Categories
мэдээ нийгэм

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Инээмтгий хүн”

Виктор Гюгогийн романууд маш хурц тод зөрчлөөр дүүрэн, бүр сэтгэлд сэвтэй ч гэмээр байдгаараа онцлог. “Парисын дарь эхийн сүм”-ийн бөгтөр Квазимодо, үзэсгэлэнт Эсмеральда нарын гунигт амьдрал, “Шоовдор хүмүүс”-ийн Фантений дүрийг санах бүр гуниг төрмөөр шүү. Францад 1800 онд амьдарч байсан энэ зохиолчийн XVII зууны Англи улсын талаар бичсэн “Инээмтгий хүн” роман бүр ч эрс тэрс зөрчилтэй. Хадан цохиогоор нууцлагдсан далайн буланд хэдэн хүн харуй бүрийтэй уралдан усан онгоцонд бараа зөөж буйгаар үйл явдал эхэлнэ. Тэдгээр эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн дунд арав орчим настай нэгэн хүү байх бөгөөд чадлынхаа хэрээр хөдлөх авч хэн ч санаа тавьж энэрч, хайхрахгүй байгаагаас үзэхэд өнчин гэдэг нь илт. Далайд гарахдаа хөлөг онгоц эргийг холбож байсан хөндлөвч модон дээр явсан түүнийг нэгэн эр ганцхан тийрч унагачихаад хаяад хөдөлдөг.

Хүү гомдож туньсан ч үгүй хадан хавцал руу авирч, халтирч, шалбарсаар замаа хөөнө. Удалгүй муухайрч байсан тэнгэрийн ааш илэрч цасан шуурга нүүр нүдгүй балбах аж. Ингэж явахдаа бөөн хар шувуунд шавуулсан нэгэн хүний цогцостой дайралдана. Тухайн үед хулгай зэлгий хийсэн хүмүүсийн цогцсыг бусдад сануулга болгох үүднээс толгод дээр гинжлээд давирхайдан орхидог байжээ. Ийм нэгэн хатсан цогцос харанхуй дунд салхинд эргэлдэн олон хар хэрээтэй тулалдаж буй мэт дүр зураг үүсгэнэ. Хаягдаж хоцорсон хөл нүцгэн хүү цасан шамарга дунд түүнийг хүн хэмээн санаж хань бараа татахаар очиж буй нь аймшигтай. Цогцос салхинд савлах тоолонд гинж нь хяхарч гинших мэт дуун гаргана. Цогцосноос холдон нүдгүй шуурган дунд явахдаа хүүхэд уйлахыг сонсдог. Очоод үзтэл өлсгөлөнд нэрвэгдэн турж эцсэн залуухан бүсгүйн цээжин дээр дөнгөж амьтай байгаа бяцхан охин хэвтэнэ. Эх нь хэдийнэ хөлдөж үхжээ. Өөрийнх нь амьдрал батгүй атал охиныг тэврээд цааш явдаг. Бяцхан охин тэвэрсэн хүү нэгэн тосгонд шөнөөр ирж айл бүрийн хаалгыг царайчлан тогших авч хэн ч хаалгаа нээдэггүй.

Харин элдэв эмийн ургамал худалдаж, хувиараа эмчилгээ хийдэг Үүрс хэмээх хэсүүлчин дугуйтай амбаарынхаа хаалгыг тайлна. Тэрээр сургасан Гомо нэртэй аварга чоноороо тэргээ чирүүлэн тосгоноос тосгон дамжин явдаг нэгэн. Хүү, охин хоёрыг хооллоод өөрөө хоосон хононо. Цэвдэг хүйтэн, нийгмийн давхаргын ялгааг хурцаар илэрхийлсэн тухайн цагийн Англи орны талаар нэвт шувт дүрслэгдсэн энэ зохиолын ганц хүн чанартай, сэтгэл уярам хэсэг нь энэ. Үүрс хооллож буй хүүг юунд инээмсэглээд байгааг нь сонирхон асууна. Гэвч хүүгийн эрүү нүүрийг нь тун чадварлаг мэс засалч мөнх инээмсэглэж байхаар эрэмдэглэснийг удалгүй мэддэг. Тухайн цагийн жигшүүрт дээрэмчид болох компрачикосуууд хэмээх бүлэг хүмүүс түүнийг хоёр настайд нь хулгайлж ийнхүү алиа салбадай болгожээ. Уйлсан ч, уурласан ч, гунигласан ч мөнх инээх тавилан. Далайн эрэгт байсан хэсэг хүмүүс контрабандтай тэмцэж буй эргийн харуулынханд баригдвал хүү тэдний толгойг цустаж мэднэ гэж айсандаа орхиод явж л дээ. Үүрс охиныг хооллохоор дэнлүүгээ ойртуулахад цочихгүй байлаа. Охин сохор байжээ. Зэрэмдэг, сохор хоёр тэднийд айлчилсан нь энэ. Хүүг Гуинплен, охиныг Дэя хэмээн нэрлэнэ. Дэя сохор боловч төгс гоо сайхан өссөн бөгөөд Гуинплений эрэмдэг царай хүн бүрийн элгийг хөшөөнө. Тиймээс Үүрс мухлаг тэргэндээ жүжиг тоглож алдаршина. Улмаар мухлаг тэрэг өргөжин тэлж, жүжигчид нэмж авснаар “Ногоон хайрцаг” театр бий болно. Энэ зуур эрэмдэг муухай Гуинплен, үзэсгэлэнт Дея нар хайр дурлалдаа автдаг.

Гэвч далайд сүйрсэн хөлгийнхөн шилэн лонхонд нэгэн захидал хөвүүлсэн нь хүүг тайж гаралтайг баталсан бичиг байв. Ингээд эрэмдэг залуу гэнэт л Английн удам залгасан лорд буюу тайж болдог. Тэр бол Лорд Линней Кленчарлийн хууль ёсны ганц өв залгамжлагч Фермен Кленчарли байжээ. Нэгхэн өдрийн дотор тэрээр асар их өв баялгийг эзэмшиж, Английн “Үнэн мөний шүүх” болон “Улсын хурал”д нэр бүхий гишүүн болдог. Ард түмний амьдрал үнэн хэрэгтээ ямар байгааг “Улсын хурал”-д хэлэх авч гэнэт тодорсон тайжийг басамжлахын дээр эрэмдэг царайг нь харсан язгууртнууд шоолон хөхрөлдөх аж. Гуинплен ердөө л алиа салбадай хэвээр байгаагаа мэдэрнэ. Энэ зуур Үүрс, Дея нар Гуинпленийг үхсэн хэмээн ойлгож, Лондонгоос хөөгдсөн байдаг. Харин араатны зөнгөөрөө Гомо Гуинпленийг дагуулан Дэяд хүргэнэ. Гэвч хэтэрхий баярласандаа угийн бие муутай Дэягийн зүрх зогсож, энэ гашууг дийлэлгүй Гуинплен далайн харанхуй ёроолд живж үхсэнээр зохиол төгсөнө.

Ж.БАЯРСАЙХАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *