Categories
мэдээ нийгэм

СУИС-ийн оюутнуудын ар гэрийнхэн цагдаад хандана

Соёл урлагийн их сургуулийн багш Г сургуулийнхаа бүжгийн ангийн 16 оюутныг БНХАУ-д аваачин жуулчны баазад бүжиглүүлжээ. Оюутнуудыг гурван сар бүжиглээд сургалтын төлбөрөө олох боломжтой, 2.4 сая төгрөг өгнө гэжээ. Мөн сургуулийн нэр барьж оюутнуудын эцэг, эхтэй гэрээ хийж, хүүхдүүдийг нь авч явсан байна.

Гэтэл одоо тэдгээр оюутнууд сургалтын төлбөрөө төлж чадаагүйн улмаас шалгалтад орохгүй, бүр сургуулиа төгсөж чадахгүйд хүрээд байгаа аж. Оюутнууд Хятадад байх хугацаандаа орон байр, хоол унд, холбоо харилцаагүй өглөөний 08:00 цагаас, шөнийн 03:00 цаг хүртэл бүжиглэж маш хүнд байдалд байсан гэнэ. Харин тэднийг хариуцаж аваачсан СУИС-ийн багш эцэг, эхчүүдэд “Хүүхдүүд сайн. Би ойр ойрхон очиж байгаа” гэж худал хэлж байжээ.

Оюутнууд хэцүү байгаагаа хэлээд буцъя гэхэд нь Г багш “Тэсч бай. Багш нь хэлчихсэн. Одоо хэдхэн хоног” гээд гүрийлгээд байсан аж. Ар гэрийнхэнтэйгээ холбоо барьж чадахгүй байсан оюутнууд хичээл эхэлсний дараа есдүгээр сар гарсан хойно эх орондоо иржээ. Харамсалтай нь сургуулийн захиргаа энэ тухай мэдээгүй бөгөөд хичээл эхэлсэн хойно ирсэн оюутнуудад жилийн чөлөө олгохоор болоод байгааг тэдний ар гэрийнхэн хэлж байна. Оюутнуудын ар гэрийнхэн энэхүү үйлдлийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар болжээ. Сургалтын төлбөр олохоор явсан оюутнууд ийнхүү хохироод үлджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *