Categories
мэдээ нийгэм

Гудамж замын халтиргааг багасгах зорилгоор шалгалт хийнэ

Замын халтиргаа гулгааны улмаас унаж бэртэх тохиолдол их байгаа тул бууруулах зорилгоор Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хэсгээр шалгалт хийхээр болжээ. Шалгалтыг өнөөдрөөс эхлэн таван хоногийн турш явуулах аж.

Шалгалтаар аж ахуйн нэгж, байгууллагууд нь өөрийн эзэмшил талбай, түүнээс гадна орчны 50 м хүртэлх талбайн хог цэвэрлэгээ, цас мөсөө тогтмол арилгаж, хальтиргаа гулгаа үүсгэхгүй байх арга хэмжээг авч байгаа эсэх, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газраас олон нийтийн байцаагч нарыг ажиллуулж, дээрх журмын хэрэгжилтэд хяналт тавьсан байдал, илрүүлсэн зөрчил, тэдгээрийг арилгуулж, шийдвэрлүүлсэн байдал, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ, дүүргүүдийн Тохижилт, цэвэрлэгээний байгууллагууд нь хариуцсан гудамж, зам, талбайн цас цэвэрлэгээг шуурхай цэвэрлэж, үүссэн халтиргааг арилгасан байдал, орон сууц, гэр хорооллын доторх зам талбайн цас мөсийг арилгах ажлыг хэрхэн гүйцэтгэж буй байдалтай газар дээр нь танилцах юм байна.

Мөн тус ажлын хэсгээс халтиргаа, гулгаа ихтэй, цэвэрлэгээ хангалтгүй байгаа гудамж, талбайн судалгааг дүүрэг, цэвэрлэгээ үйлчилгээг хариуцагч байгууллага бүрээр гарган, зурагжуулж баримтжуулах юм. Түүнчлэн цас ихээр орсон үед нийтийн эзэмшлийн талбайн цас мөс цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэх хүн хүч, машин техник, багаж хэрэгслийн хүрэлцээ, бэлэн байдал бүрдсэн эсэхийг шалган тоон судалгаа хийж, үнэлгээ өгч зөрчил дутагдал гаргасан албан тушаалтан, байгууллага, аж ахуйн нэгж иргэдэд хариуцлага хүлээлгэх талаар нийслэлийн удирдлагад танилцуулахаар болжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *