Categories
мэдээ спорт

Шилдэг цэвэр ялалт авсан жудочоор Н.Дагвасүрэн тодорчээ

Монголын жүдо бөхийн холбооноос Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчдынхаа энэ онд үзүүлсэн нийт барилдаануудаас санал хурааж, шилдэг цэвэр ялалт үзүүлсэн жудочийг шалгаруулжээ. Үзэгчдийн саналаар “Ippon trophy”-ийн эзнээр Н.Дагвасүрэн тодорсон байна.

Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчдынхаа энэ онд үзүүлсэн нийт барилдаануудаас дараах арван барилдааныг “Тор-10”-аар сонгож санал хураасан юм.

1.Гавьяат тамирчин Дашдаваагийн Амартүвшин /Төв аймгийн Угтаалцайдам сум, “Хилчин” спорт хороо, “Женко” клуб, Багануур ХХК, /
-Парисын Их дуулга тэмцээний хүрэл медалийн төлөө Нидерландын бөх Жерүн Мүренийг ялсан барилдаан.

2.ОУХМ Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа /Өвөрхангай аймаг Богд сум, “Хүч” спорт хороо, “Ажнай” дэвжээний бөх/
-“Астана-2015” багийн ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Германы багийн дэлхийн чансааны №3 Мартина Трейдосыг цэвэр ялсан барилдаан.

3.ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар /Баянхонгор аймаг Хүрээмарал сум, ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо/
-“Чингис Хаан” Гран При тэмцээнд олимпийн наадмын тавдугаар байрын шагналт Францын Софиан Милоуг ялсан барилдаан.

4.ОУХМ Лхагвасүрэнгийн Отгонбаатар /Архангай аймаг Батцэнгэл сум, ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо/
-Дэлхийн жүдо бөхийн ертөнцөд “аюултай монгол” хэмээн нэрлэгдэж эхэлсэн Л.Отгонбаатарын олон улсын тэмцээний анхны түрүүгээ Улаанбаатарын Гран Прид авсан барилдаан.

5.Гавьяат тамирчин Сайнжаргалын Ням-Очир /Увс аймгийн Тэс сум, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” спорт хороо/,
-Гавьяат тамирчин С.Ням-Очир олимп, дэлхийн медальтан болох замдаа Астанагийн татамид дээр Тажикстаны бөхийг гуравдугаар тойрогтоо цэвэр ялсан барилдаан.

6.ОУХМ Нямсүрэнгийн Дагвасүрэн /Завхан аймаг Алдархаан сум, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” спорт хороо/
-ОУХМ Н.Дагвасүрэн Гүржийн алдарт бөх А.Црикишвилиг Тбилист шүтэн бишрэгчдийнх нь өмнө цэвэр ялсан барилдаан.

7.ОУХМ Цэнд-Аюушын Цэрэннадмид /Хөвсгөл аймгийн Галт сум, “Хүч” спорт хороо, “Женко” клуб/
-Улаанбаатарын Гран Прид түрүүлэх замдаа Францын бөхийг ялсан барилдаан.

8.Гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа /Өвөрхангай аймгийн Хархорин сум, “Хүч” спорт хороо/
-Гавьяат тамирчин М.Бундмаа ДАШТ-ий хоёрдугаар тойрогт БНСУ-ын бөхийг цэвэр ялсан барилдаан.

9.ОУХМ Даваадоржийн Төмөрхүлэг /Өвөрхангай аймгийн Нарийнтээл сум, “Хилчин” спорт хороо, “Женко” клуб/
-Улаанбаатарын Гран Пригийн шилдэг барилдаануудын нэг. Вазари үнэлгээгээр хожигдож явсан Д.Төмөрхүлэг барилдааны мэдрэмжээ харуулсан билээ.

10.ОУХМ Ганбаатарын Одбаяр /Баянхонгор аймгийн Өлзийт сум, “Женко” клуб/
-Дэлхийн чансааг жилийн турш тэргүүлж буй Азербайжаны Рустам Оружовыг ОУХМ Г.Одбаяр цэвэр савжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *