Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: П.Төмөртогтох Монголын кино урлагт хийсэн юмтай, хэлэх үгтэй хүн

БЗД-ийн XVI хорооны иргэн С.Гямнансүрэн

Өвөрхангай аймгийн Гучин Ус сумын унаган хүү Пүрэвийн Төмөртогтохыг 1962 онд тэр үеийн ЗХУ-ын Санкт-Петербург хотын Кино телевизийн дээд сургуулийг дүүргэж ирэхэд нь Соёлын яам мэргэжлийнх нь дагуу Монгол кино үйлдвэрт дууны цехийн дарга ахлах инженерээр авч улмаар 1970 онд дэвшүүлж, үйлдвэрт нь ерөнхий инженерээр тус тус томилон ажиллуулсан бөгөөд энэхүү албыг 20 гаруй жил хашсан билээ. Ерөнхий инженерийн албыг хэрхэн гүйцэтгэхээс үйлдвэрийн хувь заяа шалтгаална гэдгийг тэр ухамсарлаж байв. Орчин үеийн техник тоног төхөөрөмж технологийн өөрчлөлт хийхийн тулд гадаад валютын хөрөнгө оруулалтыг дээд байгууллагаар шийдвэрлүүлэх ярвигтай асуудал түүний өмнө тулгарчээ. Тухайн үед социалист орнуудад үйлдвэрлэдэггүй тоног төхөөрөмж, материалыг чөлөөт валютаар худалдан авах хөрөнгийн эх үүсвэрийг шийдүүлэхэд заавал Сайд нарын зөвлөлийн тогтоол гаргадаг байж. Соёлын яамнаас холбогдох дээд байгууллагад явуулах албан бичиг захиалгыг тэрбээр гардан боловсруулж, сайд дарга нарт биечлэн танилцуулж, учирлан ойлгуулж, уйгагүй хөөцөлдсөний үр дүнд Сайд нарын зөвлөлийн шийдвэр гаргуулж чадсан юм. Үүний үндсэн дээр ЗХУ,Швейцарь, Англи, ХБНГУ, Чехсловак зэрэг улс орнуудаас киноны сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг жил бүрийн төлөвлөгөөнд захиалан авч, техник технологийн дэвшилд хүрч, улмаар үйлдвэрийн хоёрдугаар өргөтгөлийн барилгыг ашиглалтад бүрэн оруулсан байна. Монголкино үйлдвэр 1986 он гэхэд хүчин чадлаа дүүрэн ашиглаж, хөгжлийнхөө оргилд хүрч, жилдээ 16,2 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, байсан юм. Мөн үйлдвэрийн гуравдугаар өргөтгөлийн техник эдийн засгийн үндэслэлийг 1987-1990 онд боловсруулж бэлэн болгосон. Тэрбээр өдгөө тэтгэвэртээ гарч 75 насны сүүдэр зооглосон ч мэдлэг туршлагаа залуу үедээ өвлүүлэхээр Кино урлагийн сургуулиудад багшилсаар явна. Түүний “Кино миний хувь тавилан” ном нь Монголкино үйлдвэрийн 50 шахам жилийн хөгжил цэцэглэлт, түүхийг гэрчлэх баримт мөн. Түүнтэй олон жил хамт ажилласан хамт олон, мэргэжлийн олон нөхөр нь түүнийг киноны салбараас “Соёлын гавьяат зүтгэлтэн” болох ёстой хүн шүү гэж ярьж бичиж байдаг юм билээ.

Хэлэх эрхийн индэрт оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 95260351 дугаарын утсаар холбоо барина уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *