Categories
мэдээ цаг-үе

К.Маркс “Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи” гэж хэлээгүй гэнэ

ШУТИС-д өрнөсөн “Буддизм ба шинжлэх ухаан” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр шашны мяндагтнууд, шинжлэх ухааны судлаач эрдэмтэд сөргөлдөх биш хамтрах, нийгмийн оюун санаа, сэтгэл зүйд гүйцэтгэх үүрэг, нэгнээ таньж мэдэх сэдвээр яриа өрнүүлсэн юм. Анхны хэмээх тодотголтой уг хэлэлцүүлэгт Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц, Дашчойлин хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав тэргүүтэй лам нар хүрэлцэн ирсэн бол академич, физикч, Х.Намсрай, философич Б.Даш-Ёндон зэрэг олны танил эрдэмтэн судлаачид, философичид ч энд байлцлаа. Хэлэлцүүлгийн салхийг хагалж, Д.Чойжамц хамба, Б.Даш-Ёндон, Х.Намсрай нарын эрхмүүд юуг онцолсныг хүргэж байна.

Д.Чойжамц хамба: БИДНИЙ ТОЛГОЙД СУУЛГАСАН КОМИНТЕРНИЙ КОД БАТ БӨХ ХЭВЭЭР БАЙНА

-XIX зууны эхэн үеэс авахуулаад Европ хөгжил дэвшлээрээ давамгайлж, Европын нүдээр Азийг дүгнэх болсон. Шинжлэх ухааны нээлт гарч эхлэхтэй зэрэг Христосийн шашны зүгээс эсэргүүцэл гарч, дэлхий бөөрөнхий гэдэг ч юм уу шинжлэх ухааны үзэл, онолыг нь эсэргүүцсэн. Шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлж, хөгжил дэвшлийг авчрахын тулд Европт шашинтайгаа тэмцсэн. Нэг хэсэг үеийн турш шашин, шинжлэх ухаан дайсагналцсан учраас тэр хандлагаараа Буддын шашныг ойлгосон шиг санагддаг. 1917 оны нөлөөгөөр орж ирсэн коммунистууд яг тэр үзлийг баримталж, Монголын шашныг устгах ажилдаа шаламгайлан орсон. Тийм ч учраас шашингүйн үзэл эхэн үедээ эрдэмтдийнх байгаад, дунд үедээ нийгмийг соён гэгээрүүлэх үзэл болоод, одоо Монголд энгийн чалчаа үг болсон. Коминтерний бидний толгойд суулгасан код, шашнаа буруугаар үздэг тэр үзэл өнөөдөр ардчилсан нийгэм тогтоод 25 жил болчихоод байхад улам бат бөх болж, залуучуудын үзэл бодолд тогтож, ямар нэг ном үзэхгүйгээр мэдэхгүйгээр, шашин соёл уламжлалт түүх рүүгээ довтолдог, дайрдаг боллоо. Чингисийг ганцааранг нь үлдээгээд бусдыг нь харлуулдаг. Өөрийнхөө түүхийг ангич намч үзлийн үүднээс үзэж, зарим үеийн түүхийг шүдээ зууж байгаад муулдаг. Зарим нэг үеийн түүхийн алдааг харахгүйгээр жигтэйхэн магтдаг болсон. 1921 онд л монголчуудыг шорооноос нь сэгсрээд, сая нэг хүн болсон. Түүнээс урьд ярандаа баригдсан, хоцрогдсон орон байсан гэж ярьдаг. Хүннү Сүннүгийн үеэс 2000 жил яртай ямхтай байсан юм бол тэр их хоцрогдол дотроо XXI зуунд ирж чадахгүйгээр дэлхийн хөрснөөс арчигдах байсан, энэ ард түмэн. Монгол маань хөгжил дэвшилтэй, уруудал доройтолтой 2000-3000 жилийн түүхийг давж, Азийн цээжин дээр амьдаараа үлдсэн орон гэж боддог. Эрдэмтэн мэргэд, шинжлэл судлалын улсууд энэ талаас нь хэлэхгүй бол ардчилсан нийгэм жигдэрч өгөхгүй байгаа. Хуучин түүх рүүгээ харж байгаа харц нь буруу учраас алдаа онооноосоо сургамж авч чадахгүй. Бүх л үеэ ангич намч шинж чанараар хардаг. Өнөөдөр үндэсний хөрөнгөтнүүд татварын мөнгөөр хүн ардаа ажилтай, цалинтай байлгана. Гэтэл тэднийгээ нүдэнд орсон хог шиг болгож байгаа нь коммунист нийгмийн өв юм. Тийм ч учраас үндэсний хөрөнгөтнүүд нь бойжиж чадахгүй ажилгүй хүн олширч байгаа нь хуучирсан үзэл хандлагатай холбоотой. Бие биедээ итгэдэггүй, дандаа гаднаас юмаа асуудаг нь нөлөөлөөд энэ улс орон өнөөдөр эзэнгүй мэт, эзэн хайдаг үзэл бодол давамгайлж байгаа. Тийм учраас шинжлэх ухаанчаар судалж, нээн илрүүлж шинэ нийгмийг жигдрүүлэхгүй бол болохгүй. Коммунизмын дарангуйлалд шашны тухай үг хэлж чадахгүй тэр үед ч манай эрдэмтэд энэ дотор сайхан юм бий гэж мэдэрч байсан. Тийм учраас Ш.Бира гуай Жүгдэр гуай эд нараас авахуулаад судалж шинжилж байсан улсууд бий. Тэдний урд талын үе нь Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн гуай, Хөдөөгийн Пэрлээ гуай, Лувсанвандан гуай зэрэг маш олон эрдэмтэд бий. Манай багш дээр эрдэмтэд ирээд, ном хэлэлцээд суудаг байлаа. Засгийн хурал дээр шашнаа муу хэлчихдэг ч цаагуураа агуу юм гэдгийг мэдэрдэг. Б.Ринчен гуай манай багшийнд ирээд ном яриад сууж байдагсан. Ш.Бира гуай Хонхорт гэр барьчихаад, Буддын шашны номыг манай багшаар заалгаж байсан. Улам лавшруулаад, Оросын мундаг эрдэмтэн Рерихээр ном заалгаж байсан гэж яригддаг. Шинжилгээ судалгааны ажил Лувсанцэрэн багшаас авахуулаад, Ёндон, Хүрэлбаатар гэхчилэн олон хүнээр дамжаад, одоо хүртэл буддын уламжлалыг судалж, сайхан талыг нь илрүүлж ирсэн.

Үүнийг өндөр түвшинд хүргэх ёстой юм. Сүүлийн үед бид хоцрогдох шинжиндээ орж байна. Яагаад гэвэл бид Буддын судлалаар овоо явж байсан юмсан. Сүүлийн үед түвдүүд, тэр дундаа Энэтхэгт цагаачилж байгаа түвдүүд биднээс давах шинжиндээ орж байна. Сүүлийн үеийн Квант физик байна. Тархины судлалаар түвдүүд илүү гараад явчих шиг боллоо. Жилд хоёр удаа Америкийн эрдэмтдийг авчирч хуралддаг. Буддын гүн ухаан үзэж байгаа асар их эрдэмтэй гэвш нарыг Америкт сургаж, тэд том том эрдэмтэд болчихоод буцаад, лам нарыгаа татаад, сургалт явуулаад, шинжлэх ухааны ажлууд хийж байна. Эрдэмтэн сэхээтнүүд нь шашныгаа хоцрогдсон, мөнгө авдаг энэ тэр гээд хүн ардаа шашин руугаа явдаг замыг хаачихдаг. Шинжлэх ухааныг амарчилсан, хялбаршуулсан байдлаар тайлбарлахгүй болохоор шинжлэх ухааны бодит мэдээллийг хүмүүс авч чадахгүй. Дундуур нь янз бүрийн Аравтын онол, хаан, хатан ухаан гэж өчнөөн юм гарсан. “Хутагтын найман үнэн”-д хамгийн түрүүнд үзэл онолыг нь тогтоож өгөхгүй бол хүний нийгэм урагшлахгүй гэдэг. Үзэл онол баримтлах юм байхгүй, хаа сайгүй саваа бэлтгэхгүй болсон. Ардчилсан нийгмийн савыг бэлтгэхгүй бол Солонгос, Америк, Орос киноны савтай хүмүүс олширлоо. Хажуугаар нь гарч ирж байгаа олон үзэл урсгалууд хаан хатан ухааны гэх мэт олон савнууд Монголыг эвцүүлэхгүй болгож байна. Хөрөнгөтөн орнуудад бол нигүүлсэл энэрэл хайрын тухай, хүнийг хүн болгодог үзэл нь шашиндаа явдаг. Үзэл бодлын цөвтөлт аюултай. Сэтгэхүйн буруу үзэл гэдэг арван хар нүглийг хийлгэчихдэг юм. Өнөөдөр сайхан эхлэл байна. Бид дэлхийн гайхамшигтай эрдэмтдийг залж авчирч сайхан хэлэлцүүлэг хийнэ. Хэн нэгнийгээ дийлэх тухай биш. Үзэл бодлын цэвэршилт, бие биенээсээ туршлага судлах, хамт хөгжиж дэвших нь цаагуураа Монголын ард түмний сэтгэл зүрхийг нэгтгэх, үзэл бодлыг нь төлөвшүүлэхэд хэрэг болох ёстой юм даа.

Философийн ухааны доктор Б.Даш-Ёндон: ХООСОН ЧАНАР ГЭЖ БАЙДАГ БОЛ ХООСОН ЖАРГАЛ ГЭЖ БАС БАЙГАА

-Манай хүн ардын оюун санааны амьдрал өнөөдөр тун их таа муутай байгаа. Буддизм ба шинжлэх ухаан гэсэн сэдвийг сонгож авсан нь онцгой сэтгэгдэл төрүүлж байна. Шинжлэх ухаан гэдэгт хоёр утга байна гэж ойлгож байна. Нэгдүгээрт, Буддын гүн ухаан. Буддизм бол гүн ухаан мөн. Хоёрдугаарт, Буддын гүн ухаан байгаль шинжлэлтэй яаж холбогдох вэ гэдгээрээ дэлхийн том эрдэмтдийн анхаарлыг татаж байгаа. Бурхан багшийн болон Нагаржунайн хоосон чанарын онол нь нөхөх зарчмын онолтой, Берталафийн системийн онол гэдэгтэй ойролцоо очиж, сайтар судалбал авцалдах шиг байгаа юм. Буддизмыг бид хоёр талаас нь хардаг. Нэгдүгээрт, анх үндэслэсэн Будда, хоёр дахь Будда буюу Нагаржунайн гүн ухаан. Энэ бол гайхалтай хоосон чанарын сургаал. Шашин, философи хоёрын харилцааны асуудлыг энэ хэлэлцүүлгийн үеэр философчид хөндөх болов уу. Энэ талаар би нэг санаа хэлэх гэсэн юм. Үндсэндээ бидний ойлгож хэвшсэнээр шашин үлгэр домог, философи үүсэх эх сурвалж болсон гэж үздэг. Тийм биш байна. Ганц хоёр ном харлаа. Аристотель Грекийн философи үүссэн тухай судалж бичихдээ шашнаас гаралтай тухай ганц үг , өгүүлбэр хэлээгүй. Эртний Грегийн философийг шашинтай огт холбож үзээгүй. Хэрвээ энэ хоёр байгаа бол паралель явж байсан гэсэн санаа илэрхийлсэн. Буддын гүн ухааныг аваад үзвэл Буддизм бол философи, шашны сургаал. Буддизмын шашны тал нь Буддын гүн ухааныг олон түмэнд ойлгуулж, хялбарчилж, тайлбарлаж, сэтгэл зүрх рүү оруулах гэсэн онцгой маягийн тайлбар шиг надад санагддаг. Хоосон чанарын онол, Буддын гүн ухааныг бүх хүнд ойлгуулах нь бүтэхгүй ажил. Ойлгох хүн цөөхөн гэдгийг Нагаржунай ч хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр хоосон чанарын онол, тэр гүн нарийн юмыг хүн ардад ёс суртахууны сургаал болгож хүргэж байгаа. Үүгээрээ Буддизм хүн төрөлхтний дотор оршиж байгаа бусад бүх философиос өөр. Том агуу юм. Энэ философи Монгол оронд олон жилийн өмнө дэлгэрч, Монголын том сэтгэгчид гарч ирсэн. Ардын хувьсгалын дараа Монголын шашин хэлмэгдэлд өртсөн бол шашны тухай Марксын сургаалийг бид мөн буруу ойлгосон. Буддын шашин бол Европын шашнаас огт өөр. Марксын үгийг манайхан “Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи мөн” гэж орчуулаад, үүнийгээ дагаад шашин огт хэрэггүй юм байна гэдэг буруу ойлголтоор явсан. Марксын хэлсэн үг бас өөр утгатай. Тэгээд ч манайхан орос хэлнээс зөв буулгасан уу гэдэг эргэлзээтэй байдаг юм. Марксын хэлсэн үгийг хойноос нь залгуулаад уншвал “Шашин бол хүн ардын оюун ухаанд байгаа хоосон жаргал мөн” гэсэн утга санаатай. Хэрэв хоосон чанар гэж байдаг юм бол хоосон жаргал гэж бас байгаа. Жаргал зовлон гэдэг чинь хүний сэтгэлийн үзэгдэл. В.Инжинаш абугайн номонд үүнийг маш амархан тайлбарлаж хэлсэн. “Эд хөрөнгөгүй, үр хүүхэдгүй, өвлийн хүйтэнд бусдаас юм гуйж яваа тэнүүлч хүн жижиг талх, жаахан архи олоод, үүнийгээ идэж уугаад хорвоогийн дээд цэнгэл, жаргалаа эдэлж байна гэж боддог гэж хэлсэн байгаа юм. Хоосон чанарын онол маань байгалийн ухааны том том сэтгэгчдийн зорилтуудтай таарч байгаа.

Академич, физикч Х.Намсрай: ШАШИН, ШИНЖЛЭХ УХААНЫ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ ЯВААНДАА НЭГ ЦЭГТ ТУЛЖ ОЧНО

-Шашин, шинжлэх ухаан судалдаг зүйл адил төстэй. Байгал нийгмийн хөгжлийн мөн чанарыг танин мэдэх зорилготой зүйл. Шинжлэх ухаан, шашин хөгжсөний үр дүнд энэ хоёрын судалгааны арга зүй, зарчим, аливаа асуудалд хандах хандлага ерөнхийдөө ижил төстэй болж байгаа юм. Өнөөдрийн өндөрлөгөөс харахад шинжлэх ухааны гайхалтай нээлт эцсийн эцэст уураг тархины цэвэр бүтээгдэхүүн учраас шашин, шинжлэх ухаан хоёрын үзэл баримтлал яваандаа нэг цэгт тулж очих зүй тогтол гарч ирж байна. Жишээ нь 2012 онд Швейцарийн Женев хотод хийсэн гайхамшигт нээлт нь бидний бүх уг сурвалж, нарны, дэлхийн ч бүтэц бай, хүний амьдрал, оюун ухааны уг сурвалж ч бай нэгэн материаллаг зүйлээс яах аргагүй тогтож хөгжжээ. Энэ хөгжил, зүй тогтол 14,7 тэрбум жил явж, өнөөдрийн өдөрт хүрсэн байна гэдгийг нээсэн. Шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт болсон квант физик, ертөнцийн үүсэл хөгжлийн зүй тогтол нь яваа яваандаа бидний уураг тархины сэтгэлгээний хамгийн дээд түвшин болох оюун ухааны сэтгэлгээтэй холбогдож, арван тэрбум нейроноос бүтсэн бидний уураг тархины бүтээгдэхүүн, түүнийг холбож байгаа арван мянган тэрбум холбоосын хоорондох харилцаа яах аргагүй зүй тогтлоороо нийлж, хөгжих жам тогтол гарч байгаа юм. Бид шашин гэж нэг өөр зүйл юм байна. Шинжлэх ухаан гэж өөр зүйл байна гэж ойлгодог. Өнөөдрийн өндөрлөгөөс харахад энэ хоёр аливаа юмны уг сурвалж, нийлэх ёстой юм байна. Шинжлэх ухааны гайхалтай зүйл юу гэхээр байгалийг бүтээгч дөрвөн хүч болох цөмийн хүч, цахилгаан соронзон хүч, таталцлын хүч, сул харилцан үйлчлэлийн хүч нь эцсийн эцэст уураг тархины дээд түвшин болох нейроны үйл ажиллагаатай холбогдож, нэг юмны дөрвөн тал байна гэдгийг нээж байгаа. Тийм учраас Далай багш орчин үеийн шинжлэх ухааны хөгжлийг шашны бясалгалын төв цэгтэй холбож, яваандаа шинжлэх ухааны гол зорилго хиймэл оюун ухаан уураг тархийг бий болгох чиглэлтэй байгаа. Бясалгалын гайхамшигтай онолын үндсэн дээр супер компьютерийн зарчимд тулгуурлан, уураг тархины гол функц болсон ухамсар, өөрөө өөрийгөө жолдоодох энэ зүйлтэй холбох шаардлага аяндаа ургаж байгаа юм. Тийм учраас Далай багш сүүлийн жилүүдэд супер компьютер судалдаг эрдэмтэдтэй маш их харилцаж буй. Түвдийн бясалгалын гайхалтай зар­чим, супер компьютерээр дамжуулан хүний уураг тархийг жолоодох, зөв чиглүүлэхэд ямар нэг холбоос байна. Энэ холбоосыг олох чухал шаардлага тулгарч байгаа. Нөгөө талаас ертөнц яагаад үүссэн юм. Хаашаа яваад байгаа юм. Эцсийн эцэст юунд хүрэх юм, хөгжил хөдөлгөөний зүй тогтол юу юм. Хорвоо ертөнц хөгжөөд эцэстээ юу болох юм гэдгийг судлаад байгаа юм. Энэ хорвоо дээр гурван гайхамшигтай зүйл бий. Гэрэл байна. Цаг хугацаа байна. Хүний уураг тархи, оюун ухаан байна. Энэ гурав бол хязгааргүй бөгөөд юунд хүрэх гээд, ямар зорилгод очиж зогсох нь мэдэгдэхгүй гурван зүйл. Үүсгэгчээс гарсан гэрэл яваад л байна. Түүнийг хэн ч зогсоож чадахгүй. Цаг хугацаа яваад л байна, яваад л байна. Хэнээс ч үл хамаарна. Уураг тархи оюун санаа яваад л байна. Дээд хязгаар тааз гэж юм байхгүй. Энэ гурван холбоосын үр дүн, танин мэдэхгүйн гайхамшигт зүйл, манай бурхан шашны гүн гүнзгий бясалгал, холбоотой болж байгаа юм л даа. Бурханы шашны бусдаас ялгарах гайхамшигт зүйл нь бүх ертөнцийн үнэн мөн, зүй тогтол, бодит үнэнд хүрэх. Юмны уг сурвалж гэж юу юм. Бодит үнэн гэж юу вэ. Энд л зорилго чиглэл нь холбогдож, хүний хөгжил, урлаг соёл, хүмүүжил боловсрол, амьдралын сайн сайхан энэ бүгдийн холбоос, зүй тогтлыг олоход холбоо шинжлэх ухаан хэрэгтэй гэв.

Хэлэлцүүлгийн үеэр байлцсан ШУТИС-ийн ректор Б.Очирбат “Буддизм ба шинжлэх ухаан” хэлэлцүүлгийг ШУТИС дээр хийж байгаа нь санамсаргүй хэрэг биш” гэсэн юм. “Бидний хандлага өөрчлөгдөж байгаа. Орчин үед инженерийн өндөр боловсролтой, хатуу технократ хүмүүсийг бэлтгэхээсээ илүү орчин үеийн хүнийг бэлтгэх нь чухал байна” гэж тэр мөн онцолсон. Буддын мэдлэг ухаан нь орчин цагийн шинжлэх ухааны салбаруудтай дүйцэхүйц болохыг нотолсон эрдэм судлалын шинэ хандлага бий болсон гэнэ. Энэ талаар хийсэн туршилтын үр дүн философи, сэтгэл зүй, боловсрол, физикийн салбарт аль хэдийнэ гарч, олон улсад хүлээн зөвшөөрөгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *