Categories
мэдээ соёл-урлаг

Арван жилийн дараа дахин амилсан “Оддын дайн”

Алдарт “Оддын дайн” киног үзээгүй, ядаж нэрийг нь дуулаагүй хүн үгүй биз ээ. Энэхүү цуврал кино нь дэлхийн бүх цаг үеийн шилдэг арван киноны жагсаалтад багтдаг. Тус алдарт уран бүтээлийн сүүлчийн долдугаар анги арванхоёрдугаар сарын 18-ны өдөр дуулиантайгаар нээлтээ хийлээ. Зургадугаар цувралаас хойш арван жилийн дараа “Хүч сэлбэсэн нь” нэртэйгээр гарч буй энэхүү анги зураг авалтаа хийж эхлэхээсээ өмнө л киноны хорхойтнууд, үзэгчдийн дунд дуулиан дэгдээж, 2015 оны хамгийн их хүлээлт үүсгэсэн киногоор тодроод байсан юм. Америкт л гэхэд “Оддын дайн” цувралын хорхойтнууд долдугаар ангийг үзэх гэж нээлт эхлэхээс хэд хоногийн өмнөөс кино театруудын гадна урт дараалал үүсгэн, зарим театрын өмнө майхан сууц барин хүлээжээ. Лос-Анжелос хотын “Хятад” кино театрын хашаанд аятайхан суудалтай тасалбар олж авахын тулд хэдэн зуун хүн цугласан хэмээн мэдээлж байв. Сүүлчийн анги нь мөн л өмнөх ангиудтайгаа адил шуугиан дэгдээж, гарсан даруйдаа бокс оффисийн рекордыг эвджээ.

“Оддын дайн”-ы долдугаар анги болох “Хүч сэлбэсэн нь” анги нь 1980 онд нээлтээ хийсэн “Жеди эргэж ирсэн” нь хоёрдугаар ангийн үргэлжлэл бөгөөд 30 жилийн дараахь үйл явдлыг гаргаж байгаагаараа онцлог. Тус цуврал киноны эхний зургаан ангийн зохиол, найруулгыг нэрт найруулагч зөгнөлт киногоороо алдаршсан Жорж Лукас бичсэн юм. Харин долдугаар ангийн найруулагчаар Жи.Абрамс ажилласан бөгөөд кино зохиолыг Лауренс Касдан бичжээ. Дүрүүдийн тухайд өмнөх ангиудад тоглосон жүжигчдээс Харрисон Форд, Карри Фишер, Марк Хамилл нар тоглосны зэрэгцээ шинээр олон жүжигчин нэмэгдсэн байна.

Киноны урлагт томоохон орон зай эзэлж, түүхийг бүтээлцэж яваа “Оддын дайн” киноны анхны цувралыг Америкийн кино найруулагч Жорж Лукас одоогоос 38 жилийн өмнө буюу 1977 онд бичиж, найруулан үзэгчдийн хүртээл болгож байсан юм. Багын уралдааны машинд хоббитой байсан тэрбээр эл киноноос өмнө “Америкийн Граффити” киногоороо шинэхэн нэр алдрыг хүртээд байв. Харин “Оддын дайн” киног үзэгчдийн хүртээл болгосноор тэрбээр дэлхийн хамгийн нэр нөлөө бүхий найруулагчдын жагсаалтад албан ёсоор орж чадсан билээ. Энэхүү бүтээл түүний хамгийн анхны агуу бүтээл. Түүнээс хойш тэрбээр “Индиана Жонс”, зэрэг алдартай кино зохиолууд найруулан тавьсан ч “Оддын дайн”-тай эн тэнцэхүйц амжилтыг хараахан үзүүлээгүй юм.

Жорж Лукасын амьдрал “Оддын дайн” киног хийхээс өмнө тийм ч сайхан байсангүй. Татвар, өр зээлэндээ баригдсан тэрбээр “Америкийн Граффити” киноныхоо дараагаар өрөө дарж гүйцсэн ч эхнэрийнхээ багахан цалингаар л амьдралаа болгож байжээ. Тэрбээр бүхий л найдвараа урт хугацааны турш боловсруулсан “Оддын дайн” кинонд тавиад байв. Гэвч зөгнөлт, хүүхдийн зохиолын төрөлд багтсан энэхүү киног нь найз нөхөд болон зөвлөгчид “Чи галзуурчээ” хэмээн дүгнэжээ. Санал тавьсан хоёр ч студи нь татгалзсан хариу өгөөд байж. Ингээд эцсийн найдвар тавин “Хорьдугаар зуун фокс” кино компани дээр очиход азаар тэд зөвшөөрсөн хариу өгчээ. Ийнхүү “Оддын дайн” нь түүнд 3.9 тэрбум долларын ашиг болон алдар хүнд авчирчээ. Тэрбээр хожим “Хэрвээ “Хорьдугаар зуун фокс” зөвшөөрөөгүй бол би хар ажил л хийх байсан байх даа” хэмээн дурсан ярьсан байдаг.

Тус киноны хоёрдугаар анги нь 1980 онд “Жеди эргэж ирсэн нь” нэртэйгээр гарч байсан бол 1983 онд “Эзэнт улс руу довтолсон нь”, “Сүнсний түрэмгийлэл” зэрэг ангиуд гарч тус бүрнээ ашиг орлогоороо тэргүүлж байв. Улмаар 1999-2005 онуудад дараагийн ангиуд нь гарсан билээ. Мөн эл зохиолоор нь хийсэн хоёр, гурван хүүхэлдэйн кино болон сонирхогчдын кино ч гарсан байдаг.

“Оддын дайн” киноны сонирхолтой түүх, баримтаас:

*“Оддын дайн” киноны тулааны хэсгийн дуу авиа, сансрын хөлгүүдийн хөдөлгүүрийн дуу авиаг гаргахын тулд олон зүйлээс дуу оруулсан байдаг. Тухайлбал, “TIE” хөлгийн хөдөлгүүр асч байгааг зааны дуугаар гаргажээ.

*Нэрт кино найруулагч, зохиолч Стивен Спилберг энэхүү киног хэдэн хувийн ашиг орлого олох талаар найруулагч Жорж Лукастай мөрийцөж байжээ.

*“Оддын дайн” киноны зураг авалтыг хийхийн тулд сансрын хөлөг, од гариг эрхсийг илэрхийлсэн олон дуураймал жижиг байгууламжийг барьжээ. Түүний нэг хэсэг болох жаалхүү Энакен Скайуокерын төрөлх нутаг “Татиун” хэмээх элсэрхэг гаригийн жижиг загварыг Тунисын элсэн цөлд босгосон байна. Скайуокерын амьдардаг хотын шавар байшингууд одоо ч тэнд хэвээрээ байдаг бөгөөд киноны шүтэн бишрэгчдэд зориулж хадгалан үлдээжээ.

*Киноны 1-3 дугаар ангиудын зургийг ч Тунист байдаг берберчүүдийн 1500 жилийн настай агуйн хот Матмат болон Эль-Джерид хэмээх хужрын орд, Нефта хотын ойролцоох баян бүрд зэрэг газруудад авчээ. Дөрөвдүгээр эпизодод гардаг босогчдын баазыг Хойд Гватемалд орших майяачуудын 2500 жилийн настай Тикаль нэртэй сүмийн балгасанд авсан байна.

*Набу гаригийн хатан хаан Падма Амидалагийн хувцас хэрэглэл, толгойн гоёл, нүүр будалт зэрэг нь монгол хатны хувцас хэрэглэлээс хуулбарласан гэмээр адилхан байдаг. Гэхдээ түүнийг монгол үндэсний хувцаснаас хуулбарласан гэх баталгаа байдаггүй юм.

*Тус кинонд Веж Антиллегийн дүрийг бүтээдэг жүжигчин Денис Лоусон нь Холливуудын од Эван Макгрегорын нагац ах юм. Дашрамд дурдахад Эван Макгрегор 2004 онд Монгол Улсад зочлохдоо “Жамъян” хэмээх монгол охин өргөн авч байсан.

*Киноны Жидай дайчин “Luke skywalker”-ийн нэрийг “Luke Starkiller” хэмээн нэрлэх гэж байжээ.

*Кинон дээр гардаг Грийдо омгийнхны хэлийг Өмнөд Америкийн нэгэн жижиг аймгийн хэлэн дээр тулгуурлан зохиосон бол Жава омгийнхны хэл зулу хэлэн дээр тулгуурлан зохиожээ.

*Мастер Йода нь энэ кино туульсын сайн талын ганц баатар нь. Намхан бие, жижигхэн чихү үлгэрийн баатрынх шиг гадаад төрх нь үзэгчдийн сэтгэлд их нийцдэг. Тэгвэл Йодад анх баг өмсгөсөн сургуулилттай сармагчинг тоглуулж байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *