Categories
мэдээ нийгэм

Хурандаа нарын хэргийг АТГ-т шилжүүлэв

Хууль бусаар гүйцэтгэх ажил явуулсан, албан тушаалаа ашиглан бусдыг онц ноцтой хэрэгт гүтгэсэн хэргээр шалгагдаж байсан цагдаагийн хурандаа нарын хэргийг нийслэлийн прокуророос дахин сэргээсэн. Энэ тухай Нийслэлийн прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Буянжаргал УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинд албан бичгээр мэдэгдсэн байна.

Сануулахад, Цагдаагийн албаны тухай хуулийг УИХ-аар баталж, 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн бөгөөд шинээр батлагдсан хуулийн хүрээнд УМБГ болон ЭЦГ-ыг нэгтгэн ЦЕГ-ын харьяа Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрыг байгуулсан билээ. Цагдаагийн байгууллагын бүтцэд хийгдсэн энэ шинэчлэлд Шүүх шинжилгээний хүрээлэн ч мөн өртөж, тухайн үед УИХ-д өргөн баригдаад байсан Мөрдөх албаны тухай хуулийн төсөлд ШШХ-г шинээр байгуулах Мөрдөх албаны харьяанд өгөхөөр яригдаж байв.

Гэвч 2014 оны дөрөвдүгээр сард УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах саналыг УИХ-д оруулсан юм. ЦЕГ-ын дарга энэ үед “Нууц” гэсэн тамгатай цагдаагийн гүйцэтгэх ажлын материалыг УИХ-ын гишүүдэд танилцуулахаар нэгдсэн чуулган бариад орсон гэдэг. Гэвч огцруулах асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхэлсний дараа О.Баасанхүү гишүүн “Мэдээллийг шалгах хэрэгтэй байна” хэмээн саналаа татаж авсан байдаг.

Харин Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өөр дээр нь хууль бусаар гүйцэтгэх ажил явуулж, хуурамчаар нотлох баримт бүрдүүлэн гэмт хэрэгт гүтгэсэн цагдаагийн дарга нарыг “Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн” хэргээр тагнуулын байгууллагад шалгуулахаар өгчээ. ТЕГ уг хэргийг шалгаад “Гүйцэтгэх ажлын хууль зөрчсөн нь тогтоогдож байх тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгах”-аар хүсэлт гаргаж, прокурор эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байсан ч хяналтын прокурор Ц.Алдархишиг 2014 оны дөрөвдүгээр сарын 23-нд уг хэргийг татаж аван эрүүгийн хэрэг үүсгэсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосон байдаг.

Гэвч 2014 оны долдугаар сарын 3-нд хар тамхины хэргээр саатуулагдан шалгагдаж байсан Г.Сарангэрэл гэгч эмэгтэй хорих 461-р ангиас батлан даалтаар гарсныхаа дараа “Х.Тэмүүжин сайдтай би нууц амрагийн холбоотой” хэмээн 2-р суваг телевизээр ярилцлага өгч, харин маргааш өглөө нь өмгөөлөгчтэйгээ хамт хэвлэлийн бага хурал зарлан “Цагдаагийн эрх бүхий албан тушаалтнууд намайг Х.Тэмүүжин сайдтай нууц амрагийн холбоотой гэж хэлбэл ялыг чинь хөнгөлнө гэсэн. Хэргээ хүндрүүлэх вий гэж айхдаа би тэдний хэл гэсэн бүгдийг хэлсэн” хэмээн мэдэгдсэн. Мөн түүний өмгөөлөгч нар ЭЦГ-ын дарга Н.Ууганбаяр, Гүйцэтгэх ажлын дүн шинжилгээний хэлтсийн дарга Б.Ариунболд нарын утасны яриаг нийтэд дэлгэснээр хурандаа нарын хуйвалдаан ил болсон юм. Г.Сарангэрэл өөрийг нь хуурамч мэдүүлэг өгүүлэхээр дарамталсан ЭЦГ-ын дарга нар, эрүүгийн төлөөлөгчдийг ЦЕГ-ын дотоод хяналтын хэлтэст шалгуулахаар гомдол гаргасан ч тухайн үед тэдэнд сахилгын арга хэмжээ аваад л өнгөрсөн байна. Энэ тухай ЦЕГ-ын даргын зөвлөлийн 2014 оны наймдугаар сарын 29-ний өдрийн тэмдэглэлд дурьджээ./Зураг 1/ Х.Тэмүүжин гишүүний саяхан сошиалаар дэлгэсэн өөр нэг эх сурвалжийн мэдээлэлд “Уг хэрэгт холбоотой ЭЦГ-ын гурван ажилтан гүйцэтгэх ажлын материал устгасан хэргээр арга хэмжээ авагдсан ч яг ямар материал устгасан болохыг нарийвчлан тогтоож чадаагүй. Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг зохих журмын дагуу бүртгэлд хамруулалгүй нууцаар тагнаж байсан материалыг устгасан байх үндэслэлтэй” гэсэн байна. /Зураг 2/ Өөрөөр хэлбэл, хэрэг нь шалгагдаж эхэлмэгц дараа хууль бусаар цуглуулсан гүйцэтгэх ажлын материалаа устгаад ял зэмгүй өнгөрсөн бололтой. Тэр ч байтугай тухайн үед ЦЕГ-ын даргын тушаалаар Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргаар ажиллаж байсан, Н.Ууганбаяр, Б.Ариунболд нарт нууцаар гүйцэтгэх ажил явуулах үүрэг өгсөн Ц.Батсүх нь өнөөдөр ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар дэвшин ажиллаж байгаа.

Тиймээс Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин уг хэрэгт холбоотой цагдаагийн хурандаа нарыг “албан тушаалаа урвуулан ашигласан” хэргээр дахин шалгуулахаар УЕП-т хүсэлт гаргаж, энэ дагуу прокурорын байгууллагаас өмнөх хэргийн материалыг татаж шалгаад эрүүгийн хэргийг сэргээн шалгуулахаар хэргийн харьяаллыг АТГ-т шилжүүлсэн байна. АТГ-ын мөрдөн байцаах хэлтэс нь хуулийн байгууллагын ажилтнуудын албан тушаалын хэргийг шалгана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *