Categories
мэдээ улс-төр

Х.Тэмүүжин: Цэц шийдвэр гаргахаасаа өмнө үндэслэл, үр дагавраа харах ёстой байсан

УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны өчигдрийн хуралдааны эхэнд Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: -Энэ төслийг гэнэт яаралтай зүтгүүлж байгаа чинь нэг л биш ээ. Та нар буруу юм хийхээрээ ингэдэг. Цэцийн гишүүн Д.Ганзоригоос бусад нь бараг тэтгэврийн хүмүүс. Та нарт таалагдахгүй шийдвэр гаргасан Цэцийн гишүүдийг нугаслах гэж байгаа нь өөрөө Үндсэн хуулийг зөрчиж байна. Цэцийн гишүүдийн бүрэн эрхэд халдаж байна. Үлдэж байгаа зургаан сард Монгол төрд нүгэл үйлдэлгүй тэвчиж чадахгүй байна уу. Хүчээр хэлэлцэх гэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулиа сайн хараарай гэсэн юм.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: -Энэ төслийг яаралтай оруулж ирээгүй гэдгийг Засгийн газрын гишүүнийхээ хувьд хэлье. Харин ч нэг удаа хойшлуулсан юм. Энэ асуудлыг улстөржүүлмээргүй байна гээд “Үндсэн хуулийн Цэцийн хуралдааны тэмдэглэлийг яагаад нууц байлгахыг хичээдэг. Ямар учраас нууцалдаг юм бэ” гэж асууж байв.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: -Үндсэн хуулийн Цэц найман хувийн зээлийн тухайд яагаад ийм шийдвэр гаргаснаа тайлбарлаагүй. Аливаа шийдвэрийн цаана, үндэслэл, үр дагавар гэж бий. Гэтэл яагаад Цэц уг шийдвэрээс болж гарч байгаа сөрөг үр дагаврыг харсангүй вэ. Барилгын компаниуд дампуурч, орон сууцтай болох гэж байсан иргэд орон гэргүй болчихлоо. Аливаа шийдвэрийг гаргахын өмнө үндэслэл, үр дагавраа харах ёстой. Цэцийн гишүүн хувийн бодлоор хууль тогтоож болохгүй гэв.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: -Цэцийн гишүүд 70, 80 нас хүртлээ ажиллаж болно. Энгийн иргэн хуульд заасан насны хязгаар хүртлээ ажиллаж болно гэж байх уу. Иргэдийг тэтгэврийн нас болонгуут л шууд ажлаас нь холдуулаад тэтгэвэрт нь гаргачихдаг. Гэтэл яагаад Цэцийн гишүүд өндөр насалтлаа Цэцдээ байх гэж зүтгээд байгаа юм. Үүнийг би ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж үзэж байна. Цэцийн гишүүд яагаад баян чинээлэг амьдардаг юм. Үүнийг шалгах ёстой. Хуульд заасны дагуух хугацаандаа л тэтгэвэртээ гарах ёстой. Цэцийн гишүүд тэтгэвэртээ гарч ач, зээгээ харж, юунд ч санаа зовохгүй насныхаа эцэст жарга л даа. Яагаад Цэцийн гишүүнээр ажиллах гээд байгаа юм. Үүнд л ашиг сонирхлын зөрчил яваад байна гэсэн юм. Энэ үеэр Ц.Нямдорж гишүүн, О.Баасанхүү гишүүн хоёр энэ талаар удтал маргалдаж, хуралдааны явцад саад учруулж эхлэхэд Байнгын хорооны дарга Д.Ганбат тэднийг зэрэгцэж суугаад яриагаа үргэлжлүүл эсвэл гар гэсэн шаардлага тавихад О.Баасанхүү гишүүн танхимаас гарсан юм. Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад дээрх хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 70.6 хувь нь хэлэлцэхийг дэмжсэн учир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Үүний дараа Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслүүдийн талаар Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулсан юм.

Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад иргэдийн төлөөлөгчийн эрх үүрэгтэй холбоотой асуудлыг тэр бүр нарийвчлан тусгаж өгөөгүй учир өнөөгийн байдлаар иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлтэд шүүхүүд харилцан адилгүй байдлаар хандаж, үнэлэх асуудал гарах үндэс болж байгаа юм байна.

Шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтэд хэрхэн ач холбогдол өгч, шүүгдэгчийн гэм буруугийн талаар бичгээр гаргасан дүгнэлтийн агуулгыг шүүхийн шийдвэр, шийтгэх, цагаатгах, шүүхийн тогтоолд заавал тусгаж, түүнийг үнэлж, дүгнэхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг төсөлд нарийвчлан тусгажээ. Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Лүндээжанцан нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж, Х.Тэмүүжин нар үг хэлж, саналаа илэрхийлсний дараа төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх нь хэлэлцэхийг дэмжсэн.

Үүний дараа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа санал авахад эл хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувь нь хэлэлцэхийг дэмжсэнээр байнгын хорооны хуралдаан өндөрлөсөн юм.

Д.САРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *