Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг нэгдүгээр сарын 06-24 хооронд зохион байгуулна. Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 2016 оны бүртгэлийн ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсэг дүүргүүдийн Засаг дарга нарт дараах ажлыг үүрэг болгосон юм. Үүнд:
- Дүүрэг, хороодод цэргийн бүртгэлийн ажлыг хүн амын тоо бүртгэлтэй нягт уялдуулан зохион байгуулж, гишүүдийн ажил үүргийн хуваарийг тогтоон, бүртгэл явуулахад шаардлагатай автомашин, ажлын байр, хүн хүчийг гарган ажиллуулах
- Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг Засаг захиргааны анхан шатны нэгж, хороон дээр төвлөрүүлэн зохион байгуулж, албан тушаалтнуудад холбогдох хууль тогтоомж, цэргийн тоо бүртгэлийг зохион байгуулах журмын талаар сургалт, семинар зохион байгуулж, шаардлагатай гарын авлага, материалаар ханган, тоо бүртгэлийн ажилд хяналт тавин ажиллах
- Цэргийн тоо бүртгэлийг зохион байгуулахтай холбогдуулан иргэд, цэргийн үүрэгтнүүдэд Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, бусад холбогдох хууль, эрх зүйн баримт бичгүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, тайлбарлан таниулах ажлыг шуурхай зохион байгуулах
- Тоо бүртгэлээс зайлсхийгчид, завсардагчдыг эрэн сурвалжилж, бүртгэлд хамруулах ажилд цагдаагийн байгууллага, иргэний бүртгэл мэдээллийн ажилтнууд болон холбогдох албан тушаалтнуудыг татан оролцуулж, тоо бүртгэлийн журам зөрчигчдөд хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллах
- Дүүргүүд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг явуулсан тухай мэдээ, тайлан, судалгааг 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн дотор Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 2016 оны бүртгэлийн ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн Ажлын хэсэгт ирүүлэх
Цэргийн тоо бүртгэлийн явц, чанар, цэргийн үүрэгтнүүдийн хамралтад хяналт тавин ажиллаж, 2016 оны хоёрдугаар сарын 01-ний өдрийн дотор мэдээ, судалгаа, тайланг нэгтгэн танилцуулж, Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчний Жанжин штабт хүргүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт даалгавгэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.