Categories
мэдээ цаг-үе

Д.Амгаланбаатар: Аз жаргалын индекс дэлхий нийтэд дөрвөн хувиар буурсан

-Монголчуудын итгэл найдвар болон эдийн засагт итгэх индекс дэлхийн дунджаас бага гарсан ч аз жаргалын индекс дэлхийн дунджаас 15 хувиар өндөр гарчээ-

“MMCG” компанийн ерөнхий захирал Д.Амгаланбаатартай дэлхийн “Итгэл найдвар, аз жаргал, эдийн засгийн итгэлийн индекс 2015”-ын талаар ярилцлаа.

-“MMCG” компани байгуулагдаад хэдэн жил болж байна. Судалгаагаа олон улсын түвшинд хийдэг гэсэн?

-Манай компани 2002 онд байгуулагдсан. Монголын хамгийн анхны мэргэжлийн судалгааны компани. Энэ жил 14 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай улс 1990 онд шинэ нийгэмд шилжсэнээс хойш маркетингийн судалгаа хөгжиж эхэлсэн. Маркетингийн судалгаа, зөвлөх үйлчилгээ нь харьцангуй шинэ салбар учраас үнэндээ хөгжлийн хувьд нэлээд дорой байгаа. Монгол Улсад үүнийг дуурайгаад хөгжье гэх маркетинг судалгааны компани байхгүй учраас бид анх гадаадын судалгааны компаниудаас суралцах хэрэгтэй болсон. Тиймээс 2008 оноос бид гадаадын томоохон судалгааны компаниудтай хамтран ажиллаж судалгааны арга аргачлал, технологио цаг алдалгүй шинэчлэн, хөгжүүлж ирлээ.

Мөн олон нийтийн санаа бодол болон маркетингийн судалгааны олон улсын ISO 20252:2012 стандартыг 2012 онд Монгол Улсын Стандартчилал хэмжил зүйн газраар батлуулан үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна. ESOMAR гэх 1948 онд байгуулагдсан олон улсын судалгааны ёс зүйн стандартыг хангадаг байгууллага байдаг бөгөөд үүнд Монгол Улсаас шаардлага хангаж орсон цорын ганц компани бол манайх. Өөрөөр хэлбэл “MMCG” компанийн хийсэн судалгаа олон улсын стандартын дагуу явагдаж, үр дүн нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөхүйц болж байгаа юм.

-Маркетингийн судалгаа манай оронд хөгжлийн хувьд ямар шатандаа яваа вэ?

-Монголчууд бид хэдэн биенийгээ л өрсөлдөгч мэтээр хараад байдаг. Бид хэдэн биенээ хараад хөгжихгүй шүү дээ. Тиймээс эхний ээлжинд “Ази Номхон далайн маркетингийн судалгааны компаниудын холбоо”-нд 2013 онд ес дэх орноор нь элсэж орсон юм. Уг холбоонд Япон, Автрали, Шинэ Зеланд, Сингапур, Малайз, Хятад, Өмнөд Солонгос зэрэг өндөр хөгжилтэй орнууд орчихсон байдаг юм. Ингэхээр бид дэлхийн маркетингийн судалгааны чиг хандлага хаашаа явж байна вэ гэдгийг мэдэж түүнтэй нийцүүлэн хөгжих боломжтой болж байгаа юм. Манай компани Ази Номхон далайн өндөр хөгжилтэй орнуудын маркетингийн судалгаа, зөвлөх үйлчилгээний томоохон хурлыг 2017 оны есдүгээр сард Монголд зохион байгуулах эрхийг аваад байна. Тэр эрхээ өнгөрсөн жил Шинэ Зеландад очихдоо Тайвань, Сингапур улсуудтай өрсөлдөж авсан. Энэ маань Монгол Улсын маркетингийн судалгааны хөгжилд оруулж байгаа том хувь нэмэр болов уу гэж бодож байгаа.

-Дэлхийд хамгийн сайн маркетингийн судалгаа хийдэг ямар орон байдаг вэ?

-Дэлхий дээр байдаг хамгийн том 25 судалгааны компанийг харахад топ зургаан оронд хуваагддаг юм. Ихэнх нь буюу 13 нь Америкийн судалгааны компаниуд байдаг. Английн дөрвөн компани, Франц, Японы тус бүр гурван компани, Австрали, Бразилийн тус бүр нэг компани дэлхийн хамгийн том 25 компанид багтдаг. Хамгийн өндөр хөгжилтэй орнууд том судалгааны компанитай байдаг. Тэгж байж бүтээгдэхүүнүүд нь дэлхийд танигдсан брэнд болж зах зээл дээр тархдаг. Шударгаар хэлэхэд судалгааны байгууллага нь хөгжөөгүй улсууд ихэнхдээ ядуу буурай орнууд байдаг.

-“MMCG” компани шинэ оны өмнө “Дэлхийн топ удирдагчдын рейтинг”-ийн үр дүнг олон нийтэд зарласан. Харин одоо “Итгэл найдвар, аз жаргал, эдийн засгийн итгэлийн индекс 2015”-ыг гаргажээ.Энэ удаагийн судалгаанд хэдэн улс хамрагдсан бэ?

-Би 2015 оны аравдугаар сард “Win/Gallup interna­tional” хэмээх маркетингийн болон олон нийтийн санаа бодлын судалгааны дэлхийн тэргүүлэгч эвслийн гишүүн болсон. Тэгээд анх удаагаа “Дэлхийн топ удирдагчдын рейтинг”-ийг танилцуулсан. “Win/Gallup international” нь 1947 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн газар нутгийн 95 хувийг хамарсан, 76 орны судалгааны топ компаниудаас бүрддэг. Нэг орноос маркетингийн судалгааны олон улсын стандартыг хангасан нэг л компанийг элсүүлдэг юм. Энэ холбоонд нэгдсэнээр дэлхий даяар хийгдэж байгаа чухал судалгаануудад манай улсын иргэдийн дуу хоолой хүрэх боломжтой болж байна. Энэ нь Монгол Улсын хувьд бид дэлхийд хаана нь яваад байна вэ гэдгийг харах боломж нь нээгдэж байгаа хэрэг.

“Итгэл найдвар, аз жаргал, эдийн засгийн итгэлийн индекс 2015”-д 68 орон хамрагдсан байгаа. Тухайн орны газар нутгийн хэмжээ, хүн амаас хамаарч нэг улсаас 400-2000 хүн судалгаанд хамрагдсан бөгөөд нийтдээ 68 орны 66,000 хүн судалгаанд хамрагдсан байна. Монгол Улсын хувьд 21 аймаг болон нийслэл хотоос нийт 1000 хүн уг судалгаанд хамрагдаж санал бодлоо илэрхийлсэн.

-Аз жаргалын индексээр манай улс нэлээд дээгүүрт байгаа гэсэн үү?

-Арванхоёрдугаар сарын 31-нд “Итгэл найдвар, аз жаргал, эдийн засгийн индекс 2015” судалгааны үр дүнг цацсан. Үүнд манай улс Аз жаргалын индексээр дэлхийн 68 орноос 13 дугаарт эрэмбэлэгдсэн байна. Колумб улс аз жаргалын индексээр нэгдүгээр байрт орсон буюу 85 хувь нь аз жаргалтай байна гэж хариулсан байгаа юм. Колумб өөрөө Өмнөд Америкийн улс шүү дээ. Тэнд хар тамхины наймаа цэцэглэсэн. Хүн амины гэмт хэрэг гаралтаараа дэлхийд номер нэг улс. Нэг нэгнийгээ буудах нь энүүхэнд. Гэтэл тэр улс яагаад аз жаргалтай байна вэ. Үүнийг тайлбарлахад хэцүү. Хүн өөрөө өөрийгөө төсөөллөөр тодорхойлж гаргаж байгаа хэрэг. Энэ судалгаа төсөөллийн судалгаа учраас би аз жаргалгүй байсан ч аз жаргалтай байна гэж хариулж болно. Харин хамгийн аз жаргалгүй улсаар Ирак улс гарсан байна. Өндөр хөгжилтэй орнуудаас Франц улс 59 дүгээрт орж байгаа юм. Магадгүй францчууд одоо байгаадаа ханадаггүй байж болно. Өөрөөр хэлбэл Африкийн нэг иргэн хоногийн хоолтой байхдаа аз жаргалтай байгаа бол Францын нэг иргэн харьцангуй хүлээлт өндөртэй байж болох юм.

-Аз жаргалын индексийг хэзээнээс тооцож эхэлсэн бэ. Юугаар нь аз жаргалтай гэж үзээд байгаа юм бэ?

-Анх 1978 онд Бутан гээд хаант засаглалтай, далайд гарцгүй, газар нутгийн хувьд жижиг улс байсан. Бутан улсын хаан ард иргэдээ хэрхэн амьдарч байгааг харахын тулд үндэсний аз жаргалын индексээ тооцож эхэлсэн байгаа юм. Үүнээс хойш аз жаргалын индексийг дэлхийн олон улс гаргадаг болсон. Хүн болгоны хувьд аз жаргал гэдэг өөр үзүүлэлт шүү дээ. Миний хувьд аз жаргал гэдэг гэр бүлийнхэнтэйгээ эрүүл энх, хэрүүлгүй, өмсөх хувцастай байхыг хэлнэ. Зарим хүмүүс арван давхар байшинтай, найман машинтай, хадгаламжиндаа 100 сая доллартай байвал аз жаргал гэж үзэж болно. Хүмүүсийн төсөөлөл нь өөр өөр байна. Монголчуудын хувьд итгэл найдвар болон эдийн засагт итгэх индекс дэлхийн дунджаас бага гарсан ч аз жаргалын индекс дэлхийн дунджаас 15 хувиар өндөр гарчээ. “Амны билгээс ашдын билэг” гэдэг шиг монголчуудын хувьд эдийн засагт итгэх итгэл, ирэх оны итгэл найдвар бага байгаа хэдий ч өөрийн амьдралыг аз жаргалтай байна гэж үзэж байна.

-Аз жаргалын индекс өндөр байгаа нь шинэ жилийн баяртай холбоотой гэж байсан үнэн үү?

-Үгүй. Мэдээлэл цуглуулалтаа дэлхий даяар есдүгээр сарын 15-наас арваннэгдүгээр сарын 15-ны хооронд цуглуулсан. Энэ судалгаа шинэ жилийн баяртай ямар ч холбоогүй. Мэдээлэл цацаж байгаа нь л шинэ жилийн үеэр таарч байгаа юм.

-Аз жаргалын индекс дэлхий нийтэд буурч уу, нэмэгдэж үү?

-Аз жаргалын индекс дэлхий нийтэд дөрвөн хувиар буурсан байна лээ. Өнгөрсөн 2014 онд 70 хувь нь өөрсдийгөө аз жаргалтай гэж үзэж байсан юм билээ. Энэ жил дэлхий нийтээрээ 66 хувь болж буурсан байна.

-Итгэл найдварын индексийн хувьд ямар байв?

-“2015 он 2016 онтой харьцуулахад сайжрах уу, муудах уу” гэж асуусан. Монголчуудын 37 хувь нь сайжирна, 25 хувь нь муудна, 37 хувь нь байгаагаараа хэвээрээ байна, нэг хувь мэдэхгүй гэж хариулжээ. Бид энэ үзүүлэлтээр 68 орноос 36 дугаар байрт орсон. Аз жаргалтай гээд байсан хүмүүс ирээдүйдээ итгэл багатай байгаа дүр зурагтай байна. Харин хамгийн өндөр итгэл найдвартай улсаар Бангладеш улс орсон. Араас нь Хятад, Нигер улсууд эрэмбэлэгджээ. Хамгийн бага найдвар тавьж байгаа орноор Итали, Ирак, Грек улсууд орж байна.

-Эдийн засагт итгэх итгэлийн индекс яаж гарав?

-“2016 оны эдийн засгийн нөхцөл байдал 2015 онтой харьцуулахад сайжрах уу, муудах уу” гэсэн асуулттай байлаа. Энэ судалгаанд манай улс 68 улсаас 55 дугаарт орсон. Судалгаагаар манай улс энэ жилийн эдийн засгийн итгэл найдвар муу байна гэж гарлаа. Судалгаанд хамрагдсан арван хүний хоёр нь энэ жил эдийн засаг сайжирна гэж хариулжээ. Харин тав нь муудна, гурав нь хэвэндээ байна гэсэн.

Эдийн засаг сэргэнэ гэж үзэж байгаа улсад Нигер хамгийн их итгэл найдвартайгаар гарсан. Байгалийн хий, баялаг ихтэй улс мөртлөө хамгийн ядуу орон. Гэтэл энэ улс эдийн засаг сайжрахад хамгийн өндөр итгэлтэй байна гэж гарсан. Араас нь Бангладеш улс орсон байна. Эдийн засаг сэргэхэд итгэлгүй байгаа улсад Грек, Автри, Итали зэрэг улсууд эрэмбэлэгджээ. Үүнээс харахад өндөр хөгжилтэй орнуудын хүлээлт өөр байх шиг байгаа юм.

-Танай компани судалгаагаа утсаар авдаг юм байна. Хүмүүс хэр идэвхтэй хариулдаг вэ?

-Төвөгшөөхгүй хариулчихна. Манайхны нийгмийн идэвх оролцоо нь харьцангуй сайн болчихсон шүү. Ялангуяа манай орон нутгийн хэрэглэгч нар сайн хариулдаг. Ер нь манай компанийн утсаар судалгаа авдаг төв маань хамгийн сүүлийн үеийн технологи дээр суурилагдсан. Манай судалгаа авдаг операторууд маань өндөр түвшинд сургагдаж бэлтгэгдсэн байдаг.

-Энэ судалгааг гаргахаар хүмүүсийн сэтгэл зүйд яаж нөлөөлөх бол?

-Олон талаар нөлөөлнө л дөө. Магадгүй бизнес эрхэлдэг хүн эдийн засгийн өсөлт сайн байна гэсэн итгэл найдвартай байвал мөнгөө дэрэн доороо нуугаад байхгүй зах зээлд оруулъя гэж төлөвлөж болох юм. Мөн ард иргэд нь эдийн засгаа сэргэнэ гэж харж, хүлээж байгаа оронд гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх ч магадлалтай. Тэгэхээр үүнийг хүмүүс ямар ч өнцгөөс харж, тайлбарлаж болох юм.

-Ирэх сард ямар судалгааг танилцуулах вэ?

-“Win/Gallup international”-ээс юу танилцуулах талаар одоогоор мэдээлэл өгөөгүй байна. Гэхдээ олон сонирхолтой үр дүнг хүлээгдэж байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *