Categories
мэдээ нийгэм

Гэр бүлийн хүчирхийлэл өнгөрсөн оныхоос нэмэгджээ

Өнгөрсөн лхагва гаригт нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэн 30 настай Э хамтран амьдрагч эмэгтэйгээ хөнөөгөөд цогцсыг нь машиндаа ачиж явсан хэрэг гарсан билээ. Цогцсыг нь хээр аваачиж хаях гэж байгаад цагдаагийн байгууллагад баригдсан. Одоогоор хэргийг шалгаж байгаа учраас ямар сэдлээр хэрэг хийсэн талаар мэдээлэх боломжгүй байна.

Тэгвэл үүнээс өмнө өнгөрсөн тавдугаар сард нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо, “Хөрс” худалдааны төвийн гадна “Toyota Prius” маркийн автомашины тээшинд эмэгтэй хүний цогцос байсныг цагдаа нар олсон билээ. Улмаар шуурхай ажиллан, сэжигтэн этгээд эхнэрээ хөнөөгөөд, машиныхаа тээшинд хийсэн байсныг тогтоосон байдаг.

Энэ мэтчилэн эхнэр, хамтран амьдрагчаа хүчирхийлэх, дарамтлах явдал өмнөх жилээс нэмэгдсэн дүн мэдээг цагдаагийн байгууллагаас өгч байна. Ялангуяа гэр бүлийн хүчирхийлэлд хамтран амьдрагчаас илүүтэй эхнэрүүд өртдөг гэх судалгаа байдаг аж. Энэ талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа П.Эрдэнэцэцэг “Улаанбаатар хотын Цагдаагийн газарт ирж буй мэдээллийн 30 орчим хувь нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой байдаг. Энэ дундаа 40.8 хувийг архидан согтуурсантай холбоотой дуудлага эзэлдэг. 2015 онд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 591 гэмт хэрэг гарсан. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 28 хэргээр өссөн үзүүлэлт юм. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийг нарийвчлан судлахад дийлэнх хэсэг буюу 82 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Субъектээр нь авч үзвэл 62 хувь нь эхнэр, 18 хувь нь хамтран амьдрагч гэж гардаг. Мөн одоогийн байдлаар 27 хүүхэд хохирсон. Эдгээр хүүхдийн 25 нь Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч түр хамгаалах байранд ээжийн хамт хоргоддог. Өнөөдрийн байдлаар 481 хүнийг хамгаалалтад авч ажилласан” хэмээн мэдэгдэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *