Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гэр хорооллын гудамж бүрийг шөнийн харуултай болгоё

Нийслэл хотод гурав хоногийн дотор таван хүүхэд гэртээ шатсан харамсалтай хэрэг гарлаа. Ер нь ийм таагүй мэдээ хотын гэр хорооллууд, захын хороонуудаас голдуу дуулддаг.

2005-2015 оны хооронд улсын хэмжээнд объектын гал түймэрт 210 хүүхэд өртөн нас барж, 88 хүүхэд түлэгдэж, хэзээ ч арилшгүй шарх сорвитой үлдэж эрэмдэг болжээ. Энэ бол галын гэнэтийн аюулд өртөж нас барсан хүүхдүүдийн тоо. Үүн дээр насанд хүрэгчдийн өртсөн байдлыг нэмбэл их тоо гарна. Гэр хорооллуудад гарч байгаа гал түймэр ихэвчлэн шөнийн цагаар буюу хүмүүсийг дуг нойрондоо дугжирч байхад гардаг нь олон хүний амь настай холбоотой гэнэтийн хүчин зүйл болчихоод байгаа юм. Гэр нь шатаж эхэлж байгаа айлыг хараад гүйж очоод хүний амь насыг авардаг шөнийн харуул манааны үүрэг гүйцэтгэдэг хүмүүс манай нийслэлд хэрэгтэй болоод байна. Гал гарч утаа май дүүрэх үед унтаж байгаа хүмүүс сэрж чадахгүй тэр чигээрээ угаартчихдаг. Хэрэвзээ тухайн гудманд шөнийн харуул байвал утаа савсч байгаа айл руу ороод хүмүүсийг гэрээс нь чирч гаргаад олон хүнийг галын аюулаас салгана.

Дэлхийн хотуудын үүслийг сонирхоход шөнийн харуул манаанаас л түүх нь эхэлсэн байдаг. Эзгүй хээр талд хэн майхан сав, байшин сууцаа барьж суурьшихыг хүсэхэв. Махчин араатан, гэнэтийн дайсан шөнийн харанхуй дундаас гэтээд гараад ирж болзошгүй тул байнгын хараа хяналт, хамгаалалт хэрэгтэй болсон хэрэг. Харуулын цамхаг боссон газарт хүмүүс олноороо ирж бөөгнөрсөн нь хотууд үүсэх улбаа байж. Хот үүсч эхэлсэн тэр цагаас л хотын иргэдийн арван хүн тутмын нэг нь сэрүүн байж, харуулын цамхагт буй манаач нартайгаа хамтарч хот тосгодынхоо амар амгалан, аюулгүй байдалд хүчин зүтгэдэг байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн нь бий.

Ямар ч улсын цэрэг арми дайсан руугаа харуул манаа, анхаарал нь суларсан шөнийн цагийг сонгож довтолдог. Тэр утгаараа довтлох дайсан, араатан амьтан, гал түймэр, аваар осол, байгалийн гамшгаас сэргийлж харуулын болон гэрэлт цамхгуудыг босгодог байж л дээ. Тэгээд тэр харуулын цамхгийг тойрч, эсвэл ойролцоо нь хот үүсч эхэлдэг. Хүн төрөлхтний хотын үүсэл ердөө л энэ. Харуулын цамхаг бараадсан хүмүүсийн соёлтой, ухамсартай бөөгнөрөл.

Улаанбаатар хот айлууд нь айлуудаа бараадаж шамбааралдсан эх захгүй гэр хороололтой. Нийслэлийн гэр хороолол гэж толгой эргэм нүсэр газар л даа. Гэтэл тэр уул толгой, хошуу, хөндийг дүүргэсэн том хороололд шөнө сэрүүн хонож байгаа нэг ч хүн үгүй. Хорооны цагдаа яах вэ, дуудлага гарвал ирнэ. Хорооны дарга, даамал нь ажлын цагаа дуусахаар яваад өгчихнө. Бүх айлууд гэрлээ унтраагаад унтчихаар тэр том гэр хороолол нэг ёсондоо эзгүй болж байгаа юм. Үнэндээ гэр хорооллын эх захгүй гудамжуудыг шөнийн цагаар харж хандаж, юу болж байгааг мэдэх хүн үгүй. Цагдаа нь хааяа явж эргүүл хийдэг байх л даа.

Гэр хорооллынхон маань ийм нөхцөл байдалд амьдарч байгаа болохоор гудмуудыг шөнийн харуул манаатай болгох шаардлага гарч байгаа юм. Хэрэв харуултай болгоё гэвэл нэг хороонд ганцыг ажиллуулбал ямар ч үр дүнгүй. Гудам болгоныг харуултай болгох хэрэгтэй юм. Нэг харуул нэг гудмыг харж хандаад эхэлбэл гал түймэр гарлаа ч дахиж ганц ч хүүхэд гэртэйгээ шатаж хорвоог орхихгүй, бас элдэв янзын сэм хэргүүд ч багасч мэднэ.

Дээр өгүүлсэн дэлхийн хотуудын түүхийн тухай яриандаа эргэн оръё л доо. Белгийн Брюселль хотод байдаг шээж буй хүүгийн хөшөө дэлхийн алдартай хөшөөдийн нэгээр нэрлэгддэг. XV зууны үед нэгэн айлын хүү шөнө дунд бие засах гэж аав, ээжийгээ сэрээжээ. Эцэг эх нь босч хүүгээ шээлгэх гэтэл байшингийнх нь цонхоор гадаа гал дүрэлзэж байгаа нь харагджээ. Хүүгийн эцэг эх хот нь шатаж байгааг хараад дуу чимээ гаргаж оршин суугчдыг сэрээж галын аюулаас аврагдацгаасан гэдэг. Хэрэвзээ хүү шөнө бие засахаар сэрээгүй бол тэр хот үнсэн товрого болж, түүхийн хуудаснаас арчигдах байсан ч юм бил үү. Ингээд хотынхон өөрсдийнх нь амь насыг аварсан төдийгүй хотынхоо хувь заяаг хамгаалсан хүүд талархаж хөшөөг нь босгож гавьяаг нь мөнхөлсөн юм билээ. Белгичүүд тэр хүүгийн талаар дурсахдаа “Хотын галыг шээсээрээ унтраасан баатарлаг хүү” хэмээн бахархан ярьдаг.

Гэрийн тэжээмэл галуу бүхэл бүтэн хотыг аварсан гайхалтай түүх ч бий. Шөнө дунд харийн дайснууд довтлохоор уул даван орж ирэхэд галуу морьдын төвөргөөнийг мэдэрч эздийнхээ гэр рүү орж чанга ганганаж, чимээ өгч сэрээсэн байдаг. Галууны дуунаар сэрсэн айлынхан тэртээ алсаас бамбарын гэрэл улалзан ойртож буйг хараад тэжээмэл шувуу нь юуны учир чанга дуугарч цочоосныг ойлгосон тухай домог мэт яриа байдаг. Энэ хоёр түүхээс харахад хотын оршин суугчдын хэн нэг нь сэрүүн байж гэмээнэ бусдыгаа болзошгүй аюулаас авардаг байх нь. Иймээс л хотын иргэдийн арван хүний нэг нь сэрүүн байх ёстой гэдэг дүрэм үйлчилсээр ирсэн байх.

Монголчууд нүүдэлчин ард түмэн учир энэ талаар юу ч мэдэхгүй, саяхнаас л суурьшиж эхэлж байгаа болохоор. Харин бид хотуудыг яаж довтолж, эзлэхийг мэддэг, тэрэнтэйгээ холбоотой түүхээ л ярьцгаадаг.

Монголчуудын баруун дахь байлдан дагууллын дунд Польш руу довтолсон баримтуудыг ихэд сөхдөг. Талын Монгол гэх айхавтар дайчид дэлхийг дайлаар мордож байна, нааш ирж байна гэх мэдээ дуулсан барууныхан үргэлж л цайз цамхгийнхаа оройд холын хараа сайтай цэргүүдээ байрлуулж урьдчилан анхааруулах даалгавар өгдөг байсан юм билээ. Польшийн хот руу дайрах үед монгол дайчдыг харсан лам харуулын цамхгийн хонхыг цохих агшинд хүзүүг нь нэвт харвачихдаг. Гэсэн ч хотынхон хонхны дуунаар сэхээ авч талын дайчид хэдийнэ цайзын цаана ирснийг мэдэж хариу довтолгоонд орж амжсан байдаг. Польшууд хонх цохисон тэр ламын тухай одоо ч дурсдаг. Түүхийн бичиг судруудад үлдсэн довтолгооны тактикуудад аливаа хот сууринг довтолъё гэвэл эхлээд харуулын цамхгийг нь чимээгүй эзэл гэдгийг дурдсан байдаг. Харин одоо бид тэр довтолж байсан суурин иргэншилдээ амьдарч, дасч эхэлж байна.

Одоо бидэнд довтлох айхавтар дайсан үгүй ч гал түймэр, байгалийн гамшиг гэсэн гэнэтийн аюул байна. Гэр хорооллын гудамж болгоноо бэлэн байдалтай харуултай болгочихвол эзэнгүй мэт гэр хорооллын шөнийн амьдрал жаахан ч гэсэн баталгаатай болно.

Улаанбаатар хотын нийт өрхийн 60 гаруй хувь гэр хороололд амьдардаг. Тэгэхээр шөнийн харуул гэдэг шинэ алба, ажилтнуудтай болчихвол олон хүн гэнэтийн аюулд өртөхгүй, нөгөө талдаа эзэнгүй мэт шөнийн гудмууд харах хүнтэй болчихно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *