Categories
мэдээ улс-төр

Ч.Сайханбилэг: Ил болсон хөрөнгө, орлого 6.1 их наяд төгрөг болоод байгаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр үдээс хойш 51.3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын дарга танилцуулсан. Түүний дараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийсэн юм. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр 3.5 их наяд төгрөгийн орлого шинээр бүрджээ. Хуулийг хэрэгжүүлэх журамд заасны дагуу 578.7 тэрбум төгрөгийн татвар болон 173.9 тэрбум төгрөгийн торгуулиас чөлөөлөгджээ. 1737 аж ахуйн нэгж, байгууллага хуульд хамрагдах хүсэл илгээснээс 674 тайланг албан ёсоор баталгаажуулсан байна.

Ерөнхий сайд мэдээллийн үеэр “Засгийн газар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлж, Засгийн газраас батлан гаргасан журмын дагуу хувь хүн, хуулийн этгээдийн нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа сайн дурын үндсэн дээр ил болгон мэдүүлэх, албан татвар, хураамж, шимтгэл төлөлтийн тайланг хүлээн авч хуульд заасны дагуу эд хөрөнгө, орлогыг нөхөн бүртгэж байна. Тэдгээр хөрөнгө, орлогод ногдох торгуулийг чөлөөлөх арга хэмжээг 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм. Хуулиар хөрөнгө, орлогоо ил болгож бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнах хугацаа дууссаны дараа хуулийн хэрэгжилтийн талаарх нэгдсэн бүртгэл тоо мэдээллийг гаргаж, хуулийн хэрэгжилтийн үр дүнгийн талаар УИХ-д мэдээлэхээр төлөвлөж байна. Хуулийн үйлчлэлийн хугацааг сунгаж өгөөч гэдэг хүсэлт ирж байгаа. Нийт иргэд, аж ахуйн нэгжүүдийг тайлан мэдээгээ үнэн зөв, цаг хугацаанд нь өгөхийг мэдээлж байна. Та бүхний тайлангийн мэдээллийн нууцыг чандлан хадгална. Тайланг нотлох баримт болгон ашиглахыг хуулиар хориглоно. Хуулийг хэрэгжилтийг идэвхжүүлэх чиглэлээр үлдсэн хоногуудад эрчимтэй ажиллана” хэмээн онцолж байлаа.

Ерөнхий сайд мэдээлэл хийснийхээ дараа УИХ-ын гишүүдийн асуултад хариулсан юм.

УИХ-ын гишүүн Д.Батцогт:

-Аймаг, суманд уг хуулийн талаарх мэдээлэл дутмагаас хамрагдах боломж хомс, хоцорч байгааг иргэд ярих боллоо. Хуулийн үйлчлэх хугацааг сунгах нь зөв. Сурталчилгаагаа хангалттай хийгээгүйгээс хашаа байшингаа өөрийн нэр дээр болгох, малын тоон дээр ч асуудал гарч байгаа. Сумынхаа татварынханд мэдээлэл өгсөн үү. Ямар алхам хийж байгаа юм бэ. Хугацаа тавибал ямар хугацаа байвал зохимжтой вэ?

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:

-Хугацааг сунгах дохио нь хэрэгжилтэд сөрөг нөлөөлөл үзүүлэх байх. Энэ сарын 31-нээр дуусгавар болно гэдгээр ажиллаж байна.

Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан:

-Аймаг, сум, Улаанбаатар хотын хэмжээнд сургалт хийсэн. Зарим нэг хүндрэлтэй газар бий. Хөдөөд хоцорч байгаа тал бий. Бүх байцаагчдаа боломжтой нөхцөлөөр нь хангаад өгч байгаа учраас ажиллагаа хэвийн явж байгаа.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-3.5 их наяд төгрөгийн хөрөнгө орлого ил боллоо гэж байна, өөр хүний нэр дээр бүртгэлтэй байгаад гарсан хөрөнгө, орлого уу. Огт бүртгэлгүй байсан юм уу. Хэд нь өөр хүний нэр дээр шилжсэн байгаа юм бол. Энэ хэмжээгээр эдийн засаг өснө гэх үү. Хугацааг нь жаахан сунгаад өгчихвөл яасан юм бэ. Нууц нь хадгалагдах уу гээд иргэдийн дунд эргэлзээнүүд бий. Нууц алдагдсан, хүний нэр төрд халдсан юм дуулдахгүй байгаа ч мэдүүлэх болоход цаг хугацаа тулсан юм байх шиг?

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:

-Хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хэд, хэдэн байгууллага хамтарч ажиллах шаардлага гарч байгаа. Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар. Өчигдрийн (уржигдар) байдлаар авахад ил болсон хөрөнгө орлого 6.1 их наяд төгрөг болж нэмэгдсэн. Маш их хэмжээний бичиг цаас бүрдсэн, цаана нь бас байна.

Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан:

-Манайд 224 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэр шинээр бүртгэгдсэн. ААНОАТ-аар 3.7 их наяд, ХАОАТ-аар 2.2 их наяд, үл хөдлөх хөрөнгөөр 224 тэрбум ил болсон. Хуулийн хэрэгжилт арванхоёрдугаар сарын 31 хүртэл байгаа. Хугацаа сунгахгүй гэдгээр бүх хүчээ дайчлаад ажиллаж байна.

Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Уртнасан:

-355 ажил олгогчийн 1.7 тэрбум төгрөг илэрсэн. 50 мянган аж ахуйн нэгжид харилцах дансаар нь дамжуулан урилга илгээсэн.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-Ил болсон хөрөнгө орлогын хэмжээ өндөр тоо сонсогдож байна. Тэр болгоны ард албан тушаал авлига хээл хахууль явсан байгаа. Юутай холбоотойгоор ийм асуудал үүсэв. Эргэж дүгнэлт хийх зүйл болно. Өнгөрсөн хугацаанд эрх мэдэл албан тушаалаар дамжуулж нийгмийн баялгийг хуваарилах алдаа гарсан. Цөөн хүнд газар, лиценз очсон. Одоо бүгдийг өршөөж байгаа. Тоо гаргаж өгмөөр байна. Хэчнээн хүн боломжид хамрагдаж чадав?

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:

-Ил тодын хуулиар татварын орлого бусад эд хөрөнгө ил болсноос ямар мөн чанарыг илэрхийлж байна вэ гэдгийг араас нь залгаад анализ хийх шаардлагатай болж байгаа. Татварын хуулийг илүү төгс боловсронгуй болгох, аж ахуйн нэгждээ ээлтэй болгох чиглэлээр илүү олон зүйл хийх хэрэгтэй болж байна хэмээв.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн төслийн хэрэгжилттэй холбоотойгоор Ерөнхий сайдын мэдээллийг сонсч, гишүүд сонирхсон асуултдаа хариулт авч дууссаны дараа Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж баталлаа. Тус хууль батлагдсанаар банкин дахь хадгаламжийн хүүнээс татвар авахгүй болж байгаа аж. Энэ үйлчлэл 2018 он хүртэл хүчинтэй байх юм байна. Мөн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 77.6 хувийн саналаар дэмжин баталлаа. Уг хууль батлагдсанаар сэргээгдэх эрчим хүч түүнийг байгуулахтай холбоотойгоор импортоор орж ирэх тоног төхөөрөмжийг гаалийн татвараас хөнгөлөх аж.

Ингээд түр завсарлаад Төсвийн байнгын хороо хуралдаж, хэлэлцсэн асуудлаа оруулж ирснээр чуулганы нэгдсэн хуралдаанаар Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 89.1 хувийн саналаар дэмжин баталлаа. УИХ-аас 2016 оны нэгдсэн төсвийн хуулийг батлахдаа Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрыг нэгтгэх шийдвэр гаргасан юм. Үүнтэй холбоотойгоор хоёр газрын үйл ажиллагааг нэгтгэх зохицуулалт дээрх төсөлд тусчээ. Татвар болоод Гаалийн ерөнхий газрыг 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэгтгэх юм. Тиймээс УИХ дээрх хуулийг баталснаар хоёр агентлаг нэг болж ажиллахад саадгүй болж буй аж. Мөн Сангийн сайдын тайлбараар бол хоёр агентлаг нэгдэхэд 100 орчим хүн ажлаасаа чөлөөлөгдөх юм. Энэ асуудлыг шийдсэнээр УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаан өндөрлөлөө.

Ж.БАЯРСАЙХАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *