Categories
мэдээ нийгэм

Өсвөр насны хүүхэд хар тамхины хэрэгт холбогдов

Сүүлийн жилүүдэд манай урлаг, соёлын олны танил эрхмүүд хар тамхи хэрэглэж, арга хэмжээ авахуулсан тухай хэвлэлүүд байнга мэдээлж, нийгэмд анхааруулсаар байгаа. Гэтэл өсвөр насны залуус хүндэлдэг дуучид, жүжигчдээсээ буруу үлгэр дуурайлал авч хар тамхи хэмээх чимээгүй тахалд өртөх явдал газар авсаар байгаад хууль хяналтын байгууллагынхны санаааг зовоосон асуудал болжээ. Нөгөөтэйгүүр насанд хүрээгүй хүүхдүүд бие биедээ уруу татагдан мансууруулах бодис хэрэглэж үзсэнээр энэхүү аюулт зандалчны бүрэн хараат болж буй нь аюултай.

Насанд хүрээгүй, хуулийн хариуцлага хүлээх чадваргүй, өсвөр насны хүүхэд хар тамхины хэрэгт холбогдсон тухай таагүй мэдээллийг Нийслэлийн цагдаагийн байгууллагаас дуулгалаа. Эх сурвалжийн мэдээлснээр, хар тамхины хэрэгт холбогдсон бүлэг этгээдүүдийг илрүүлэн шалгах явцад дээрх насанд хүрээгүй хүүхэд мөн холбоотой нь илэрчээ. Түүнийг батлан даалтад гаргаж, гадуур байцааж буй гэнэ.

Мөн оны өмнөхөн Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтэс “Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчид хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглээд байна” гэх мэдээллийн дагуу шалгалт хийжээ. Гэтэл ахлах ангийн сурагч Г, Т, Х нар нь мансууруулах үйлчилгээтэй ургамлын төрөлд орох каннабисыг хууль бусаар олж авч, хадгалан, хэрэглэж байсныг тогтоосон байдаг. 17-18 насны дээрх сурагчдад Эрүүгийн хуулийн 192-р зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Нийслэлийн эрүүл мэндийн газар 2008 оноос хар тамхины хэрэглээ рүү анхаарал хандуулж, 2009-2013 онд хэд хэдэн судалгаа хийжээ. Өөрөөр хэлбэл, нийслэлийн ерөнхий боловсрол, их, дээд сургуулийн өсвөр үеийн залуучуудын дунд хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ байгаа эсэхийг судалж, судалгаанд 32 сургуулийн 2232 хүүхдийг хамруулжээ. Өөрөөр хэлбэл, хотын төв, захын болон гэр хорооллын, улсын, хувийн зэрэг сургуулиас төлөөлөл оролцуулж санамсаргүй түүврийн аргаар судалгаа хийхэд нийт судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 2.7 хувь нь хар тамхи хэрэглэж үзсэн гэсэн дүн гарсан байна. Мөн 400 гаруй хүүхдэд хар тамхи хэрэглэж үзэх санал ирсэн байсан аж. Хэрэглэж үзсэн хүүхдүүдийн дийлэнх нь сонирхож, санамсаргүй, саваагүй, бусдыг дуурайх байдлаар хэрэглэсэн гэсэн дүн гарчээ. Архинд донтсон хүн хамаг эд хөрөнгөө зарж үрдэг. Гэтэл мансууралт, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нь архинаас 60 дахин их донтох байдал үүсгэдэг учраас санхүүгийн хувьд ч асар их хор хохирол учруулдаг байна. Хар тамхинд хордсон, донтсон хүн зан авирын хувьд өөрчлөгдөж, хэн ч биш болж хувирдаг. Хүнийг хайрлах, хүндлэх сэтгэл гэж байхгүй. Тухайн хорт бодисыг авч хэрэглэхийн төлөө юу ч хийхээс буцахгүй болдгийг эмч мэргэжилтнүүд анхааруулсаар байна.Иймд өсвөр насны хүүхдүүдийг хар тамхинд донтуулахгүйн тулд эцэг, эхчүүдийн үүрэг оролцоо маш чухал болохыг цагдаагийнхан онцлов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *