Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хэвлэх үйлдвэрийн газрыг “Таван богд” групп 23 тэрбум 850 сая төгрөгөөр авахаар боллоо

Одоогийн байгаа байдал

-Тэнд хэвлэх Үйлдвэрийн загварыг хадгалсан хоёр давхар, 100 метр уртбайшин барих бөгөөд нийслэлийн музей, брэндийн шоу рүүм бий болно-

“Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн газрыг “Таван богд” групп авахаар болж, энэ тухайгаа өчигдөр нийслэлийн Өмчийн харилцааны газарт мэдэгджээ. Уг газрыг зарах анхны дуудлага худалдаагаар Абдул Карим 24 тэрбум төгрөгийн санал тавьж, ялагчаар тодорсон. Гэвч тэрбээр хувийн мэдэгдэл гаргаж, наймаагаа буцаах шийдвэр гаргаснаа зарласан. Хуульд заасны дагуу Абдул Каримын дэнчинд тавьсан 715 сая төгрөг нийслэлд үлдсэн билээ. Мөн хуулийн дагуу Абдул Каримын мөнгө шилжүүлэхийг хүлээх хугацаа энэ сарын 14-нд дууссан. Ингэснээр дараагийн хамгийн өндөр үнийн санал өгсөн “Таван богд” группт нийслэлийн Өмчийн харилцааны газраас хуучин хэвлэх үйлдвэрийн газрыг худалдаж авах санал тавьсан билээ. “Таван богд” групп дуудлага худалдаанд Абдул Каримаас 150 сая төгрөгөөр бага буюу 23 тэрбум 850 сая төгрөгийн санал тавьсан. “Таван богд” группийн захирал Ц.Баатарсайхан саналыг хүлээж авах эсэх хариугаа өчигдөр 17.30 цагаас өмнө өгөх байв.

Ийм болно

Анхны дуудлага худалдаагаар өмч хувьчилж байсан түүх Монголд бараг байхгүй. Хоёр, гурав дахь удаагаа дуудлага худалдаа болж анх зарласан үнээсээ хямд зарагддаг байсан жишиг бий. Хэрвээ Ц.Баатарсайхан 23 тэрбум 850 сая төгрөгөөр хэвлэх үйлдвэрийн газрыг авахаас татгалзвал хоёр дахь удаагаа дуудлага худалдаа зарлахаас өөр аргагүй. Тэгвэл анхны дуудлага худалдаанд оролцсон хүмүүс дараагийнхад оролцох эрхгүй болно. Гурав дахь дуудлага худалдаагаар анх зарласан үнийг 40 хүртэлх хувиар бууруулдаг. Ингэвэл хэвлэх үйлдвэрийн газар Абдул Каримын тавьсан саналаас хэд дахин хямд зарагдах нөхцөл бүрдэх учраас Ц.Баатарсайхан санал болгосон үнээрээ аваасай гэдэг хүсэл нийслэлийнхэнд байсан. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар ч “Ц.Баатарсайхан саналыг хүлээж авна гэдэгт итгэж байна. Хэрэв татгалзвал хотын төвийн газар үнэгүйдэх эрсдэлтэй” гэж байсан билээ. Тэгвэл өчигдөр үдээс хойш “Таван богд” групп уг газрыг авахаа мэдэгдэж, гэрээгээ байгуулжээ. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д “Хэрэв ялагч нь төлбөрийг заасан хугацаанд эс төлбөл уг эд хөрөнгийг өөрийн санал болгосон үнээр худалдан авах эрх дуудлага худалдаанд удаахь үнэ санал болгосон оролцогчид шилжинэ. Уг оролцогч төлбөрийг 14 хоногийн хугацаанд төлнө” гэж заасан байдаг. Тэр дагуу “Таван богд” групп 14 хоногийн дотор 23 тэрбум 850 сая төгрөгөө төлөхөө гэрээнд тусгажээ. Энэ талаар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатараас тодруулахад “Ажлын цаг дуусахаас өмнө гэрээгээ байгууллаа. Ингэснээр худалдан авагч тал 14 хоногийн дотор төлбөрөө төлнө” гэлээ. Монголд газар ийм үнэд хүрч байсан тохиолдол байхгүй. Энэ удаагийн дуудлага худалдаа газрын үнэ цэнийг өсгөж өгснөөрөө ач холбогдолтой юм. “Таван богд” группийн 23 тэрбум 850 сая, Абдул Каримын дэнчин болох 715 сая төгрөгтэй нийлээд хуучин хэвлэх үйлдвэрийн газар 24 тэрбум 565 сая төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлж буй юм.

Хэвлэх үйлвэр. 1929он

Төрийн ордны хажуудах 2698 метр квадрат газарт ямар барилга сүндэрлэх вэ гэдэг нь бас сонин. Төрийн ордны урт 180 метр гэдэг. Тэгвэл хуучин хэвлэх үйлдвэрийн байрны урт 100 метр. Хэвлэх үйлдвэрийн байрны эргэн тойрны ихэнх газар нь “Таван богд”-ынх. Тэр утгаараа ижил загвартай олон барилга баригдах байх гэсэн таамаг бий. Тэгвэл “Таван богд” групп хотын төвийн, Монголын түүхэн дурсгалт газруудын нэг болсон Хэвлэх үйлдвэрийн барилгыг хуучны загвараар нь үлдээхээр зураг төсөл гаргажээ. Өөрөөр хэлбэл, 1929 оных нь байдлаар сэргээн барьж “Galleria Ulaanbaa­tar” худалдаа, үйлчилгээний төв нээн ажиллуулахаар төлөвлөжээ. Мөн түүндээ Улаанбаатар хотын музейг байгуулах гэнэ. “Galleria Ulaanbaatar”-т “Lexus”-ийн үзүүлэнгийн танхим, “Говь” болон дэлхийн алдартай брэндүүдийн нэрийн дэлгүүр, ресторан байх аж. Харин хэвлэх үйлдвэрийн цаана байгаа газартаа орчин үеийн шийдэлтэй өндөр, хос барилга сүндэрлүүлэх нь зураг төслөөс харагдаж байна. Тодруулбал, 18 давхар цамхаг босгохоор төлөвлөжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *