Categories
булангууд мэдээ эх-орон-сумаас-эхэлнэ

Уулсын өндөр хайрхнуудтай Унаган нутаг Буянт мину

Манай нутгийнхан Буянт уулаараа овоглоод Мөнх цаст хайрхан уулынхаа хормойд, сүрлэг өндөр сарьдаг хавцлууд, ширүүн урсгалтай Сагсай, өмнө хойт Хөлцөөт, Буянт, Өмнө голууд, нөмөр ихтэй уул хангайгаа өгсөн уруудаж өвөл зунтай золгосоор цаг цагийнхаа ажлыг амжуулж, цаглашгүй ихийг бүтээсээр лав л 70 гаруй жилийг өнгөрөөжээ.

Буянт сум нь Ардын хувьсгалаас өмнө Алтайн Урианхайн долоон хошууны нэг Сагсайн хүрээ хийдтэй төвлөн Ах сум, Түмт, Сангийн, Оорцог, Урианхай, Гонзгой зэрэг зургаан суманд харьяалагдаж байжээ.

1925 оноос Алтайн Урианхай аймгийн итгэмжит гүний Жаргалант Сагсай сум, 1929 оноос Чандмань уулын аймгийн Алтайн хошууны “Нармандах” сум байгаад 1931 оноос Ховд аймагт харьяалагдаж 1934 онд татан буугдаж Жаргалант Сагсай сумтай нэгтгэжээ.

1940 онд Баян-Өлгий аймаг байгуулагдсаны дараа 1942 оны гуравдугаар сарын 10-нд сум багуудаас сонгогдсон 21 төлөөлөгчийн хурлаас “Буянт” нэртэй сумыг байгуулж, төвийг нь Өмнө хөлцөөтийн голын Монтрог Хөх толгойн хажууд суурьшуулж, сумын захиргааны тэргүүлэгчдэд есөн хүнийг баталж, сумын даргад Н.Мөнх, нарийн бичгийн даргад Н.Жимбээ нарыг сонгожээ.

Сумын хөгжлийн ирээдүйг харгалзан үзэж 1947 онд Сагсайн голын Хойд хөвөөнд Хөндий сайгийн аманд иргэд хөдөлмөрчдийн тусламжаар барьсан арван тасалгаатай бага сургуулийн хичээлийн байрыг ашиглалтад оруулснаар сумын төв одоогийн байрлалдаа шилжин төвлөрч эхэлсэн.

Буянт сумын 184567 мянган га нутаг дэвсгэрт 660 өрхийн 2488 хүн амьдарч мах, сүү, ааруул, тос, ноос ноолуурын гол үйлдвэрлэл хийгээд ачаа уналгын өдөр тутмын хэрэгсэл болсон 110 гаруй мянга орчим толгой мал сүрэгтэй. Буянтын хүн амын дийлэнх нь урианхайчууд. Монголчуудын эрт эдүгээгийн угсаа түүхийн явцад идэвхтэй оролцож олон зууны туршид алдар нэрээ дуурсгасаар ирсэн эртний хүчирхэг овог аймгийн нэг бол урианхайчууд юм.

Манай сумынхан хэзээний ажилсаг, хөдөлмөрч, шударга, шулуун зантай хүмүүс. Тус сумаас олон арван алдар цуутнууд төрж гарсан нь үүнийг гэрчилнэ. Улсынхаа дархан хил хязгаарыг хамгаалахад биеэр оролцсон олон ахмад дайчдын нэрсийн жагсаалтад 1912 онд Ховдыг Манжаас чөлөөлөх дайнд Урианхай хошуудаас Лувсангаар удирдуулсан анхны 300 цэргийн бүрэлдэхүүнд тус сумын ардуудаас Д.Ажрах, Г.Царцаа, Д.Мятаг, Х.Хорхой, Ж.Цэдэв, Д.Даш нар багтжээ. Баруун хязгаарыг цагаантнаас чөлөөлөх тулалдаанд Ш.Тэвэгт, Ж.Бөөдөө, Д.Баярмагнай, Ш.Лувсан, Хүдэрчулуун нарын хүмүүс оролцож явсан. 1939 онд Буянт сумаас анх цэрэгт татагдсан эрчүүдээс Халхын голын байлдаанд Д.Гармаа, Б.Тарав, Н.Санжмятав, З.Мами нар оролцож Д.Гармаа гавьяа байгуулж, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан.

1945 оны чөлөөлөх дайнд Г.Гоёохүү, Х.Лоодон, Н.Буянжиг, Б.Цэдэн, Ц.Батаа, Б.Тогмид, Б.Шалмаа, Б.Орсоо нар оролцож Г.Гоёохүү Алтан гадас одонгоор, Х.Лоодон Байлдааны хүндэт медалиар тус тус шагнагдсан.

1940-1948 онд Байтаг богд, Баруун хилийн тулгаралтад Б.Пунцаг, Б.Төмөр, Х.Төлетай, Д.Шадрав, О.Кап, Б.Лүндэг, Д.Сүх, Ц.Мөнхжаргал, Н.Мэндээ, Э.Цээрэн, Ө.Дүгэр, П.Гулжаан, Ө.Түнжин, Ж.Цэрэв нар оролцож гавьяа байгуулсан байна.

Улсын анхдугаар хурлаас эхлэн II, III их хурлуудад төлөөлөгчөөр оролцож улсын бага хурлын гишүүнээр гурван удаа сонгогдож байсан Ш.Тэвэгт, 1940 онд Улсын VIII их хуралд төлөөлөгчөөр оролцсон анхны эмэгтэй Б.Энгээ, 1949 онд Улсын их хуралд Т.Өтнөө, Б.Дорж нар төлөөлөгчөөр оролцсон.

1996-1998 онуудад Монгол Улсын Хууль зүйн Яамны сайд УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан С.Батчулуун энэ нутгийн уугуул.

АИХ-ын депутатаар малчин П.Хөх, М.Батшүлэг, Г.Борхүү, сум нэгдлийн дарга Б.Лишээ нар сонгогдож 1990 оны анхны чөлөөт сонгуулиар тус сумын харъяат Я.Хүрлээ Их хурлын депутатаар сонгогдож “Шинэ Үндсэн хууль”-ийг батлалцсан болно.

Төрөлх сумандаа төр, засгийн байгууллагыг олон жил удирдаж, идэвх зүтгэл, санаачилга гарган хөдөлмөрлөж байсан Т.Өтнөө дарга зохион байгуулах, хүнтэй ажиллах талаараа үнэнхүү гайхамшигтай нэгэн байлаа.

Буянт сум нь хойд талаараа мөнх цаст хайрхан уулын нуруугаар Цэнгэл, Сагсай сумтай, зүүн талаараа Зөөлөн Хужирт, Нарийны нуруугаар Бугат сумтай, урд талаараа Цагаан салаа багийн нутгаар Толбо сумтай, баруун талаараа Хөх Сэрхийн нуруу нарийн Чихэртэйн голоор Алтай сумтай тус тус хил залгана.

Халбан Бөөрөгт, нарийн Хужирт, Бургастай зэрэг сүрлэг уулс олон бий. Сумын төвийн баруун урдуур урсан өнгөрдөг Монгол Алтайн арван гурван давааны нэг болох Хайртын даваанаас эх авсан Сагсай гол 100 гаруй км урсан Ховд голд цутгадаг. Мөнх цаст уулуудаас эх авсан Буянт, өмнө, хойд Хөлцөөт Бөөрөгт, Өмнөгол зэрэг ширүүн урсгалтай голууд байдаг.

Сумын нутаг ашигт малтмалаар элбэг баян, хүдэр болон шохойн чулуу, нүүрсний занар, улаан зос, хар, цагаан шавар элбэг тохиолддогоос гадна олон өнгийн шороон будаг байдаг нь тогтоогдсон.

1980-аад оноос “Нармандах” нэгдлийн орлогч даргаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гарсан, ахмад ажилтан Муратханы Тогторхан гуай санаачлан өмнө Хөлцөөтийн улаан үзүүр Халзангийн давааны аманд байдаг өнгөт шороог элдэв тосонд хийж туршилт хийсний дараа олифтой найруулж тосон будаг гарган авч тухайн үед ЗХУ-ын Барнаул хотын химийн лабораториор чанарын тодорхойлолт гаргуулан тосон ба шороон будгийн иж бүрэн үйлдвэр байгуулснаар ШБОС-ын гэрчилгээ авч, ШУТУлсын хорооны шагнал хүртэж байсан түүхтэй. Уг үйлдвэр нь тухайн үедээ жил бүр нэг сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж Улаанбаатар, Баянхонгор, Увс, Ховд, Завхан зэрэг 16 аймаг хотын барилгын байгууллагад тосон ба шороон будаг нийлүүлж байв.

1997 оноос будгийн үйлдвэрийг төр захиргааны ахмад ажилтан, С.Тэнээгийн санаачилга идэвх оролцоотойгоор Монгол, Орос, Хятад улсын тусламжтай хайгуулын ажил хийлгэн 100 гаруй жилийн нөөцтэй 14 өнгийн шороон будгийн орд газар гэдэг нь тогтоогдсон. Энэ нь тус сумын нутагт төдийгүй Монголдоо ховорхон орох арвин их баялагтай барилгын материалын үйлдвэр болох бүрэн боломжтой юм.

Манай сумын хувьд хувьсгалын жилүүдээс өнөөдрийг хүртэл 20 гаруй малчин улсын аварга, сайн малчин, залуу аварга малчин, энх сүрэгтнээр тодрон гарч төр засгийн шагналуудыг хүртэж байсан болно.

Манай сумаас нэр алдар нь улс даяар түгсэн олон арван хөдөлмөрийн баатар гавьяатнууд эрдэмтэн мэргэд ч бас цөөнгүй төрөн гарсан билээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Батаа, Ж.Дампил,Б.Цээхээ, Г.Борхүү, гавьяат тээвэрчин М.Дондог , гавьяат уурхайчин Ж.Хинаят, гавьяат багш Б.Баяжих, ХАА-н гавьяат Б.Лишээ, ХАА-н Шинжлэх ухааны доктор А.Хөхөө, А.Магаш,Техникийн шинжлэх ухааны доктор Ц.Сосорбарам, Биологийн ухааны доктор, Б.Оюунсанаа нарыг дурдахгүй өнгөрөх аргагүй юм.

Монгол Улсын Ардын жүжигчин, кино найруулагч, эсрэг талын дүрээрээ гайхагдсан Б.Дамчаа, Ардын жүжигчин, нэрт бүжиг дэглээч, их бийч Р.Самжид, телевизийн авьяаслаг хөтлөгч, сэтгүүлч, Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Ёолк, ардын язгуур урлагийн наадмын удаа дараагийн шагналт, тэргүүний уран сайханч П.Наранцогт /Чохоон/, уртын дууч Ц.Шээрэв, дуурийн дуучин С.Төмөр, С.Батчимэг соёлын тэргүүний ажилтан, Хан Хэнтий чуулгын дуучин Б.Даваажав, бүжигчин Р.Чилгэр, дуучин СТА С.Энхтайван, дуучин, хөтлөгч О.Ичинноров, Монгол Улсын мэргэн харваач, урианхай, буриад сурын улсын мэргэн, спортын мастер М.Батгэрэл, Монгол Улсын мэргэн, спортын мастер Б.Баярсайхан, Урианхай сурын эрхий мэргэн, спортын мастер Ч.Жамбал, Урианхай сурын улсын мэргэн, спортын мастер Б.Насанбат, О.Эрдэнэбилэг, Ж.Мягмар, Б.Мөнхтөр, Х.Бямбажав нар төрж өссөн Буянтаараа овоглон дуудуулж төрийн наадмын ногоон дэвжээ, театр урлагийн алтан тайзнаа, телевизийн цэнхэр дэлгэцнээ сум орныхоо нэрийг дээдлэн мандуулж ирснийг яахан мартахав.

Ахмад харваач Д.Авирмэд, О.Шаймаа, П.Гүнчин, З.Баньд, П.Ишээхүү Б.Мичир, Ц.Тавьхиа, П.Жарантай, Р.Мөнх, П.Дүгэр, Я.Хүрлээ, Ө.Бааст, Р.Самдан, Б.Цэрэндорж нарын харваачид сурын спортыг баг, сумандаа хөгжүүлэх талаар байнгын идэвх зүтгэл санаачилга гарган ажиллаж ирсэн билээ.

Одоо Буянт сумаас сурын спортоор Улсын мэргэн, спортын мастер 10 гаруй, аймгийн мэргэн арваад, спортын дэд мастер арваад, сумын мэргэн 20 гаруй төрөн гарсан байна.

Сүүлийн жилүүдэд тус сумын уугуул иргэдээс төв ба орон нутгийн төрийн захиргаа, цэрэг армийн салбаруудад идэвх зүтгэл гарган хөдөлмөрлөж яваа шилдэг хүмүүсийн тоонд Зэвсэгт хүчний 016, 256 дугаар нэгтгэлийн захирагчийн техникийн орлогч, 204 дүгээр ангийн захирагчаар ажиллаж байсан, бэлтгэл хурандаа агсан Т.Тогтох, Зэвсэгт хүчний Алдар нийгэмлэгийн орлогч даргаар ажиллаж байсан, Монголын чөлөөт зохиолчдын холбооны гишүүн, бэлтгэл дэд хурандаа, агсан Р.Дэлэг, Армийн улс төрийн газар, тусгай ангийн улс төрийн орлогчоор ажиллаж байсан бэлтгэл хошууч Д.Намхай агсан нар болон Иргэний нисэхийн онгоцны техникчээс хуягт танкийн командын мэргэжлээр ЗХУ-ын Малиновскийн нэрэмжит Хуягт танкийн академи төгссөн ахмад багш, эдүгээ 83 настай бэлтгэл дэд хурандаа Ц.Гончиг /одоо ч энх тунх нийслэл хотод амьдарч байна/, аймгийн НАХХ-ийн дарга, асан хурандаа Ц.Авирмэд, аймгийн цэргийн штабын даргаар ажиллаж байсан, бэлтгэл хурандаа Б.Жуваа, Ховд, Дорноговь аймгийн АДХГЗ-ны хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн захиргаа хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан Р.Буяндэлгэр, аймгийн ерөнхий прокурор хууль цаазын итгэмжит зөвлөх Т.Батсүх, аймгийн ХҮХ-ийн дарга Б.Цэрэндорж, уул уурхайн инженер З.Хэнзээ, Хүний их эмч, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан А.Эрдэнэцэцэг, ахмад багш АБТА Ж.Сосор нар тус сумаас төрөн гарсан билээ.

Сүүлийн үед манай сумаас ажил хэрэгч, бизнесменүүд олноор гарч ирж байна. Тэдний дотроос аймгийн ИТХ-ын тэргүүлэгч гишүүн Т.Нансалмаа, С.Алтанцоож, мөн ИТХ-ын төлөөлөгч М.Бат-Очир, “Цамбагарав ХХК”-ийн ерөнхий захирал Б.Энхболд, гэргий Т.Наранцэцэг, аймаг болон Буянт сумын төвд Ө.Минжин, Ө.Хуатхан, Д.Хурмет, Х.Манарбек, Б.Хорлоо, Хэнтий аймагт Ж.Баянцагаан, Ц.Цэнгэлсайхан, Улаанбаатар хотод Ч.Оюунхүү, Ц.Намжаа, Ц.Саруулхүү, Б.Баттулга нарыг онцлон нэрлэмээр байна.

Хайрхан сүрлэг уулс хадган цэнхэр голуудтай манай Буянтынхан урианхай, казахаараа хүүрнэж, өтгөн шаргал цайгаа ууж, хүүхэд багачуудаа өсгөн хүмүүжүүлж төрж өссөн газар шороо, нутаг усандаа эзэн болж байгалийн хэцүүг хүч чадлаараа даван хөдөлмөрлөж төр засгийнхаа өгөөмөр түшигт түвшин амьдарч байна.

Хурандаа

Б.Жуваа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *