэдүүлснээс хойш Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар 30 хоногийн дотор хэлэлцэж эхэлнэ гэж заасан байдаг. Тэр хугацаа нь хэтэрчихсэн.

Тэгэхээр дахиад нэмэлт, өөрчлөлтийн төсөл өргөн барих юм уу?

-Дахин өргөн барьж таарна. Гэхдээ бэлэн хэрэглэгдэхүүн байна.

УИХын баталсан хуулиуд ҮХЦ дээр унаад байна. Тэгэхээр УИХ буруутай болж таараад байна уу, Үндсэн хууль маань энэ цаг үед нийцэхгүй байна гэсэн үг үү?

-Бид Үндсэн хууль гэдэг ганцхан даргатай. Их хурал өөрийгөө хамгийн том дарга гэж ойлгоод байгаа юм. Төрийн эрх барих дээд байгууллага гэж хэлсэн ч бүхнийг мэдэгч, бүхнийг шийдэгч, бүхнийг дураараа өөрчлөгч байдаггүй гээд хазаарлахын тулд хяналтын механизм болгоод ҮХЦ-ийг байгуулсан. Манай ҮХЦ нэг талдаа дүгнэлт гаргадаг тул хяналтын үүрэг гүйцэтгэдэг. Нөгөө талаараа эцэслэн шийдвэрлэдэг болохоор шүүхийн үүрэг гүйцэтгэдэг юм. ҮХЦ, Их Хурлын хооронд үргэлжийн сөргөлдөөнт харилцаа байдаг. Үүнийг шийдэх онолын асуудал ч бий. Энэ талаар би илтгэл ч тавьж байсан.

Өнөөдөр органик хуулиар хэн хэнийгээ нухчин дарах биш зөв хууль гаргаад, зарим нэг тодруулга хийж болно. Одоогийн хүчин төгөлдөр Үндсэн хуулийн хүрээнд бүх асуудал зохицуулагдах ёстой. ҮХЦ дээр маргаан өрнөж байна гэдэг бол эрүүл үзэгдэл. ҮХЦ хэрвээ субьектив буруу шийдвэр гаргасан бол хариуцлагаа хүлээх ёстой.

Ямар хариуцлага хүлээх ёстой вэ?

-Хариуцлагын асуудал хуульд бий. УИХ буруу шийдвэр гаргасан тохиолдолд ҮХЦ түүнийг нь хүчингүй болгох эрх эдлээд байгаа. Үүнд манайхан “арзганадаг” юм. Би ч гэсэн зөндөө “арзганаж” явсан хүн. Ингэх гэж л Үндсэн хуульд хяналт тэнцвэрийн тогтолцоог хийсэн байхгүй юу. Тэр жамаараа явж байна. Манайхан УИХ-ын гишүүн гэж цээжээ дэлдэх дуртай. Хөндий цээжээ дэлдэхээсээ өмнө би ийм хариуцлагатай гэдгээ ухамсарлаж байх ёстой. Ядаж л чуулган, байнгын хороондоо суудаг байх хэрэгтэй. Үүнээс болж захиалгаар янз бүрийн хууль батлагдаж болохгүй.

Сонгуулийн хуулийг оны өмнө баталчихлаа. Уг хуулийг та хэрхэн харж байгаа вэ. МАНынхан 45 суудалтай байхдаа баталсан хуулиа өөрчилнө гэсээр байгаад өөрчилчихлөө?

-МАН тэр үед 45 суудалтай байсан нь үнэн. Гэхдээ үргэлж зөвшилцөж явсан. Сонгуулийн хуулийн энэ асуудал зөвшилцөөнөөр явдаг. Тэр үед Ардчилсан намын хий гэсэн бүхнийг л хийсэн. Манайх 45 гишүүнтэй байхад миний өргөн барьсан хуульд хүнд нь санал өгдөг тогтолцоо байсан байхгүй юу. Хүнд санал өгөхөөр автоматаар тоолж байгаа үед техникийн хүндрэл гарна гэж их яригдсан. Пропорционалиар санал өгөх үед сонгогчдын санал хаягдахгүй байхад чиглэгдсэн. Орон нутгийн төлөөлөл, иргэдийн төлөөлөл зайлшгүй шаардлагатай гээд мажоритар системийг дэмжсэн. Тэгээд энэ хоёроор явъя гэсэн байхгүй юу. Машинаар тоолох асуудал бол уг нь сортлогч машины тухай байсан юм. Иргэдийн нүдэн дээр ил тод өгсөн санал нь хэн хэнд өгч байгаа, аль намд өгөв гээд сортлогдоод гараад ирнэ. Гэтэл үүнийг хоцрогдсон, хуучин зүйл, луйвар хийх гэж байна гээд Сонгуулийн Ерөнхий Хороог АТГ-т хүртэл өгч байгаад одоогийн машиныг авсан. Сонгуулийн хуульд ямар ч өөрчлөлт оруулахгүй гэсэн бол 100 хувь гэж зүтгэх байсан. 50 хүртэл хувьд нь тооллого хийнэ гэдэг бол дэвшил гэж харж байна. Намын жагсаалтаар орж байгаа хүмүүсийн нэрсийг бүх сонгогчдод өгнө гэдэг бол энэ намыг дэмжих юм бол ийм хүмүүс ороод ирэх юм байна гээд харж байх боломжийг нээж өгөх ёстой. Сонин хэвлэлээр нэрсийг зарладаг боловч хүнд тогтож үлддэггүй юм байна. Ард түмний үнэхээр төрд зүтгээсэй гэсэн хүмүүс нь жагсаалтын эхэнд бичигдэх ёстой. Эхний 10-т багтаагүй хүмүүс нь сайд болно ч гэдэг юм уу тиймэрхүү маягаар орох шаардлагатай. Хэрэв ингээд явбал мөнгөөр зодож жагсаалтад орохыг хязгаарлахад нэмэр болох юм. Хамгийн гол нь сонгууль зөв явагдах хэрэгтэй. Ялсан ч ялагдсан ч гомдолгүй үлдэх нь чухал. Үнэн сэтгэлээрээ өрсөлдөөд ард түмэн ийм сонголт хийлээ гэх ёстой. Тэгэхгүйгээр хар машин харчихаад гомдоод байдаг байж болохгүй. Өмнө нь гар тооллого хийдэг байхад хэсгийн хорооныхон яаж хуйвалдаж байгаа бол гээд хардаад байдаг байсан.

Харин Улс төрийн намын тухай хуулийг та юу гэж харж байгаа вэ?

-Энэ хуулийн төслийг авч үзээгүй байна. Улс төрийн намуудыг ад үзэж болохгүй гэж боддог. Манайд улс төрийн намыг үгүйсгэх үзэл их болчихлоо. Муу сайн ч нам байж гэмээнэ зохион байгуулалтад орж тодорхой бодлого гардаг. Тэгж байж бодлогын хүрээнд явдаг. Улс төрийн намыг хүчгүйдүүлбэл жинхэнэ лобби бүлэг бүрэлдэж, янз бүрийн зүйлсийн цуглуулга болно. Ингээд улс дампуурна. Тэгэхээр улс орших уу, эс орших уу гэдэг нь улс төрийн намтай холбоотой байгаа биз. Улс төрийн намууд хоорондоо нэгдэх, эвсэх, зөвшилцөх нь байх л асуудал.

Гэхдээ өнөөдрийн нөхцөлд нам харгалзахгүй хэтэвчээрээ нэгдсэн гэдэг шүүмжлэл бий. Их хуралд олон жил суусан хүн юу эсийг анзаарахав дээ?

-Би ордноос гардаггүй. Хүмүүсийн яриа чагнадаггүй. Өрөө хэсч явдаггүй. Ер нь бол эцсийн эцэст улс төрийн намын тогтолцоо, сонгуулийн тогтолцоо эрүүлжиж байж улс төр эрүүлжинэ. Тийм учраас ард түмний сонголт мэргэн байх ёстой. Үнэхээр тэгж нэгдэж нийлсэн хүн байдаг юм бол нам нь нэр дэвшүүлэхгүй бай л даа. Хэрэв дэвшүүлсэн байвал иргэд битгий сонго. Дахин хэлэхэд улс төрийн намыг хүчгүйдүүлбэл нам дагасан олигархиудаа бүр барьж чадахаа болино.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *