Categories
мэдээ цаг-үе

О.Амартүвшин: Монголын төр өөрийгөө санхүүжүүлээд хувийн хэвшилтэйгээ өрсөлдөн зүтгэж байгаа нь эмгэнэлтэй

Улаанбаатар хотын танхимын Гүйцэтгэх захирал, UFC группийн Ерөнхийлөгч О.Амартүвшинтэй ярилцлаа. Тэрээр 2015 оныМонголын шилдэг эдийн засагч”-аар шалгарч байсан билээ.

-“Улаанбаатар худалдан авалт-2016” бизнес чуулга уулзалт энэ сарын 20-ны өдөр болно. Уг чуулганы үр дүн, онцлогийн талаар яриагаа эхэлбэл ямар вэ?

-Өнгөрөгч онд анх удаа “Улаанбаатар хотын форум”-ыг зохион байгууллаа. Уг форум ерөнхийдөө тунхгийн шинж чанартай болсон. Үндсэндээ 2030 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх төлөвлөгөө, хөгжлийн стратегитай уялдуулж, хөрөнгө оруулалтыг аль салбарт хэрхэн оновчтойгоор хийх вэ гэдгийг ярилцаж хөгжлийн төлөөх тунхаг бичигт гарын үсэг зурсан.

Мөн хот юунд хөрөнгө оруулалт, худалдан авалт хийхээ анх удаа иргэддээ, бизнесийнхэнд ил тод зарласан.Тодруулж хэлбэл, төрийн байгууллага анх удаа бүтээгдэхүүн үйлчилгээ худалдан авалтаа бизнес эрхлэгчдэд танилцуулаад, бизнес эрхлэгчид нь салбар чиглэлийнхээ дагуу сонирхож ойлголтынхоо зөрүүг нэгтгэж чадсан. Үүгээрээ “Улаанбаатар хотын форум” үнэ цэнтэй болсон гэж боддог. Харин “Улаанбаатар худалдан авалт-2016” нэрийн дор зохион байгуулагдаж буй энэ удаагийн бизнес чуулга уулзалтаар хотын удирдлагууд, бизнес эрхлэгчид 2016 онд ямар худалдан авалт хийж, аль салбарт хөрөнгө оруулалт хийх вэ гэдгээ тодорхой ярилцана. Сүүлийн хоёр жилд эдийн засаг саарсантай холбоотойгоор хувийн хэвшлийнхний хотод хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүд зогсонги байдалд орсон. Хотын хөгжил, эдийн засгийн идэвхижилтэд мэдээж хувийн хэвшлийн санаачилга, хөрөнгө оруулалт чухал.Тиймээс хувийн хэвшлийн санаачилга аль салбарт чухал байна, хууль эрх зүйн хүрээнд хот хэрхэн дэмжих боломжтойг форумын хүрээнд ярина. Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалж, бизнес эрхлэх орчинг тогтвортой, итгэл үнэмшилтэй болгох зорилгоор Улаанбаатар хотын танхимыг байгуулсан. Улаанбаатар хот өнөөдөр нэг сая 300 гаруй мянган хүн амтай байна. Ийм хүн амтай хот бол дэлхийд том хотод тооцогддог. Машины түгжрэл, утаа, сургууль, цэцэрлэгийн асуудлууд Улаанбаатар хотыг том хот гэдгийг нь батлаад өгч буй хэрэг. Ийм хот маань стратеги төлөвлөлт болоод бодлогын хувьд зөв байх хэрэгтэй байна.

Улаанбаатар хот анх удаа худалдан авалтаа бизнес эрхлэгчдэдээ ил тод зарлана гэдэг зөв зүйтэй алхам гэдэг нь хэнд ч тодорхой. Хөрөнгө оруулалтын асуудал нь шийдэгдээд эхэлбэл бүх зүйл хөдөлгөөнд ороод, түүний нөлөөгөөр эдийн засаг эрчимжиж эхлэх нь мэдээж. Ингэхэд яг ямар ямар асуудал дээр хөрөнгө оруулалт, худалдан авалт яригдах бол.Тэр тухай тодруулахгүй юу?

-Улаанбаатар хотод тулгамдсан асуудал олон байна. Бүгд л хурцаар тавигдаж байна. Идэр есийн жавар тачигнаж байгаа энэ цаг үед эрчим хүчний болоод цахилгаан дулаан нэн тулгамдсан асуудал мөн. Сүүлийн жилүүдэд тавдугаар цахилгаан станцын тухай яригдлаа. Засгийн газрын хэмжээнд яригдаад байгаа боловч үндсэн хэрэглэгч нь Улаанбаатар хот юм. Гэхдээ хуучны сэтгэлгээгээр цахилгаан станцаа хот хөрөнгөө гаргаад барих асуудал биш шүү дээ. Хууль эрх зүйн үндсийг нь тогтвортой болгож,ур хугацааны гэрээгээр гадны хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй. Тэгээд түүнийгээ хууль ёсоор хамгаална гэдгээ зарлах учиртай юм. Гэвч төрийн ажил урагшилдаггүй өнөө л зарчмаар ажил хүлээгдээд л байна. Эхний гэрээ зурагдаж бүтээн байгуулалтын ажил эхлэхээр хүлээгдэж байтал гэв гэнэт “За одоо танай компанитай ажиллахаа болилоо, гэрээгээ цуцаллаа. Бид дараагийн компанийг сонгохоор болсон” гээд хэлдэг. Төрийн ажил ийм хулхины, тоглоомны байж болохгүй. Хөрөнгө оруулалт гэдэг 20, 30 жилээс дээш хугацаагаар яригддаг зүйл. Өнөөдөр мөнгө хийгээд маргааш нь ашиг олж авах тухай асуудал биш юм. Ард иргэдэд яалт ч үгүй ая тухыг хангасан тохилог, дулаан орон сууцны асуудал шаардагдаж байгаа нь мэдээж. Гадаа хасах 30, 40 хэм хүртэл хүйтэрч буй бодит нөхцөлд нүүрсээ түлээд монгол гэр, модон байшиндаа амьдарч, утаан дунд байна гэдэг үнэндээ аймшигтай байна. Өөр арга зам ч одоохондоо алга. Улаанбаатарын гэр хорооллыг цахилгаанаар халаах боломж нөхцөл өнөөдөр алга.Тэгэхээр бид яаж хямд үнэтэй орон сууцаар иргэдээ хангах вэ гэдгийг бодох, тооцоолох хэрэгтэй. Гэр хорооллын дахин төлөвлөлт гэдэг зөв санаа. Эдийн засаг унаад буй учир түүнээ дагаад худалдан авах чадамж буурч, хөрөнгө оруулалт буурсан түвэгтэй байдалд ороод байна. Хотын төвлөрлийг сааруулах “Шинэ Улаанбаатар” төсөл яригдаж байгаа. За тэгээд агаарын болоод хөрсний бохирдлын асуудал, нийтийн тээвэр гээд хурцаар тавигдаагүй асуудал гэж алга. Төв цэвэрлэх байгууламжийн даац хэдийнэ хэтэрснийг иргэд мэдэж байгаа. 500-600 мянган хүн амтай хотод төлөвлөгдсөн хүчин чадал нэг сая 300 гаруй мянган хүний буюу бараг гурав дахин хэтэрсэн даацыг яаж дийлэх билээ. Ар араасаа шилээ дараад хүлээгдэж байгаа их хотын энэ бүх асуудлыг “Улаанбаатарын худалдан авалт-2016” чуулганаар авч хэлэлцэн, гарах үр дүнг нь ярилцана. Хот урт хугацааны гэрээ хэлцэл хийгээд хэлсэн үгэндээ эзэн байж чадах юм бол хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулалтыг нь шийдчихэж болно гэж үзэж байгаа.

Улаанбаатар хотын худалдааны танхим байгуулагдсанаас хойш эдийн засагт хэрхэн эргэлт гарсан бол. Бизнес эрхлэгчид бол сэтгэл нааштай байгаа нь хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлага зэргээс харагдаж байна. Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим сүүлдээ монополь эрхтэй байгууллага болоод төр засагтай уялдаатай ажиллаж эхэлснийг та хэлж байсан. Хотын танхимаас гадна Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийг байгуулсан. Хөгжил дэвшлийн уялдаа холбоотой байх нь мэдээж?

-Дэлхийн ихэнх хот худалдааны танхимтай. Тэр танхим нь бизнес эрхлэгчдийг төлөөлж, эрх ашгийг нь хамгаалж чаддаг. Ер нь Монгол ирээдүйд хэр хөгжилтэй улс байх нь Улаанбаатарт бизнесийн орчин ямар байгаагаас хамаарна.Тодруулж хэлбэл Улаанбаатар хотын бизнес, хөрөнгө оруулалтын орчин Монголын хөгжлийн гол цэг юм. Улаанбаатарын худалдааны танхим байгуулагдсан гол шалтгаан энэ байсан. Харин бидний дараагийн хийх ёстой чухал ажил бол хөгжлийн корпораци байгуулах байсан. Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийг оны өмнөхөн байгуулсан. Эдийн засгаа дэмжсэн, зах зээлээ зөв харж дүгнэсэн, ард иргэдийнхээ суурь хэрэглээг зөв тооцсон тийм чиглэлд хөрөнгө оруулна гэсэн үг. Өмнө нь Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт улс төрийн нөлөөгөөр, хэн нэгэн эрх мэдэлтний шийдвэрээр явдаг байсан. Тэгвэл хөгжлийн корпорацийн шийдвэрүүд илүү судалгаатай, үндэслэлтэй болоод хувирчихаж байгаа юм. Нөгөө талаас мэргэжлийн холбоод болон хувийн хэвшилтэйгээ уялдаатай болоод ирж байна. Хот дангаараа хөрөнгө хөөцөлдөөд байх биш. Хувийн хэвшил хөрөнгө оруулж ирээд хот түүнд нь баталгаа гаргаж өгөөд, цаашид хамтарч ажиллах ийм л корпорацийг байгуулаад байна. Төр хувийн хэвшлийн түншлэл гэдэг чинь одоо харин сонгодог утгаараа ажиллаж эхэлж байна. Гол нь урт хугацаанд ажиллуулах хэрэгтэй.

Мөн Улаанбаатар хот өнөөдрийг хүртэл явж ирсэн жишиг юу вэ гэхээр аливаа бизнес гэдэг олон талын итгэлцэл, ойлголцол дээр явдаг. Үл ойлголцлын зөрүүнээс бизнесийн маргаан гардаг. Энэхүү маргаан бүгд шүүхээр шийдэгдэнэ. Төртэйгээ шүүхдэлцэнэ гэдэг хувийн хэвшлийнхэнд юу болох билээ. Хүнд зүйлтэй тулгарах нь ойлгомжтой. Арбитраар шийдүүлье гэхээр хэн нэгэн албан тушаалтан, хувь хүний нөлөөлөл дор явдаг болчихсон. Ийм байж болохгүй нь гээд олон улсын стандартад нийцсэн Улаанбаатарын арбитртай болсон. Ер нь тухайн улсын арбитр гэхээс илүүтэйгээр хотынх нь арбитр хүчтэй үйл ажиллагаа явуулдаг жишиг дэлхий дахинд байдаг. Энэ бол хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж буй хэрэг. Би төрөөс ажил аваад маргаан үүсвэл одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар дараа нь тендерт оролцох эрхгүй болох ч юм уу, бизнес эрхлэгчдэд халтай тийм зүйлүүдтэй тулгарна. Тиймээс тэр бүр хувийн хэвшлийнхэн төртэйгөө шүүхдээд байж чаддаггүй. Харин арбитраар шийдээд эхлэхээр маш хурдан шуурхай, дээрээс нь үнэн зөв шийднэ. Эдийн засгийн харилцааг ойлгоно. Өнөөдөр шүүх дээр эдийн засгийн харилцааг ойлгохгүй тийм тохиолдол олон байгаа. Шүүгч эдийн засгийн зүйлийг ойлгодоггүйн улмаас Захиргааны аргаар шийддэг. Одоо тэгвэл үүнийг олон улсын жишиг стандартад нийцүүлэн хотын арбитр хийдэг боллоо. Нийтдээ 30 гаруй арбитртай болсон. Гадны туршлагатай хүмүүсээр багийнхаа 30 гаруй хувийг бүрдүүлсэн. Ингээд хууль эрх зүйн орчноо суурийг нь зөв тавиад эхэллээ. Хувийн хэвшлийнхэн одоо илүү санаачилгатай байх хэрэгтэй байна.

Таны хувьд хувийн хэвшил, бизнес эрхлэгчдээрээ ажил хийлгэж, хот өөрөө сайн менежерийн үүрэг гүйцэтгэх ёстой гэж үздэг. Тийм л зарчим барьдаг. Өнөөдөр Улаанбаатар хот менежерийн үүргээ хэрхэн гүйцэтгэж байна вэ?

-Миний баримталдаг зарчим бол тэр л дээ. Хот бодлогын хувьд зөв байх ёстой. Харин хийж хэрэгжүүлэх ажлыг нь хувийн хэвшил хууль журмын дагуу чанартай гүйцэтгэх учиртай. Түүнээс Бат-Үүл дарга хүрз бариад шуудуу ухаад, барилга бариад явах асуудал биш байхгүй юу. Хотын удирдлагууд үүнийг маш сайн ойлгож байгаа. 2030 онд ямар байх төлөвлөгөөгөө нарийн нягт боловсруулж, тодорхой төлөвлөлт, зорилго чиглэлтэй байж түүндээ хувийн хэвшлийн тусламжтайгаар хамтарч хүрэх тухай ярилцаж эхэлсэн нь туйлын сайн хэрэг. Хувийн хэвшил үүнд нийцүүлж хамтарч ажиллаж байна, ашиг орлоготой байна гэдэг хотын иргэд буюу сонгогчид бүгд ажилтай, орлоготой байна гэсэн үг. Хот өөрөө нэг сая 300 мянган хүнээ ажлын байраар хангаад цалин хөлс өгөөд байх тийм боломж нөхцөл байхгүй. Хувийн хэвшлийг дэмжиж байж нийгмийн бусад олон асуудлаа шийднэ.

Энд би хувийн хэвшлийн болоод төрийн зааг ялгааны тухай тодорхой хэлье. Ард иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулах, сурч боловсрох эрхээр нь хангах, эх орныхоо хил хязгаарыг бүрэн бүтэн байлгах зэрэг нь төрийн үндсэн үүрэг юм. Бизнесийн байгууллага болохоор өөр. Иргэд буюу хэрэглэгчид юу хүсч байна, түүнд нь таарсан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх замаар ашиг орлоготой ажиллахыг эрмэлзэнэ. Мэдээж олсон ашгаараа дараа дараагийнхаа хөрөнгө оруулалтыг шийдэж явах ийм зарчимтай. Хувийн хэвшлийнхэнд шийдэж чадахгүй асуудал гэж бий. Тухайлбал, хотын ерөнхий дэд бүтцийг аль нэгэн компани дур мэдэн шийдэх боломжгүй. Хууль эрх зүйн талаасаа тийм үндэслэл байхгүй. Ийм ийм нарийн асуудлууд дээр төр хувийн хэвшилтэй хамтрах замаар шийддэг. Гэтэл Монголын төр өнөөдөр хувийн хэвшлийн хийх ажлыг хийчих гээд, ерөөс бүгдийг л хийнэ гэж эзэрхийлэн хандаж байгаа нь харамсалтай. Социализмын үед бол төр бүгдийг нь өөрөө хийдэг байсан. Энэ нь маш буруу юм гэдгийг ерэн онд бид нийтээр ойлгосон биз дээ. Гэтэл дахиад тэр рүүгээ зүтгээд байна. Би бодохдоо төр барьж байгаа хүмүүс маань тэр үеийн боловсрол, цаанаасаа өгсөн өгөгдлийнхөө дагуу зөв гэж үзээд байна л даа. Хичнээн ардчилагч гэж нэрлэх боловч буруу яваад байна.

Уул уурхайн компанийг төр өөртөө аваад хэн нэгний өмнөөс ажиллаад ашиг олж, түүнийг хуваарилах тухай яриад байгаа. Энэ бол хамгийн буруу жишиг юм.

Бизнес хийнэ гэдэг цаанаа асар их эрсдэлтэй байдаг. Тэрхүү эрсдэл, хариуцлагыг бизнес эрхлэгчид өөрсдөө хүлээдэг. Өмнөөс нь хэн нэгэн нөхөхгүй. Хэрвээ төр бизнес хийгээд алдагдалд орвол түүнийг юугаар нөхөх юм бэ.

Ард иргэдийн татварын орлого, эсвэл зээлээр нөхөж таарах байх даа?

-Тэгэхээр энэ буруу жишиг гэдэг нь тодорхой харагдаад байгаа биз. Оролцох оролцохгүй хүрээ хязгаараа сайтар тогтоох хэрэгтэй. Үүнийг эрх баригчид огтоос ойлгохгүй байна. Та нар зүгээр сууж бай, бид бизнес хийгээд ашиг орлого олоод “Эрдэнийн хувь” тараагаад өгье гэх юм. Ажил хийж амжилтад хүрэх гэсэн олны хүсэл тэмүүлэл, эрмэлзэл, санал санаачилга тэр бүгдийг Монголын төр ийнхүү тас цохиж байна. Төр бол хамгийн муу менежер гэдгийг бид бүгд мэдэж байгаа. Аль ч салбарт сайд дарга нар улс төрийн томилгоогоор очдогийг бид мэднэ.Тийм нөхөд нэгд мэргэжлийн бус байдаг. Хоёрт, салбараа мэддэггүй. Монголын төрийн энэ байдлыг энгийнээр тайлбарлаж, айл өрхийн амьдралаар жишээ авъя. Манайх дөрвөн хүүхэдтэй. Хүүхдүүддээ би “Та нар юу ч битгий хий, битгий сур.Аав ээж хоёр нь ажиллаад та нарыг тэжээнэ” гэж хэлье. Тэр өрх айл арван жилийн дараа, хорин жилийн дараа юу болох вэ. Ингэж өөрсдийнхөө үр хүүхдийг амьд үхдэл болгодог төр гэж байж болох уу. Бизнес эрхлэгчид гэдэг Монголын төр хэмээх их айлын хүүхдийнх нь нэг хэсэг мөн биз дээ. Гэтэл хүүхдүүдээ ашиг орлоготой ажиллаж, амжилт үзүүлэхэд дургүйцдэг, боловсрол эзэмшээд сайн сайхан явахад нь уурлаж ад үздэг аав ээж байдаг бил үү. Хувийн хэвшлийнхэн гадна, дотнын олон түнштэй болоод бизнес хийгээд гэр орноо аятайхан аваад явъя гэхээр уурлаад байх юм. Энэ байдлыг нь өөгшүүлээд, зөв гэж хэлж байгаа боловсролтой хүмүүс байна. Үүнд би их бухимддаг. Тэгэхээр нийгмийн сэтгэлзүйн инженерчлэл хийж, ийм зүйлийг бид өөрчлөх цаг болжээ. Ажиллаж, зүтгэж чин шударгаар хөдөлмөрлөсөн хүн амьдарна. Ажиллах дургүй залхуу нэг нь гудмандаа байна л биз. Түүний өмнөөс төр мөнгө барьж, ажилласан нэгнийх нь хөлсний хүчийг тэнцүү хуваах гэж гүйх хэрэггүй л байхгүй юу. Одоо бол сонгуулийн жил гээд улстөрчид бидон саваа бариад гүйж байна.Энэ байдал цаашид бүр чиг даамжрах нь мэдээж. Чи эрх баригч нөхрөөс бидон аваад сонголтоо хийсэн бол дараа нь гоншгонох хэрэггүй. Тэр бол чиний л сонголт.

Нийгэм хямралтай байна гэж байна. Үнэхээр хямарч байх шиг байна. Гэхдээ энэ бүгдийг зүрхнийхээ цохилтоор гэдэг шиг хамгийн түрүүнд мэдэрдэг хүмүүс бол баялаг бүтээгч, үнэт капитал бий болгогч та бүхэн. Нийгэм үнэхээр хямралтай байна уу. Үүнд ямар хариулт өгөх вэ?

-Орчин тодорхойгүй болохоор нийгэм хямралтай болдог. Хүн эргэн тойрондоо юу болоод байгааг ойлгохоо байгаад ирэхээр бухимддаг, хямардаг. Орчны өгөгдөл чинь тодорхой байх юм бол хувь хүний гаргах үйлдэл тодорхой. Хямраад байх шаардлагагүй. Монголд макро болоод микро орчны хүчин зүйл аль нь ч ойлгомжгүй байна. Та өглөө тогтмол суудаг автобусанд суугаад ажилдаа саадгүй очдог бол танд бухимдах зүйл гарахгүй. Гэтэл автобус чинь ирэхгүй, эсвэл чиглэл нь гэнэт өөрчлөгдөх юм уу, өөрөөс тань хамааралгүй зүйлүүд гараад ажлаасаа хоцроод эхэлбэл уур бухимдал төрнө биз дээ. Монголын нийгэм яг л ийм болчихоод байна. “Монгол Улс маань, нийслэл хот маань маргааш тийм байна” гээд хэлчих нэг ч эдийн засагч, судлаач байхгүй.Хэт тогтворгүй энэ нөхцөлд бид маргаашаа харж чадах боломжгүй болсон. Үүний гол гогцоо бол улс төр. Улс төрийн шийдвэрүүд, намуудын асуудал хэрээс хэтэрч байна. Арай дэндүү дураараа байна. Нэг улстөрч гарч ирээд нэг юм ярихад нийгэмд ямар сөрөг байдлыг бий болгож байна вэ. Монголын нийгмийг хэн ч удирдаж, яаж ч эргүүлж болохоор байгаа нь эмгэнэл. Эрх баригчдын нөлөөг яаж багасгах вэ гэж бодоход хүртэл хүргэж байна шүү дээ. Уул нь бид чинь нийлээд нэг зүг рүү явах учиртай. Нэг зүг рүү хараад хөдөлсөн бол яадах нь ээ, урагшилна биз дээ. Тэгвэл арав нь урагшаа зүтгээд, 20 нь хойшоо зүтгээд, бас нэг хэсэг нь хажуу тийшээ зүтгээд байхаар зүгээр л энерги, эрч хүч, тамираа барчихаж байгаа юм. Хүн бүрийн итгэл үнэмшлийг барж байна. За тэгээд хөрөнгө мөнгөө барж дууссан. Ийм ойлгомжгүй нөхцөл байдал хүн бүхнийг стресст оруулаад нийгмийг бухимдуулаад хямраачихаж байна. Өнөөдөр Монголд оюун санааны удирдагч гэж алга. Уриалан манлайлагч алга. Миний бие шилдэг эдийн засагч болоод лекц уншихдаа хэлж байсан. Улс орныг нэг л хүн, нэг удирдагч л хөгжүүлдэг гэж.

Таван жилийн дараа Монгол хаана байхыг хэн ч хэлж мэдэхгүй. Хаашаа харах гээд байгаагаа мэдэхгүй байна. Уулынхаа оройг хаана байгааг мэдэхгүй хэрнээ зүтгээд байгаа хүн шиг болчихжээ. Гэхдээ буугаад байна уу, өгсөөд байна уу гэдгээ ч мэдэхгүй.

Энэ бүх байдал төрийн ямар алдаанаас болов гэж та харж байна?

-Төр үүргээ буруу ухамсарлаад хувийн хэвшилтэйгээ өрсөлдөөд эхэлчихсэн. Жишээ нь төрийн орон сууцны корпораци байгуулаад яг адилхан бизнестэй өрсөлдсөн. Ингэж төр өөрийгөө санхүүжүүлээд зүтгэж байна. Хувийн хэвшлийнхэн хажууд нь өөрсдийнхөө хөрөнгөөр өөрсдөө барилгаа барьж байна. Төрийн компани дампуурвал хэн хариуцлагыг нь хүлээх юм. Төр хүлээнэ. Төр гэдэг чинь юу юм, эцсийн эцэст ард түмэн л байхгүй юу. Хувийн хэвшил бол өөрөө хүлээнэ. Төр ашиг олох субьект биш. Харин хувийн хэвшлийнхэндээ өгч түүнээс орсон татвар мөнгөөр бусад нийгмийн олон асуудлаа шийддэг тийм зүйл. Энэ хүндрэлээс хүмүүс нэг л зүйлийг ойлгоосой гэж хүсч байна. Хүмүүс байх ёстой газраа очоосой. Үндсэн үүрэг хариуцлагаа тал талдаа ухамсарлаасай. Улстөрчид нь улс төрийн шийдвэрээ гаргаад явдаг, баялаг бүтээгчид нь тодорхой хэвийн нөхцөлд ажлаа хийгээд, ажилчид нь ажлын байртайгаа л байгаасай гэж хүсэх минь.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *