Саяхан даа, цахим ертөнцөөр “Монголын тэрбумтнууд нийлж байгаад Улаанбаатараа утаагүй болгоё” гэсэн жиргээ нисч харагдсан. Бодвол цэнхэр дэлхийн тэрбумтнуудын “Бултаараа дэлхийгээ ухаалаг эрчим хүчээр аварцгаая, утаагүйгээр хөгжил өөд тэмүүлцгээе” гэсэн урианаас санаа авсан байх. Билл Гейтсээс эхлээд цэнхэр гаригийн хөрөнгө мөнгөтэй хэсэг элдэв хаягдалгүй, эцэс хожим нь харамсах зүйл багатай цөмийн эрчим хүчинд хамаг байдгаа цацаад эхэлчихсэн. Үр хүүхдээсээ харамлаж байгаад хамаг байдгаа ухаалаг эрчим хүчинд зарж буй дэлхийн тэрбумтнуудад мэхиймээр санагддаг. Мөнгө хүсэл хоёр ижилссэн байхад болдог л хорвоо. Яг үүн шиг Монголын тэрбумтнууд нийлж байгаад Улаанбаатарыг утаагүй болгоход тийм ч хэцүү биш гэж боддог юм. Уугуул нийслэлийнхээ утаанд санаа зовох цаг нь болсон, тэдний хувьд.
Яахав манай мөнгөтэй эрхмүүд эхэн үедээ нисчихдэг байсан л даа. Дүн өвлийн утаа уугисан цагаар нар ээсэн Хавайн эрэгт тарвалзсан шигээ тухалдаг байсан нь үнэн. Чадаж байгаа юманд арга алга гээд цааш алхаж болно л доо. Алсын газар өнгөрөөсөн аятай сайхан улирал чин зүрхний угт таатай мэдрэмж төрүүлдэг бол шүү дээ. Гэхдээ хүний газар ямар ч сайхан байлаа гээд төрөлх нутгийг чинь гүйцэхгүй. Энэ гашуун үнэнийг бүгд л мэдэрч байгаа. Далайн зөөлөн давалгаа, нутгирч унасан шаргал элс, сэвшин үлээх зөөлөн салхи хэчнээн сайхан байлаа ч нутгийн чинь өвлийг гүйцдэггүй. Учир нь ажил амьдрал чинь тэнд биш энд. Анд нөхөд чинь алс тэр сайхан улсад биш, Азийн цээжинд амгалан оршиж буй энэ Монголд аж төрж байгаа. Амьдралаа залгаж буй бизнес, ажил чинь ч энд бий. Эцэг өвгөдийн тань алтан шарил Азийн Монголын хөрсөнд буй.
Монголчууд бид тасхийсэн жавраа санадаг муу зантай улс. Байчихаад энэ бие минь жавар үгүйлсэн физиологийн онцлогтой. Өвлийн гоо үзэсгэлэн ямар байдгийг бид мэднэ. Цав цагаан цас, цаснаас өөр нь үгүй мэт нэг тийм шидийн өнгөтэй орчинд уусчихаад алхан явах нам гүмхэн араншин тун цөөхөн үндэстэнд бий. Тэдний нэг нь монголчууд. Гэхдээ яг бидний аж төрж байгаа шиг тасхийсэн жавартай өглөөний цав цагаахан цастай орчил тийм ч олон үндэстэнд заяагаагүй. Элдэв шидийн хээтэй цан хүүрэг, амьсгалахад л цонхонд хээгээ үлдээх нэг тийм шидийн орчлоо халуун орон руу тэмүүлсэн мөнгөтэй эрхмүүд үгүйлдэг байж таараа. Амьсгалж болохгүй хүйтэн жавар ямар сэнгэнэм гэдгийг тэд мэдэрч байгаа. Хаа нэг газар руу сайхныг эрэн ниссэн хэрнээ эргээд ирэхдээ энэ сэнгэнэм жаврыг ямар их үгүйлсэн байдгаа тэд зүйрлэж хэлж чаддаггүй. “Ай тасхийсэн жавар минь” гэж уулга алдаад алхдагийг нь харин бид мэдэрдэг. Тэд өвлийн гоо сайхныг зүрхээрээ мэдэрсэн улс. Учир нь тэд монголчууд.
Алийн болгон ийм сайхан өвлөөр нүүрсний утаанаас зугтаж халуун орон руу тэмүүлэх вэ дээ. Сонихон дээрээ бол явсаан, тэмүүлсэн. Далайн эргийн нутгирсан элсэн дээр тарвалзаж, амьд яваа насныхаа аль сайхан бүхнийг мэдэрсэн. Гэхдээ тэд тасхийсэн жавраа үгүйлээд эх орныхоо өвөлд хоргодож эхэлсэн нь бас бултах аргагүй үнэн. Утаагүй өвөлжих боломж бий гэдгийг зарим нь хараад эхэлчихсэн гэдгийг ч үгүйсгэхгүй. Эхнээсээ утаагүй өвөлжүүлэх гэж зарим нэг нь ганц нэг ажил хийгээд эхэлсэн. Сайнаар хэлбэл утаагүй зуух тарааж, тендерт оролцож юм юм л болж яваа. Муугаар яривал тэдний олонхи нь Улаанбаатарын утаагаар мөнгө хийж аж төрж байна. Эхнээсээ мөнгө идсэн гэж шорон оронгийн хаалга татаж яваа нь бас булзах аргагүй үнэн.
Тэгэхээр Улаанбаатарыг утаагүй байлгах нэг бодитой гарц байна. Улс төрийн намууд, тэрбумтнууд нийлж байгаад Улаанбаатарыг утаанаас салгаж чадна. Тэрбумтнууд нь ганц нэгээрээ элдэв тендерээр биш нийлж нэгдэж байгаад нийслэлээ утаагүй байлгах боломж, санаа нь захаас аваад зам дээр байна. Хотын захын товхийсэн амьжиргаатай нэг айлд ороход л дипломат цүнхний хэмжээтэй цахилгаан бойлуур тавьчихсан байх юм билээ. Бүрэн автомат бойлуур. Нассостой, градус тохиргоотой. Хөлддөггүй шингэнтэй учраас халуун дулааны хэмээ тохируулахад ямар нэг асуудалгүй. Унтраагаад явсан ч ямар нэг аюулгүй.
Хүн төрөлхтний хөгжлийн хэмжүүр болсон Лондон цагтаа Улаанбаатар шиг нүүрсээр халдаг цахилгаан станцтай, өдөртөө хэдэн зуун хүн агаарын бохирдлоос болж эмгэнэм байдалд хүрч байсан нийслэл. Харин одоо бол Лондонгийн дурын нэг айл цахилгаан болон газын бойлууртай. Мөнгөтэй айлууд бол тохилог дулаан аж төрцгөөнө. Мөнгө багатай нь арай сэрүүндүү ч гэлээ мөлгөр бүлээн орчинд амьдарцгаадаг. Тэр үеийн Лондонгоос технологийн хөгжлөөрөө ялгарсан цаг үед бид амьдарч байгаа. Ажилдаа явахдаа бойлуурынхаа тоолуурыг унтраагаад, ажлаа тарахын өмнөх хэдэн минутад гар утаснаасаа тохируулга хийж асаах нөхцөл нь бүрдчихсэн үе бол бидний амьдарч буй өнөө цаг. Тэр үеийн Лондонтой харьцуулах юм биш.
Тэгэхээр төр засаг нь цахилгаан станцаа зориг гаргаж бариад, тэрбумтнууд нь сая хэлсэн шиг ухаалаг бойлууруудыг арай хямд өртгөөр нийлүүлээд эхэлчихвэл Улаанбаатарын утаа асуудал биш л дээ. Засгийн хувьд ийм ухаалаг бойлууртай айлуудын цахилгааны мөнгийг багасгаж өгөх гарц бас бий. Цахилгаан станцууд бариад эхлэхээр үнийн хувьд уян хатан зохицуулалт хийх боломж бүрдэх нь гарцаагүй. Сая дурдсан цахилгаан бойлуураас өөр өчнөөн ухаалаг шийдлийг энэ цагийн хөгжил бүтээчихсэн.
Ингээд ухахаар хэдэн жилд биш хэдхэн сард нийслэлийн утааг алга болгох боломж бидний өмнө, тэрбумтнуудын маань гарт байна.
Ц.Баасансүрэн