Үндсэн хуулийн Цэцийн шийдвэртэй холбоотойгоор банкууд зээлийн материал авахаа түр зогсоожээ. Ингээд нөхцөл байдал газар дээрээ ямархуу байгаа талаарх сурвалжлагыг маргаашийн “Өдрийн сонин”-оос уншаарай.
Уг сурвалжлагын эхлэл хэсгээс дурьдвал “Манай сурвалжлах баг эхлээд “Зоос гоёл”-ын урд талд байрлах Улаанбаатар хотын банкаар орлоо. Шилэн цэнхэр байшинд байрладаг гэдгээр нь уншигчид илүү сайн мэдэх байх. Зээлийн эдийн засагчдын өрөөгөөр нь ороход хэн ч байсангүй. Орон сууцны найман хувийн зээлийн материал хүлээн авч байгаа эсэхийг сонирхоход “Одоогоор материал хүлээж авахаа түр хугацаанд зогсоосон. Үүсээд байгаа асуудал нэг тийш шийдэгдтэл хүлээж авахгүй байх. Гэхдээ бүр зогсоосон гэж ойлгож болохгүй. Цаг хугацааны л асуудал” гэсэн болгоомжлонгуй хариу хэлэв. Тэндээс гараад хажууханд нь байрлах Худалдаа хөгжлийн банкаар орлоо. Мөн л орон сууцны зээлийн материалыг түр хугацаанд авахгүй байгаа гэсэн товч тайлбар сонсов. “Голомт”, “Хаан” банкны зээлийн эдийн засагчид ч ийм утгатай тайлбар хэлэв. Төрийн банкнаас бусад бүх арилжааны банк орон сууцны зээлийн материал авахаа түр хугацаанд зогсоожээ. Банкуудаар ороход үргэлж хөлд дарагддаг зээлийн эдийн засагчдынх нь өрөөнүүд үйлчлүүлэгчгүй, эл хуль байв. Төрийн банкны хувьд зээлийн материал хүлээж авч байна. Гэхдээ гэрээ хийсэн арваад барилга дээрээ л орон сууцны зээл хүссэн материал авч байгаа аж. Гэрээ байгуулсан барилгуудын хувьд хотын төвд байхгүй. Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд баригджээ. Шилэгдсээр байгаад цөөхөн байр үлдсэн гэж банкныхан ярьж байв… Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарахаас өмнө МИК Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнд хандсан бичгээ “Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлтэй холбоотой үүсч болзошгүй эрсдэлд анхаарал хандуулах тухай” гэж толгойлж байгаад явуулжээ. Цэцээс үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим хэсгийг түдгэлзүүлснийг “Иргэний хуулиар тодорхойлсон барьцааны үндсэн зорилгыг алдагдуулж, гуравдагч этгээдийг төөрөгдүүлэх, хууран мэхлэх замаар хэлцэл хийж, барьцааны эрхийг хүчингүй болгох эрх зүйн үр дагаврыг үүсгэх нөхцөл бүрдүүлэх гэж байна. Үүнээс гадна эрх бүхий байгууллагуудын зээлийн үйл ажиллагаа доголдох, үл хөдлөх хөрөнгийн барьцаанд тулгуурлан олгосон аливаа зээлийн эргэн төлөлт баталгаагүй болсоны улмаар эдийн засгийн аюулгүй байдалд бодитой хохирол учруулах нөхцөлийг үүсгэж байна гэж дүгнэжээ” гэсэн байна.