“Оюутолгой компани 4.4 тэрбум ам.долларын санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурсан нь Монголд төдийгүй дэлхийд сайн мэдээ болж байна. Гэрээнд гарын үсэг зурсан нөгөө тал нь дэлхийн банк санхүүгийн байгууллагын удирдлагууд. Батлан даалт гаргагч нь “Рио тинто”. Гүний уурхайн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурсныг баталгаажуулах ёслол өчигдөр “Шангрила” зочид буудалд боллоо. Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт шийдэгдсэнээр Монголын эдийн засагт мэдрэгдэхээр эерэг нөлөө үзүүлнэ гэж эдийн засагчид онцолж байна. Энэ сэдвээр байр суурийг нь сонсохоор “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, шинжээч Ч.Эрдэнэдалай нарт хандлаа.
ГҮНИЙ УУРХАЙ АШИГЛАЛТАД ОРОХ ҮЕД ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН ҮНЭ 20 ХУВИАР ӨССӨН БАЙХ НЬ
“Оюу толгой” ХХК–ийн ТУЗ–ийн дарга Г.Батсүхтэй ярилцлаа.
–Яг ямар банк, санхүүгийн байгууллагууд гүний уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтыг хийж байгаа вэ?
-“Оюу толгой” төслийн хоёрдугаар үе шат буюу гүний уурхайн барилга бүтээн байгуулалтын ажлыг сэргээж эхлүүлэхэд зориулсан санхүүжилт болох 4.4 тэрбум ам.долларын хөрөнгө бүрдүүлэх ажлын хувьд таван жил үргэлжилсэн хэлэлцээр. Хувьцаа эзэмшигчид, “Рио тинто”, Монгол Улсын Засгийн газар, “Туркойз хилл”, “Оюу толгой” компанийн оролцоотойгоор дэлхийн 15 шилдэг арилжааны банк, таван олон улсын санхүүгийн байгууллагуудтай сүүлийн таван жилийн турш хэлэлцээр явуулсны эцэст гэрээ байгуулах ажлуудыг амжилттай хийгээд дуусч байна. Олон улсын санхүүгийн корпораци, Канадын Эскпортын хөгжлийн банк, Австралийн Экспортын хөгжил, даатгалын корпораци, АНУ-ын Экспорт импортын банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк зэрэг байгууллага оролцсон. Энэ хөрөнгө оруулалтыг бүрдүүлсэн санхүүжилт Монголын, Оюу толгой уурхайг иж бүрэн хөгжүүлэх төлөвлөгөөний, манай хувьцаа эзэмшигчдийн хувьд чухал ач холбогдолтой. Дэлхийн зах зээл дээр Монголын экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох төмрийн хүдэр, зэсийн баяжмал, алт, жоншны үнэ сайн биш байгаа. Мөн дэлхийн ихэнх орон санхүү, эдийн засгийн хямралд өртсөн. Монголын хувьд ч эдийн засаг сайнгүй хэвээр байна. Ийм нөхцөлд олон улсын хэмжээний шилдэг санхүүгийн байгууллагууд, дэлхийн олон том арилжааны банкуудаас Оюу толгой төсөлд зээл олгож байгаа нь төслийг цааш нь амжилттай хэрэгжүүлэх, Монголд гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх үйл явцыг дахин сэргээх ач холбогдолтой.
–Далд уурхайн бүтээн байгуулалт хэдэн жилийн хугацаанд үргэлжлэх бол?
-Гүний уурхайн барилга, бүтээн байгуулалтын үйл ажиллагаа 5-7 жил үргэлжлэх болов уу. Ирэх оны эхний хагаст багтаж эхлүүлээд 2020, 2021 он гэхэд дуусгаж ашиглалтад оруулах зорилго тавьж байна. “Оюу толгой” өнөөдөр ил уурхайн хэмжээнд жилд 700 мянган тонн баяжмал үйлдвэрлэж байгаа бол 2020, 2021 онд 1.7-1.8 сая тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж олон улсын зах зээлд нийлүүлнэ. Гүний уурхайн барилга бүтээн байгуулалт үргэлжлэх хугацаанд төсөвт орох татварын хэмжээ нэмэгдэнэ. Төсөвт төлөх рояалти, цалин хөлс, түүнтэй холбогдсон татварууд, орлогын татвар гэх мэт зүйлс өнөөдрийнхөөс мэдрэгдэхээр нэмэгдэх нь ойлгомжтой. Сүүлийн тав, зургаан жилд “Оюу толгой” компани 1.3 тэрбум ам.долларын татвар хураамж төлсөн. Шууд бус ач холбогдол ч их бий. Оюу толгой дотоодын хангамжийн том сүлжээг сүүлийн таван жилийн хугацаанд бий болгож чадсан. Цаашдаа ч улам нэмэгдэнэ.
–Гүний уурхайн бүтээн байгуулалтын явцад 3000 хүртэлх ажлын байр бий болно гэж байгаа. Хугацааг нь сонирхмоор байна?
-Гүний уурхайн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил ид дундаа явж байна. Барилга бүтээн байгуулалтын төлөвлөгөө, ТЭЗҮ, холбогдох зөвшөөрлүүд гэх мэт ажлууд руугаа орчихсон. Гүний уурхайн барилга бүтээн байгуулалтын ажлын ид оргил үед буюу 2017, 2018 оны үеэс эхлэн 3000 хүртэлх ажлын байрыг шинээр бий болгоно гэсэн тооцоо бий. Ирэх хавраас энэ тооны дөрөвний нэгтэй нь дүйцэхүйц ажлын байр шинээр бий болох байх. Бэлтгэл ажлын хүрээнд техник тоног төхөөрөмж, барилгын материал түүхий эд, үйлчилгээ зэргийг оролцуулбал дотоодын худалдан авалт эрс өснө. Мөн бэлтгэн нийлүүлэгч компаниуд, ханган нийлүүлэгчдийн үйл ажиллагаа манай төслийн хөрөнгө оруулалтын хэмжээгээр тэлнэ. Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажилд Монголын компаниуд, гадаадын компаниудаас үйлчилгээ авах, тоног төхөөрөмж, материал худалдаж авах тендерийг ажиллагааг он гаргаад эхлүүлнэ. Нэгдүгээр улиралдаа багтаж тендерүүд зарлана. Гадаад, дотоодын бүх компани нээлттэй оролцох боломжтой.
–Гүний уурхайн бүтээн байгуулалтад зарцуулах мөнгөний хэмжээний хувьд зөрүүтэй тоонууд сонсогддог…?
-Одоогоор хийгдсэн ТЭЗҮ-ийн үзүүлэлт, барилга, бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулсан төлөвлөгөө тооцоогоор 5-6 орчим тэрбум ам.долларын зардал гарна гэж үзсэн. Гэхдээ энэ тооцоог цаашдаа илүү нарийвчилж хийнэ. Одоогийн байдлаар 4.4 тэрбум ам.долларын хөрөнгийг зээлээр авч байна. Цаашдаа Оюу толгой компанийн үйл ажиллагаа болон “Туркойз хилл” компанийн бэлэн байгаа хөрөнгөнөөс санхүүжүүлнэ.
–Гүний уурхайн бүтээн байгуулалт дуусаад Оюу толгой бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх үед зэсийн үнэ ямар байх бол, энэ талаар таамаг тооцоонууд сонирхсон байх?
-Өнөөдөр зэсийн зах зээлийн үнэ унасан байгаа. Цаашдаа унасан хэвээрээ үргэлжилнэ гэсэн судалгаа алга. Харин ч өснө гэсэн таамаг голлож байна. 2020 он гэхэд дэлхийн зах зээл дэх зэсийн баяжмалын үнэ 20 хувиар өсөх тооцоо таамаг гарч байгаа юм билээ. Зэсийн баяжмалынхаа дийлэнх хэсгийг нийлүүлдэг БНХАУ-ын хэрэглээний зах зээл нэлээд өсөх шинжтэй тооцоо гарч байна. Тухайлбал Хятадын нийт хүн амын дундаж анги 2025 он гэхэд дөрөв дахин өсөх тооцоо бий. Хятадын хүн амын худалдан авах чадвар бараг дөрөв дахин өснө гэсэн үг. Үүнээс гадна Хятадын эрчим хүчний үйлдвэрлэлийг бий болгодог салбарт хэрэглэдэг зэс болон хагас боловсруулсан зэсийн хэрэглээ хоёр дахин өсөх таамаг гарч байгаа юм байна. Мэргэжлийн хүмүүсийн хийсэн эдгээр тооцоо бидэнд өөдрөг сэтгэгдэл төрүүлж байгаа. Тэгэхээр гүний уурхай ашиглалтад орох үед зэсийн баяжмалын үнийн өсөлтийн цикл эхлэх нь тодорхой байна. Үүнийг угтаж ашиглалтад оруулъя гэсэн урам зоригтойгоор ажиллаж байгаа.
–Гүний уурхай ажиллаж эхэлснээс хойш төсөл хэдий хугацаанд хэрэгжих бол, төслийн насыг уртасгах тал дээр ажиллаж байгаа гэсэн байр суурийг “Рио”-гоос илэрхийлдэг…?
-Хувьцаа эзэмшигчдийн хийсэн судалгаа, зээл олгож байгаа банкууд, олон улсын санхүүгийн байгууллагуудын хийсэн тооцоогоор Оюу толгой гүний уурхайгаа ашиглалтад оруулаад бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн үед дэлхийн зэсийн таван том уурхайн нэг болно. Энэ талаас нь харсан ч Монголын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулах “Оюу толгой”-н хувь нэмэр эрс өсөх нь ойлгомжтой. Гүний уурхай ашиглалтад орсноос хойш дор хаяж 50 жил, түүнээс дээш хугацаанд ашиглая гэсэн зорилго тавьж байгаа.
–Он гараад л төслийн санхүүжилт орж ирж эхлэх үү?
-Он гарангуут бэлтгэл ажлын хүрээнд 4.4 тэрбум ам.долларын эхний хэсэг орж ирнэ. Тодруулж хэлбэл нэгдүгээр улиралд багтаж 500 сая орчим ам.доллар орж ирнэ. Гадаадын чөлөөт валютын урсгал хөрөнгө оруулалтаар дамжаад ороод ирэхээр хамгийн наад зах нь валютын ханшид нөлөөлнө. Ингэснээр Монголын жижиг, дунд бизнесүүдийн ажлын цар хүрээ эрс сэргэж, тэлж эхэлнэ.
ОЮУ ТОЛГОЙД ЗЭЭЛ ӨГСӨН ДЭЛХИЙН БАНКУУДЫН ХААЛГА МОНГОЛЫН КОМПАНИУДЫН ӨМНӨ НЭЭГДЭНЭ
“Эрдэнэс Монгол” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхантай ярилцлаа.
-“Оюу толгой” компанийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг сонирхмоор байна?
-15 арилжааны банк, таван Хөгжлийн банк нийлээд санхүүжүүлж байгаа. Банк болгон өөрийн гэсэн эргэн төлөлтийн хуваарьтай, хүүтэй. 12-15 жилийн дотор энэ зээлийг Оюу толгой компани үйл ажиллагаа, орлогоосоо төлөх юм. Хамгийн гол нь Оюу толгой өөрийнхөө мөнгөн урсгалаас энэ зээлийг төлнө. Зээлийн гол зорилго ерөөсөө л Оюу толгойн орлогыг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах. Оюу толгой бүтээн байгуулалтынхаа санхүүжилтийг тасралтгүй хийх боломжтой боллоо. Бүтээн байгуулалтын үйл ажиллагаа тасралтгүй явагдана гэсэн үг. Нэмж хэлэхэд зах зээл сайнгүй ийм үед олон улсын банкуудаас ийм шийдвэр гаргуулж чадсан нь сайн хэрэг. Зах зээл хэцүү үед хэн ч том төсөл хэрэгжүүлье гэж боддоггүй. Аль болох зардлаа танахад л анхаардаг
–Гүний уурхай ашиглалтад орсноор Монголын өмнө нээгдэх боломж, давуу талууд гэвэл…?
– Гол зах зээлүүддээ ойр гэсэн давуу тал бидэнд бий. Ер нь бизнес гэдэг юмны хамгийн чухал зүйл нь мөнгөн урсгал. Оюу толгой бол яах аргагүй тогтмол мөнгөн урсгалтай байх бизнес. Тийм ч учраас 20 банк итгээд зээл өгч байгаа юм. Бизнесүүдэд ирэх гурваас таван жилд компанийнхаа бизнес төлөвлөгөөг гаргаад тайван явж болох нь гэсэн итгэл төрж эхэлнэ. Энэ бол маш том давуу тал. Зах зээл хүндхэн байгаа ийм үед хагас жилийн дараа орлоготой байх эсэхээ мэдэхгүй яваа компани олон. Одоо тэгэх шаардлагагүй. “Оюу толгойгоос байнга худалдан авалт хийгдэнэ, тэрэнд нь би оролцох учраас бизнес төлөвлөгөөгөө таван жилээр төсөөлж чадна” гээд банк руу очих боломжтой болчихож байна. Тийм тодорхой зүйл яриад очиж байгаа хүнд банк санхүүжилтийг нь өгч таарна. Өнөөдөр банкны хэд хэдэн захирал над руу ярилаа. Бүгд л баяртай байна. Сүүлийн үед муу зээл ихсээд байгаа. Орлоготой хүн, ашигтай компани байж л муу зээл сайн зээл болно.
–Та олон улсын банкуудын үүд хаалга Монголын компаниудын өмнө нээгдэж байна гэж ярьж байсан. Энэ ч бас том давуу тал шүү.
-Гэрээ байгуулсан 20 банк санхүүгийн байгууллага Монголоос салахаа болино. Ахиад шинэ бизнесүүдэд зээл өгнө гэсэн давуу тал бий. “S&P”, “Мүүдис” агентлагууд манай зээлжих зэрэглэлийг буурууллаа гэсэн мэдээ байсхийгээд сонсогддог. Тэгвэл ирэх өдрүүдэд ийм муу мэдээ сонсогдохоо болино гэж найдаж байна. Энэ салбарт ажилладаг улс хоорондоо холбоотой байдаг гэдэг утгаараа одооноос Монголыг хэн ч муулахаа болино. Хэн нэг хүн танд итгээд мөнгө өгчихлөө гэж бодъё. Зээл өгсөн хүнээ хэн ч муулахыг хүсэхгүй. Муулбал өөрт нь сөргөөр нөлөөлөх учраас муу үг амнаасаа унагахгүй л дээ.
–Таван жил хөөцөлдөж байж бүтээсэн санхүүжилт гэхээр бичиг цаасны ажил гэж нүсэр юм байна биз?
-Давхарлаад тавибал бараг тааз хүрэхээр их бичиг баримтанд гарын үсэг зурсан. Бараг таван жил хөөцөлдсөн зээл учраас аргагүй. Их олон хүний хөдөлмөр орсон, олон ч сая ам.доллар зарцуулсан.
–Гүний уурхайн бүтээн байгуулалтад ажиллах хүмүүсийн хэчнээн хувь нь монголчууд байх вэ?
-“Оюу толгой”-д ажиллаж байгаа хүмүүсийн 96 хувь нь монголчууд. Гэрээгээр бол 90 хувьтай байх ёстой ч өнөөдөр 96 хувь болоод өсчихсөн. Алсдаа үүнээс ч илүү болж магадгүй. Ер нь бизнесийн нэг гол чухал хүчин зүйл бол хүн. Нарийн мэргэжлийн болж туршлагажаад, мэргэшээд явбал бидэнд л хэрэгтэй. Гүний уурхайн технологийг ашиглах гэж байгаа анхны улс нь Монгол. 20 жилийн дараа ийм уурхайнууд дэлхийд олноор баригдахад монгол мэргэжилтнүүд үнэ цэнтэй болно. Монголчууд л очиж ажиллана. Оюу толгойд ажиллаж буй хүмүүс мэргэжлийн хувьд бусад уурхайтай нь харьцуулахад хамгийн дээр байна гэдгийг “Рио”-гийн зүгээс ч хэлдэг. Австралийн уурхайн мэргэжилтнүүд дэлхий дээр яагаад ийм үнэ цэнтэй байгаад байна вэ гэдэг асуултын хариу тодорхой. Туршлагатай болоод л тэр. Өндөр цалин авдаг улс ингэж бий болдог.
ДЭЛХИЙД УРАЛДАЖ БАЙГАА ХОЁР ТОМ ТӨСЛИЙН НЭГ НЬ ОЮУ ТОЛГОЙ
“Mongolian metals & mining” компанийн эрхлэгч, шинжээч Ч.Эрдэнэдалайгаас гүний уурхайн санхүүжилт батлагдсан нь Монголд ямар эерэг нөлөө үзүүлэхийг сонирхоход “Уул уурхай дэлхий даяар уначихсан. Бүх төслүүд зогссон. Дэлхийд хоёр том төсөл уралдаж байгаагийн нэг нь Оюу толгой. Нөгөө нь мөн л “Рио”-гийнх. Австралид хэрэгжүүлж байгаа хөнгөн цагааны төсөл. Уул уурхайн гигантууд захаасаа унаж эхэлж байна л даа. “Англо Американ”-ы зах зээлийн үнэлгээ гэхэд л “Оюу толгой”-гоос бага болчихсон. Тэд 85 мянган ажилтнаа халах төлөвлөгөөтэй байна. Харин Монгол энэ их уналтын эсрэг сөрөөд явж байна. Ирэх жил ойролцоогоор хоёр тэрбум ам.долларын зарцуулалт хийгдэнэ. Монгол дахь зарцуулалт нь ойролцоогоор нэг тэрбум ам.доллар хавьцаа байгаа болов уу. Монголын ханган нийлүүлэлтэд шууд утгаараа нөлөөлнө гэсэн үг. Ирэх жил Оюу толгойг дагасан гадаад хөрөнгө оруулалт 885 сая ам.доллар хавьцаа байх болов уу гэсэн таамаг бий. Миний хувьд 500 сая ам.доллар хавьцаагаар гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх болов уу гэж харж байна. Ямар ч байсан өнөөдрийн 70 сая ам.доллараас эрс нэмэгдсэн хөрөнгө оруулалт орж ирнэ” гэсэн хариу өглөө.