Монгол Улсын Их Хурлын дарга
Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.12.25/ Улаанбаатар хотын Хан-Уул
дүүргийн 10 дугаар хороонд байрлах “Буянт Ухаа 2” орон сууцны цогцолбор
хорооллын нээлтэд оролцов.
Нээлтийн ёслолын өмнө Улсын Их Хурлын
дарга орон сууцны хорооллыг үзэж, танилцсан юм. Засгийн газрын 2012-2016
оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төрөөс иргэдийг орон
сууцаар хангах ажлыг эрчимжүүлэх зорилгоор 2013 онд “Төрийн орон сууцны
корпораци” ТӨҮГ-ыг үүсгэн байгуулсан. Тус байгууллагын захиалгаар
Үндэсний бүтээн байгуулалтын корпораци “Буянт Ухаа 2” орон сууцны
төслийг амжилттай хэрэгжүүлж, эхний ээлжийн 30 барилгыг ашиглалтад
оруулж байгаа юм.
Тус цогцолбор хорооллын нээлтийн ёслолд
Улсын Их Хурлын дарга оролцож, үг хэллээ. Тэрээр “Ардчилсан нам 2012
оноос хойш иргэдэд хэрэгтэй олон бүтээн байгуулалтын ажил хийж байна.
Түүний нэг нь ард иргэдээ орон сууцтай болгох хөтөлбөр юм. Энэ хүрээнд
“Буянт-Ухаа 1” хорооллыг босгож, одоо тэнд олон мянган айл амьдарч
байна. Өнөөдөр “Буянт-Ухаа 2” хорооллын нээлтийг хийж байна. “Буянт-Ухаа
1” орон сууцны хороололд 1764 өрх гэр бүл хямд үнэ, зээлийн бага
хүүтэй, таатай нөхцөлөөр хамрагдсан бол “Буянт-Ухаа 2” хороололд энэ
нөхцөлөөр нийт 2500 өрхийг хүлээн авахаас өнөөдөр 1620 өрх орон
сууцандаа ороход бэлэн боллоо.
Засгийн газар 2012 оноос хойш найман
хувийн хүүтэй орон сууцны зээлийг хэрэгжүүлж эхэлснээр 44336 өрх 2 их
наяд 427 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр авч, 177,3 мянган иргэн
шинээр өөрийн гэсэн орон сууцтай болж, ахуй амьдрал нь дээшилж байна.
Мөн 25000-26000 өрх өндөр хүүтэй байсан ипотекийн зээлээсээ бага хүүтэй
зээл рүү шилжсэн. Бүтээн байгуулалт талаас нь харвал 2013-2014 онд нийт
2.5 сая метр квадрат орон сууц шинээр ашиглалтад орж, улсын хэмжээнд 5.2
их наяд төгрөгийн орон сууцны барилга угсралтын ажил хийгдсэн байна”
хэмээн хэллээ. Түүнчлэн энэ бүтээн байгуулалтыг дагаад 2013-2014 онд
барилгын салбарт ажиллагсдын тоо 15.3 мянгаар өсч 77 мянгад хүрсэн нь
Монгол Улсын барилгын салбарт сүүлийн 20 жил хийгдсэн бүтээн
байгуулалттай харьцуулбал таш өндөр үзүүлэлт гэдгийг тэмдэглэн хэлсэн
юм.
Жилд найман хувийн хүүтэй орон сууцны
зээлийг анх 2013 оны дунд үеэс олгож эхэлсэн нь сонгуулийн ямар нэг
зорилго, улс төрийн оноо авахад зориулагдаагүй. Гэтэл МАН-ынхан үүнийг
юу гэж бодож явдаг болохыг Та бүхэн харсан байх. Одоо дараагийн сайн
мэдээг та бүхэнд дуулгая. Ипотекийн зээлийн үйл ажиллагаа бүр 1990-ээд
оны дунд үеэс хэрэгжиж байгаа, гэхдээ зээлийн хүү нь 20 хувь байсан
болохоор тэр бүр олон айл өрх хамрагдаж чаддаггүй байв. Харин 2013 онд
найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг олгож эхэлснээр олон зуун
мянган айл өрх орон сууцтай болох боломж бүрдэж, өнөөдрийн байдлаар
76.000 айл шинээр орох буюу хуучнаасаа хамаагүй бага мөнгө төлөөд орон
сууцтай болж байна. Үүний дараагийн логик үргэлжлэл бол 2013 оны 05
дугаар сард инфляци 14 хувьтай байсан. Жилийн 14 хувийн инфляцитай
байхад үндсэндээ найман хувийн зээл гэдэг татаас байсан, гэхдээ бид
татаасгүйгээр шийдвэрлэж чадсан. Өнөөдөр инфляци гурван хувьд хүрлээ,
найман хувийн хүү буурах ёстой. Бид энэ бодлогоо Улсын Их Хурлын 2016
оны хаврын ээлжит чуулган дуусахаас өмнө ажил болгоно. Эхлээд Үндсэн
хуулийн цэцийн хүчингүй болгосон хуулийг батална, дараа нь зээлийн
найман хувийн хүүг бууруулна. Энэ сонгуульд зориулж хийж байгаа юм биш,
АН хийх ажлаа л хийж байна.
Энэ үеэр найман хувийн хүүтэй орон
сууцны зээлтэй холбоотой Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүчингүй
болгож, хуулийг бүх зүйл, зүйл заалтаар нь дахин батлахаар ажиллаж
байгааг дуулгасан юм. Үүний зэрэгцээ инфляци гурван хувьд хүрч
буурсантай холбоотойгоор орон сууцны найман хувийн зээлийн хүүг
бууруулахаар ажиллаж байгаа гэв.
Үүний дараа хүндэт зочид нээлтийн тууз хайчилж, “Буянт Ухаа 2” хорооллын оршин суугчдад түлхүүр гардуулж өгсөн юм.
Монгол Улсын Засгийн газрын “Шинэ бүтээн
байгуулалт” зорилтот хөтөлбөрийн хүрээнд ТОСК-ийн захиалгаар баригдаж
буй “Буянт Ухаа 2” хорооллыг нийт 28 га талбайд барьж байгуулахаар
төлөвлөжээ. Төслийн эхний ээлж болох 1620 айлын 9 давхар 20 ширхэг орон
сууцны барилга, 240 хүүхдийн цэцэрлэг, 6 ширхэг 5 давхар худалдаа
үйлчилгээний төв, инженерийн дэд бүтийн төвийг барих ажлыг 2014 оны 06
дугаар сард эхлүүлжээ. Хоёрдугаар ээлжинд 12 давхар 60 барилга, 240
хүүхэд хүлээн авах хүчин чадал бүхий цэцэрлэгийн 3 барилга, 250 хүүхдийн
багтаамж бүхий сургуулийн 2 барилга, автомашины 7 давхар нэгдсэн
зогсоол, соёл амралтын цэцэрлэгт хүрээлэн, спорт цогцолбор, үйлчилгээний
барилга зэргийг ашиглалтад оруулах юм байна.
Хороолол дотроо цэцэрлэг, сургуультай
гэдгээрээ “Буянт Ухаа 2” цогцолбор онцлогтой. Мөн хөгжлийн бэрхшээлтэй
хүмүүсийн эрхийг хангах үүднээс шаардлагатай шийдлүүдийг хийж өгсөн
болохыг ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга танилцуулсан юм. Улсын
комисс тус хорооллын 30 барилгыг “хангалттай сайн” гэдэг үнэлгээтэйгээр
хүлээж авсан бөгөөд эдгээр барилга газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй
байхаар баригдсан гэдгийг хэлсэн юм.
Үндэсний ажиллах хүчнийг ажилтай,
орлогтой байлгах, хямд чанартай орон сууцаар хангах, барилгын
үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлогын биелэл болсон “Буянт Ухаа 2”
хорооллын бүтээн байгуулалтад дотоодын томоохон 100 гаруй туслан
гүйцэтгэгч, 80 гаруй бэлтгэн нийлүүлэгч компани оролцсон байна. Үндэсний
бүтээн байгуулалтын корпораци эдийн засгийн хүндрэлтэй энэ үед ажлын
байрыг тогтвортой хадгалж ажилласан бөгөөд хорооллын хэмжээнд угсралтын
үед 1500 гаруй, заслын ажлын явцад 1700 гаруй мэргэжилтэн ажилласан
байна.
Улсын Их Хурлын дарга З.Энхболдын
оролцсон “Буянт Ухаа 2” хорооллын нээлтийн ёслолд Нийслэлийн Засаг дарга
бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Ардчилсан намын Ерөнхий
нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр, Үндэсний бүтээн байгуулалтын
корпорацийн ерөнхийлөгч Б.Жүгдэр, ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга,
Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайхан болон албаны бусад хүмүүс,
иргэд оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.