Сүүлийн үед банкууд иргэдийг мөнгөө банкинд хадгалуулахыг уриалж байна. Манай ажил дээр нэг охин ирж хадгаламжийн тухай ухуулга хийснээр 20 шахам сэтгүүлч сар бүр 50-100 мянган төгрөг хадгалуулах болов. Хадгаламж нээлгэсэн сэтгүүлчид сард 50-100 мянган төгрөгөө юунд үрдэг яриаг сонсоход сонин тоо гарна. Хэн нэг нь зөвхөн тамхиндаа 100 мянган төгрөг өлхөн зардаг. Мөн нэг нь 200 шахам мянгыг хоолондоо зарчихаад турах гэж 300 гаргасан тухайгаа ярьж байх юм. Тэгвэл хадгаламжийн ашгийг Хятадын нэгэн тосгоныхон амжилттай хэрэгжүүлж чаджээ. Тус тосгон хоёр том худагтай боловч ногооны талбай руугаа суваг татаж чадахгүй олон жил болсон гэнэ. Хураах ургац нь буурч тосгоны зөвлөл багагүй асуудалтай тулгарав. Гэтэл нэгэн эр өрх бүрээс мөнгө татаж суваг татах санаачилга гаргажээ. Өрхүүд ч мөнгө гаргаснаар тариачид сувагтай болж орлого нэмэгджээ. Зохион байгуулагч өрхүүдийн анхны өгсөн мөнгийг буцааж өгөх гэтэл өрхүүд эсэргүүцэж байнга жаахан мөнгө нэмэх маягаар хуримтлал үүсгэх санал гаргав. Ингэснээр гудамж талбайн гэрэлтүүлгээс авахуулаад зарим айлын дулааны асуудлыг ч шийдэж чаддаг болсон гэнэ.
Х.БАТТӨГС