Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Да.Ганболд: 2018 оноос зэсийн үнэ гарцаагүй өснө

Уул уурхайн сайд Р.Жигжидийн оролцсон “Сайдын цаг”-т “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Да.Ганболд нар иржээ. Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтад зарцуулагдах 4.4 тэрбум ам.долларын зээлийн гэрээ хоёр хоногийн өмнө батлагдсан учраас тэд оролцож байгаа юм байна. Уул уурхайн сайд эхлээд салбарынхаа анхаарал татахаар мэдээллүүдийг хүргэв. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлын хувьд орон нутгаас АМГ-ын саналын эсрэг шийдвэр гаргах явдал гарсаар байгаа аж. Энэ асуудлыг хуулийн хүрээнд зохицуулахаар ажиллаж эхэлжээ. Өнөө жил нийтдээ 48 уурхай, баяжуулах үйлдвэр ашиглалтад хүлээж авсан юм байна.

Стратегийн ордууд дээр хэрэгжиж буй төслүүдийн явцыг мөн сонирхуулав. Стратегийн ордод багтаасан Гацууртын ордод төрийн эзэмших хувь хэмжээг тогтоохоор засгаас УИХ-д хандчихаад байгаа. Р.Жигжид сайд “Уг нь өнөөдөр УИХ-ын чуулганы хэлэлцэх асуудалд Гацууртын орд орсон. Гэхдээ ирц сайн бүрдээгүй гэсэн шалтгаанаар хэлэлцэх эсэх нь тодорхойгүй байх шиг байна” гэж ярилаа.

Германаас хөрөнгө оруулалт татахаар ажиллаж буй зэс, молибдений Цагаан суварга төслийн ажил урагштай байгаа гэнэ. Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн хувьд зэсийн үнэ уналттай гэх шалтгаанаар эдийн засгийн үр ашиг нь сайн биш байгааг сайд онцлов. Засгийн газрын 100 дугаар тогтоолоор Эрдэнэтийг “Эрдэнэс Монгол” компанийн охин компани болгох ажил эхэлжээ. Тэгэхээр “Эрдэнэт” “Эрдэнэс Монгол”-д албан ёсоор шилжиж ирэх нь тодорхой болжээ. Шивээ-Овоогийн ордыг түшиглэж том хэмжээний цахилгаан станц барих ажил урагштай яваа. Хятад руу эрчим хүч экспортлох энэ станцад жилдээ 34 сая тонн нүүрс нийлүүлэх үүргийг манай тал хөрөнгө оруулагчдын өмнө хүлээх юм.

Төрийн өмчит “Шивээ-Овоо” компанийн нүүрс хүрэлцэхгүй учраас энэ орд дээр ашиглалтын зөвшөөрөл эзэмшдэг компанитай хамтарч ирээдүйд баригдах аварга станцад нүүрс нийлүүлнэ хэмээн Р.Жигжид сайд ярилаа.

Монголбанкинд тушаах алтны хэмжээ жилээс жилд нэмэгдэж иржээ. Алт олборлогчид энэ оны эхний арваннэгэн сарын байдлаар 13.9 тонн алтыг төв банкинд тушаажээ. Алт олборлогчдод 256 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох асуудал Засгийн газрын түвшинд яригдаж байгаа юм байна.

Р.Жигжид ураны тал дээр “Цацраг идэвхт ашигт малтмалыг эрэх хайх, ашиглах чиглэлд нэлээд анхаарч байна. Манай улс ураныг шар нунтгийн хэмжээнд хүртэл үйл ажиллагаа явуулах зорилттой. Энэ чиглэлээр өндөр технологитой улсуудын компаниудыг татах, тэдэнтэй хамтрах зорилго бий. Манайх “Мон атом” Чехийн компанитай хамтарсан нь ийм учиртай. Францын “Арева”, Японы “Мицүбиши”-гийн дунд хамтарсан комани байгуулах ажил ид явагдаж байна. Цацраг идэвхт ашигт малтмалтай холбоотой асуудал ҮАБЗ-өөр орж шийдэгддэг байсан. 181 дүгээр зарлиг гарснаар бодлогын шинжтэй асуудал л ҮАБЗ-ийн хэмжээнд яригдаж байна. Хайгуул, ашиглалтын зөвшөөрөл олгох асуудлыг Засгийн газар шийдээд явдаг болсон. Өөрөөр хэлбэл энэ салбарын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд өмнөхөөсөө дөхөм орчин бий болсон” хэмээн ярилаа.

Газрын тосны салбарын хувьд энэ жил бүтээгдэхүүн хуваах гэрээ дөрвийг байгуулжээ. Энэ салбарт өнөө жил хийгдсэн хөрөнгө оруулалт 1.5 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Өнгөрсөн хугацаанд дөрвөн сая тонн газрын тос олборлож экспортолжээ. Төсөвт нэг их наяд төгрөг төвлөрүүлсэн гэсэн статистикийг сайд онцлов. Энэ жилийн тухайд газрын тосны салбарынхан төсөвт 140 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Түүхий газрын тосны үнэ огцом унаж байгаа учраас төсөвт оруулна гэж төлөвлөсөн мөнгө хэмжээндээ хүрэхгүй нь тодорхой болж. Манай улс газрын тосны бүтээгдэхүүнийхээ 94 хувийг ОХУ-аас, хоёр хувийг Хятадаас, хоёр хувийг Өмнөд Солонгосоос, үлдсэнийг нь Литва, Сингапур, Японоос импортолдог юм байна.

“Оюу толгой” компани 2009-2014 оны хооронд 7.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт, хоёр тэрбум ам.долларын борлуулалт хийж, улсын төсөвт 1.3 тэрбум ам.долларын татвар хураамж төлөөд байгааг сайд дуулгав.

Сайдыг мэдээлэл хийсний дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариу авлаа.

Оюу толгойн төслийн санхүүжилт бүтчихлээ. Их хөрөнгө зарсан том гэрээнүүд яг хэзээнээс байгуулагдаж эхлэх вэ?

Б.Бямбасайхан: Оюу толгойн олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас авсан зээл тэр чигтээ гүний уурхайн бүтээн байгуулалтад зарцуулагдана. Бүтээн байгуулалт 5-7 жилийн хугацаанд хийгдэх төсөөлөл бий. 6-7 тэрбум ам.долларын зардал гарах таамаг байна. Гүний уурхайн бүтээн байгуулалтад зарцуулагдах мөнгөний тодорхой хэсгийг банкуудаас зээлж санхүүжүүлж байгаа юм. Барилгын сезон эхлэх үеэр гүний уурхайн бүтээн байгуулалтын томоохон гэрээнүүд зурагдана. Энэ жил “Оюу толгой” компани улсын төсөвт 560 орчим тэрбум төгрөг төвлөрүүлээд байна. Дотоодын худалдан авалт нь 450 орчим тэрбум төгрөгт хүрсэн.

Нүүрсний экспорт ямархуу байгаа вэ, хэчнээн тонн нүүрс экспортлоод байна?

Р.Жигжид: Нүүрсний үнэ ирэх жилийн хувьд ч үргэлжлэн унах төлөвтэй байна. Дэлхийн дулааралтай холбоотой асуудлууд их байна л даа. Нүүрснээс татгалзах хандлага улс орнуудад хүчтэй байна. Саяхан Парист болсон арга хэмжээний гол асуудлын нэг нь хүлэмжийн хий байсан нь үүний тод илрэл. Тэр арга хэмжээний үеэр дэлхийн олон орон нүүрсний хэрэглээгээ хумихаа илэрхийлсэн. Хятад ч тийм байр суурь илэрхийлсэн. Манай ганц хэрэглэгч Хятад ийм бодлого бариад эхлэхээр нүүрсний зах зээлийн ирээдүйд санаа зовохоос аргагүй. Энэ оны эхний арваннэгэн сарын байдлаар 12.9 сая тонн нүүрс экпортлоод байна. 15.5 сая тонн нүүрс экспортлох зорилттой байгаа.

Зэсийн үнэ аажмаар уруудсаар байна. Ирэх жилүүдэд зэсийн үнэ ямар байх бол?

Р.Жигжид: Олон улсын судалгааны байгууллагын үнэлэлт дүгнэлтээс харахад зэсийн зах зээл ойрын үед сэргэх төлөв анзаарагдахгүй байна. Гэхдээ зах зээл олон хүчин зүйлээс хамаардаг учраас огцом өөрчлөлт гарч ирэхийг үгүйсгэхгүй. Уул уурхайн яам зэсийн үнийн хувьд олон улсын болон, дотоодын байгууллагуудын хийсэн судалгааг байнга хардаг. Судалгааны дүнгээс харахад зэсийн үнэ 2011 оны хоёрдугаар сард 10 мянган ам.доллар хүрч байж. Үүнээс хойш тогтвортой унаж байгаа.

Б.Бямбасайхан: Лондонгийн металлын бирж дээр өчигдөр (уржигдар) зэсийн үнэ 4609 ам.доллар байсан. Сүүлийн жилүүдэд ийм бага хэмжээнд хүртлээ унаагүй. 2016 оны сүүл, 2017 оны эхээр олон улсын зах зээл дээр нийлүүлэлтийн хомсдол бий болох төсөөлөл бий. Зах зээлийн олон хүчин зүйлээс болж зэсийн үнэ хэлбэлзэж байгаа.

Да.Ганболд: Олон улсын томоохон байгууллагууд 2017, 2018, ялангуяа 2019 он гэхэд зэсийн ханш нэлээд тогтворжино гэж үзэж байгаа. 2011 оноос хойш тогтмол унаж ирлээ гэж Р.Жигжид сайд сая онцоллоо. Уналаа гэхэд тэг рүү орохгүй нь тодорхой. Зэсгүйгээр хүн төрөлхтөн амьдарч чадахгүй нь ойлгомжтой. Аль хүртэл үргэлжлэх вэ гэдэг таамгууд дээр судалгааны байгууллагуудын тооцоо нэг, хоёр жилийн наана, цаана зөрдөг. 2018, 2019 онд зэсийн үнэ баталгаатай өснө. Дэлхий дээр зэс олборлодог компани тийм ч олон биш. Тэр тусмаа алт үнэ цэнээ хэзээд хадгалдаг. Олон улсын зах зээл дээр байдал хүндрэх тусам алтны үнэ цэн тогтвортой хадгалагддаг. Оюу толгой ордын нэг онцлог нь алт, зэс нэг дороо бий.

Оюу толгойн 4.4 тэрбум ам.долларын зээл эдийн засагт эерэг мэдээ ч Засгийн газрын өр нэмэгдээд байна гэсэн шүүмжлэл сонсогддог?

Да.Ганболд: Нэг зүйлийг ойлгох ёстой. Шуудхан ирэх хавраас мөнгөн бороо ороод ирнэ гэсэн үг огтхон ч биш. Монгол шиг эдийн засаг жижигтэй улсуудад нэг хандлага анзаарагддаг. Удаан жилийн холын стратеги төлөвлөлт дээрээ дандаа алддаг. Гол төлөв богино хугацааны төлөвлөлт хийж, богино хэмжээний бодлого хэрэгжүүлдэг гэмтэй. Сая зурсан гэрээний тухайд макро түвшинд нь харвал дор хаяж хорь, гучин жилийн хугацаанд Монголын эдийн засгийг тогтвортой байлгах үндэс суурь бүрдчихлээ. Янз бүрийн жижиг сажиг шалтгаан, богино хугацааны хямралын шинжтэй үзэгдлүүдээс Монголыг авч гарах, элдэв савлагааг багасгах том төсөл юм.

Оюу толгойн хувьд гадны компаниас зөвлөгөө авахын тулд 17 тэрбум ам.доллар зарлагадсан гэсэн шүүмжлэл байдаг. Энэ тал дээр тайлбар хэлээч?

Да.Ганболд: Гадаад, дотоодын өндөр мэдлэгтэй, мэргэжилтэй, хууль зүйн, санхүүгийн, эдийн засгийн задлан шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгдөг компаниудгүйгээр ийм том гэрээнүүд зурагддаггүй юм билээ. Бидний өнгөрсөн хугацаанд хийсэн алдааны гол шалтгаан нь иймэрхүү зөвлөгөө байгаагүйнх. Тийм учраас хүссэн хүсээгүй ийм зөвлөгөө авах шаардлагатай гэдэг утгаар тухайн үедээ 10 сая ам.долларын төсөв батлагдсан юм. Манай улсын хуулиар 30 хувийг нь татвар гэж авдаг. Гурван сая ам.доллар нь Сангийн яамны дансанд буцаад орчихсон гэсэн үг. Тэгэхээр бодитойгоор зарцуулах мөнгөний хэмжээ нь долоон сая ам.доллар. Долоон сая ам.долларын хувьд бүгдийг нь зарцуулаагүй. Талдаа ч хүрээгүй байгаа. Хувь нийлүүлэгчдийн дундах зөрөөтэй асуудлуудын маргаан хэр хугацаанд үргэлжлэхийг урьдаас харах боломжгүй учраас ийм хэмжээний мөнгө батлуулсан юм. Үлдсэн мөнгөний хувьд өөр бусад макро төсөл, шийдвэрлэх асуудлуудад зарцуулна гэсэн тооцоо, багцаа байна. Зарим нэг популистуудын ярьж байгаа шиг 17 тэрбумыг агаарт цацах хүмүүс бид биш л дээ. Дахин хэлэхэд хаана хаанаа өгөөжтэй гэдэг зөв дүгнэлтүүдийг гаргаж өгсөн учраас хэлэлцээр амжилттай болсон.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *