Categories
мэдээ нийгэм

Говь-Алтай аймагт өвөлжилт хүндэрч, зам даваа хаагджээ

Улсын онцгой комиссын шуурхай ажлын хэсэг өчигдөр Баянхонгор аймгийн Өлзийт, Баян-Овоо, Бөмбөгөр, Бууцагаан суманд ажилласан байна. Тус аймгийн 20 сумын 104 багт 11,859 өрхөд 3,7 сая мал өвөлжиж байгаа гэнэ.

Гурванбулаг суманд Архангай аймгийн Хангай, Завхан аймгийн Отгон, Их-Уул сумаас 17 мянган мал оторлож буй нь бэлчээрийн даац хэтрэхэд нөлөөлжээ. Тус аймгийн хэмжээнд энэ жил нийт 6724 тн хадлан, 467 тн тэжээл, 483 тн гар тэжээл бэлтгэсэн байна. Аймаг, сумын нөөцөд 1250 тн өвс, 650 тн тэжээл бэлтгэхээс нийт өвсний 78 хувь, харин тэжээлийн 32,9 хувийг бэлтгэжээ. Тус аймгийн нутагт цасны хэмжээ тал газартаа 10-30 см зузаантай байна. Ялангуяа Байдраг суманд өдөр бүр цас хялмаалан орж, өнгөрсөн сараас эхлэн 40 хэмээс давж хүйтэрсэн нь өвөлжилт хүндрэхэд нөлөөлжээ. Тиймээс өнөөдрийн байдлаар нийт 94 өрхийн 381 иргэн таван аймагт отроор өвөлжиж байна.

Одоогийн байдлаар тус аймгийн Бөмбөгөр, Галуут, Баян-Овоо, Гурванбулаг, Заг, Баянбулаг, Бууцагаан гэсэн долоон суманд өвөлжилт хүндэрч гуу жалгандаа 30-40 см, талдаа 10-20 см-ийн цастай, мал бэлчээрт гарахад бэрхшээлтэй байгаа ажээ. Өнгөрсөн зун тус аймгийн 80 гаруй хувьд нь зуншлага сайн, 10 хувьд нь гандуу, 10 хувьд нь гантай байснаас Дэлгэр, Эрдэнэ, Цогт, Есөнбулаг, Халиун, Шарга суманд өвөлжилт хүндэрч, цасны зузаан 10-40 см-т хүрчээ.

Аймгийн хэмжээнд сүүлийн гурван сард олон удаа цас орсны улмаас Есөнбулаг сумын Дөт, Цээл сумын Цагаан голын даваанууд хаагдсаныг нээжээ. Бугат сумын онгоцны хөндийн зам мөс тэлж хөлдсөн, Баарангийн даваанд хальтаргаа гулгаа байнга үүсч байгаатай холбогдуулан “АЗЗА” ТӨХК-иас ажлын хэсэг гарч засварлаж байгаа гэнэ. “Говь-Алтай АЗЗА” ТӨХК одоогийн байдлаар засвар арчлалтын ажлын гүйцэтгэлийн хөлс нийт 183 сая төгрөгөө аваагүй, авлагатай байна. Мөн байгууллага хооронд шатахуун, нийгмийн даатгал, татварын зэрэг 114,0 сая төгрөгийн өр үүсчээ. Хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэхээр Зам тээврийн яаманд хандаад байгаа бөгөөд 11 сараас хойш ажилчид нь цалингаа аваагүй, цаашид нөхцөл байдал хүндэрсэн үед зам засварын ажил гүйцэтгэх хүмүүсийг дайчлахад хүндрэлтэй болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *