Categories
мэдээ улс-төр

Гараар тооллого хийх шаардлагаас ухрахгүй гэв

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар санал тооллогын хар машинтай холбоотой асуудлаар СЕХ-ны мэдээллийг сонсов.

Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа нар мэдээлэл хийв. Бүлгийн дарга С.Бямбацогт, “Манай бүлгээс хар машинтай танилцах шаардлагыг СЕХ-нд тавьсан ч иж бүрдэл дутуу байна. Өөрөөр хэлбэл, хар машины уураг тархи, удирддаг чиглүүлдэг программ, эх кодтой нь танилцах шаардлага тавив. Гэвч энэ машины эх код, программ нь АНУ-ын “Dominion Voting Systems” компанийн өмч учраас танилцуулах боломжгүй гэж СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдэгдсэн. Биднийг одоо байгаа хар машинтай л танилцах боломжтой, бусад зүйлтэй танилцуулахгүй гэж хэллээ.

Хүнээр ярих юм бол толгойгүй биетэй танилцаад яах билээ, санал тооллогын энэ машины удирддаг толгой нь хамтдаа байж л иж бүрдэл болно. Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллагыг сонгох сонгуулийн санал тооллогын машины программ АНУ-ын нэг компанийн өмч байгаа нь ажил хариуцсан албан тушаалтны мэдээллээр тодорхой болж байна. Монгол бол бүрэн эрхт тусгаар улс. Төрийн эрх мэдэл ард түмний мэдэлд байх ёстой. Гэтэл аль нэг компанийн өмчөөр ямар төр байгуулахаа шийдэж байгаа нь харамсалтай байна” гэлээ.

Мөн энэ асуудалтай холбогдуулж МАН-ын бүлгийн гишүүд хар машины тооллогыг гараар давхар тоолох талаар СЕХ ямар байр суурь баримталж байгааг нь тодруулсан байна. Энэ асуултад СЕХ-ны удирдлагууд “Бид 2012 оноос хойш сонгуулийн санал хураалтыг хар машинаас гадна гараар давхар тоолох саналыг байнга тавьж байсан” гэжээ.

Өөрөөр хэлбэл, санал хураалтын хяналтын тооллогыг гараар хийж хар машины эргэлзээг тайлах шаардлагатай гэж СЕХ-ны удирдлагууд үзэж байгаа аж. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт, “Сонгуулийг зохион байгуулдаг байгууллага нь ийм байр суурьтай байхад бид саналын дүнг хар машинаас гадна гараар давхар тоолох, хяналтын тооллого хийх шаардлагаасаа ухрахгүй. Ард түмний эргэлзээг тайлах ёстой. Хэрвээ сонгуулийн хуулиа энэ ондоо багтаж ойлголцол, зөвшилцлөөр батлахаас эрх баригчид татгалзаж байгаа бол МАН-ын бүлэг энэ долоо хоногийн байнгын хороо, чуулганы хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдэж байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *