Ихэнх далайн морь халуун орны далай тэнгисийн зөөлөн урсгалтай усанд амьдрах хэдий ч зөвхөн энэ зүйлийн далайн морь хүйтэн усанд амьдардаг байна. Энэ зүйлийг эрдэмтэд Аргентин, Шинэ Зеланд, Канад зэрэг орны нуур, мөрнөөс илрүүлжээ.
Эрин галавын үед энэ амьтан далайн сүрт луу байсан ч байж мэднэ. Өдгөө харин усны хамгийн өчүүхэн жижиг амьтдын нэг. Эртний грек хэлний үгийн санд далайн морийг “Hippocampus” хэмээн тэмдэглэн үлдээжээ. “Hippos” нь морь, “kampos” нь “далайн мангас” гэсэн утгыг илтгэдэг аж.
Үлгэрийн амьтныг санагдуулам хачин хэлбэр дүрстэй, өөдөсхөн биетэй энэхүү амьтны амьдрал тун өвөрмөц. Энэ бяцхан морь халуун орны далайн зөөлөн урсгалтай гүехэн усанд ургамал, замаг, хясаа, шүрэн чулуу зэрэг газар бусад амьтдаас биеэ халхлан амьдардаг. Өдгөө дэлхий дээр 40-50 зүйл далайн морь бүртгэгдсэн байна. Мөн хойд Америк, өмнөд Америк, Энэтхэгийн далайгаас шинээр дөрвөн зүйл олджээ.
Далайн моринд араг яс байхгүй ч ясархаг мөгөөрсөн хуягтай. Хүзүү, толгой нь морийг эрхгүй санагдуулах тул далайн морь хэмээн нэрлэсэн биз ээ. Сүүл нь дотогшоогоо мушгиралдсан байх бөгөөд сармагчинтай адил сүүлээрээ өвс ургамал ороон авдаг. Урт нарийхан хошуугаараа тэд хадны ан цав, нүхний завсар байгаа хоол хүнсээ сорж, иддэг. Хошуу нь яг л тоос соруулагч адил ажилладаг ажээ. Энэхүү амьтанд шүд байхгүй учир хоолоо зажлахгүйгээр залгидаг аж. Далайн морины нүдний хараа өндөр хөгжсөн бөгөөд урд болон ард байгаа зүйлийг нэгэн зэрэг харах чадвартай. Өөрөөр хэлбэл түүний нүд хамелеоных шиг бүтэн эргэлддэг байна.
Далайн морины нэг төрөл болох далайн луу
АМЬДРАЛЫН ОНЦЛОГ
Далайн морьд голдуу жижигхэн бичил шавьж, сам хорхой мэтээр хооллодог аж. Нас бие гүйцсэн далайн морь өдөрт дунджаар 30-50 удаа хооллодог. Гайхалтай нь зулзаган далайн моринууд ээж ааваасаа хэд дахин их иддэг аж. Тэд өсч торнихын тулд өдрийн турш дунджаар 3000 удаа бага багаар зооглодог гэнэ.
Загасны төрөлд багтах хэдий ч далайн морь тун муу сэлдэг. Тухайлбал, “zosterae” буюу “одой далайн морь гэх зүйл нь цагт дунджаар 1.5 метр хүртэлх замыг л туулдаг аж. Үүгээрээ тэрбээр дэлхий дээрх хамгийн удаан загас гэсэн цолыг хүртжээ. Сэлэхийнхээ оронд эдгээр амьтад голдуу амралтын байдалтай байхыг эрхэмлэдэг тайван амьтад аж. Тэдний хамгийн хийх дуртай ажил нь мушгиралдсан сүүлээрээ ойр орчны өвс ногоог ороож авах.
Далайн морь босоо, хэвтээ гэсэн хоёрхон чиглэлд л сэлдэг. Нурууны үе болон сүүлнийхээ тусламжтайгаар зүг чигээ тодорхойлох бөгөөд толгойны хоёр талд байх цээжний сэрвэнгээрээ залуурдана.
Лондоны амьтны хүрээлэнд байх далайн морины нэн ховор төрөл
Дэлхий дээр мэндэлсэн амьд бүхэн хосоо олж, удмаа үлдээх, тэднийгээ өсгөж үржүүлэх үүргийг гүйцэлдүүлж, хамтран аж төрдөг. Эр нь эмэгчиндээ найр тавин халамжлах, хайрлах нь ухаант хүн, адгуус амьтанд ялгалгүй заяажээ. Харин амьтан бүхний дотроос төөхөн биетэй энэхүү бяцхан амьтан хамгийн халамжит хань, ачлалт “эцэг” болдог аж.
Хээлтэй эмэгчин далайн морь 1500 орчим өндөг тээнэ. Өндөгнүүдээ эрийнхээ хэвлий орчимд байх уутанд төрүүлдэг. Эмэгчин нь түүнд өндгөө шахаж өгөх л үүрэгтэй. Үүнээс хойших бүх ачааг эцэг морь нуруундаа тээдэг. Эм нь өндөгнүүдээ хэвлий дэх уутанцарт нь шахсаны дараа эр далайн морь 9-45 хоногийн хугацаанд гэдсэндээ тээж явна. Томорсон зулзагануудаа эрэгчин уутнаасаа гаргахдаа хоёр, гуравхан цагаас бүтэн өдөр хүртэлх хугацааг зарцуулдаг. Ингэхдээ ойролцоогоор 1500 орчим зулзага төрүүлдэг байна. Мөн үрсээ уутнаас гаргасны дараа асрах, хооллох, өсгөж хүмүүжүүлэх ажлыг эрэгчин дангаараа гүйцэтгэнэ. Энэ нь “дэлхийн хамгийн шилдэг эцэг амьтан” гэх титмийг ямар ч өрсөлдөгчгүйгээр авчирчээ. Бас цор ганц төрдөг эрэгчин гэж хэлж болно.
Хос далайн морь дунджаар нэг метр ам дөрвөлжин хэмжээний зайг эзэмшин үр төлөө үлдээж амьдардаг. Тэд өглөө бүр бие биетэйгээ өвөрмөц бүжиг хийж мэндэлдэг байна. Далайн морьд зугаацаж цэнгэхэд тун дуртай амьтад ажээ. Хосдоо ойртох үед тэдний хэвлий хэсгийн өнгө өөрчлөгддөг байна. Энэ үед эр нь эмийгээ тойрч сүүлээрээ ороож байрлана. Мөн тэд бүх л амьдралынхаа турш сонгосон хостойгоо амьдардаг журамт амьтан юм.
Далайн морь хэдийгээр олноор өсч үрждэг хэдий ч түүнийг хатааж хууль бусаар зарах, эмийн жоронд ашиглах зэргээр ихээр сүйтгэдэг байна. Хятад л гэхэд дунджаар 150 сая орчим далайн морийг уламжлалт эмчилгээнд хэрэглэхийн тулд устгадаг аж.