Categories
мэдээ нийгэм

Хөнгөлөлттэй тарифаар цахилгаан хэрэглэхийн тулд тоолуураа хаанаас авах вэ

Эрчим хүчний шөнийн тарифыг 50 хувь хөнгөлж, 38.55 төгрөгт шилжүүлэхээр болж Улаанбаатар хот, төвийн бүсийн 13 аймгийн гэр хорооллын иргэд арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн шөнийн тарифын хөнгөлөлт эдлэх болсон. Дээрх хөнгөлөлтөд нийтдээ 280 мянган өрх хамрагдаж байгаа аж. Нийслэл хотын хэмжээнд гэр хорооллын 140 гаруй мянган хэрэглэгч байна. Түүний 120 мянга орчим хэрэглэгч нь тариф тоолууртай, 20 гаруй мянга нь энгийн тоолууртай байгаа юм.

Гэр хороололд амьдарч буй иргэд шөнийн тарифын хөнгөлөлтөө эдлэхийн тулд заавал өдөр шөнийн заалтыг харуулдаг электрон тоолууртай байх шаардлагатай. Хуучны энгийн тоолуурт ийм заалт байдаггүй. Тэгвэл электрон тоолуургүй айлууд гэртээ хэрхэн тоолууртай болох, ийм тоолуур тавиулснаар тогоо хэрхэн хэмнэж болох зэрэг эрчим хүчний шөнийн тарифын 50 хувийн хөнгөлөлттэй холбоотой мэдээлэл хүргэе.

Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тарифын бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга Б.Болор-Эрдэнэ “Агаарын бохирдол бууруулах тухай хууль гарсантай холбогдуулан гэр хорооллын хэрэглэгчдийн шөнийн цахилгааны тарифыг 50 хувь хөнгөлсөн. Энэ нь өмнө нь хийж байгаагүй том хөнгөлөлт юм. 2013 онд Цэвэр агаар сангаас цөөн тооны айлыг тодорхой нөхцөлтэйгөөр хөнгөлөлтөд хамруулж байсан бол одоо төвийн бүсийн гэр хорооллын бүх айлыг хамруулснаараа илүү давуу талтай. Шөнийн тарифыг 50 хувь хөнгөлснөөр эрчим хүчний салбарт орж ирэх мөнгө буюу хэрэглэгчдийн төлөх төлбөр 5.2 тэрбум төгрөгөөр буурч байгаа.

Хөнгөлөлтөд төвийн бүсийн эрчим хүчний системд хамрагдаж байгаа Улаанбаатар хот, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Сэлэнгэ аймгууд орно. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн 90 гаруй хувь нь өдөр, шөнийн тариф тоолууртай байна. 2004-2007 онуудад дэлхийн банкны төслөөр гэр хорооллын хэрэглэгчдийг нэгдсэн байдлаар тариф тоолууртай болгосон. Мөн 2007-2009 онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар орон нутгаас шилжиж ирсэн болон хамрагдаагүй айл өрхийг тариф тоолууртай болгосон байгаа. Иймд айл өрхүүд ямар ч асуудалгүй хөнгөлөлтөө эдлэх боломжтой. Шөнийн тарифын хөнгөлөлтийг арванхоёрдугаар сарын 1-ээс, гуравдугаар сар хүртэл, оройн 21.00 цагаас өглөөний 06.00 хүртэл эдэлнэ” гэсэн юм.

Эрчим хүч хэрэглэх өдрийн тарифын үнэ нэг кВт цаг нь 104.40 төгрөг, харин шөнийн нэг кВт цаг тариф 77.10 төгрөг байдаг. Харин иргэд 50 хувийн хөнгөлөлтөд хамрагдсанаар шөнөдөө 38.55 төгрөг болж хямдарна.

Тоолуураа хаанаас авах, хэрхэн тавиулах талаар УБЦТС компанийн Тоолуур цахилгаан хэмжих хэрэгслийн хэлтсийн дарга Ж.Баярмөнхөөс тодруулсан юм. Түүний мэдээлснээр электрон тариф тоолуургүй айлууд оршин суугаа дүүргийнхээ УБЦТС-ын харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандаж тоолуур тавиулах хүсэлтээ ирүүлж болох аж. Хүсэлтийн дагуу Хэрэглэгчдэд үйлчлэх төв тоолуурыг нь тавиад өгнө гэж байв. Мөн тоолуур суурилуулах захиалгат үйлчилгээний 70047004 утсаар холбогдож болно. Хэрэглэгчдэд анхааруулахад Стандарт хэмжил зүйн үндэсний газраас тусгай зөвшөөрөлтэй тоолуур худалдан авахыг сануулж байв. Улаанбаатар хотод тусгай зөвшөөрөлтэй хэд хэдэн баталгаатай газар тоолуур зарж байна. Тухайлбал, “Жоби” төвийн баруун талд байрлах УБЦТС компанийн харьяа Тоолуурын лаборатори, “Жоби” төв, “Хербис” төвийн нэг давхарт баталгаатай тоолуур зарагддаг байна. Эдгээр төвүүдэд цахилгаан тоолуур 81 мянгаас, 85 мянган төгрөгийн хооронд зарагдаж байв. Мөн УБЦТС-ын 70047004 утсанд холбогдсоноор бэлэн тоолуур тавиулах боломжтой. Харин хөдөө орон нутагт байдаг бол аймгийнхаа тусгай зөвшөөрөлтэй газраас авна. ДДС-36 маркийн тоолуурыг худалдаж авах шаардлагатай бөгөөд таны авсан тоолуур хоёр баталгаажуулалтын гэрчилгээтэй байх ёстой. Нэг нь улсын баталгаажуулалтын гэрчилгээ, нөгөө нь тарифын гэрчилгээ юм. Эдгээр гэрчилгээгээ хаяж үрэгдүүлж болохгүй. Айл өрхүүд энэ мэтчилэн нэг фазтай тариф тоолуур тавьж болох аж.

Харин аж ахуйн нэгжийн тухайд гурван фазтай тариф тоолуур тавьж цахилгаанаа хэмнэж болно. Гурван фазтай электрон тоолуур нь өдрийн, оройны, шөнийн гэсэн хуваарьтай байдаг. Техникийн нөхцөлд нь ямар тоолууртай байдаг эсэхийг нь заагаад өгчихсөн байдаг. Тухайлбал, аж ахуйн нэгжийн цахилгааны үнэ тариф хамгийн оргил ачаалалтай 17.00-22.00 цагийн үед нэг цаг нь 200 төгрөг, шөнө буюу 22.00-00.06 цагийн хооронд 60 төгрөг, өдрийн 06.00-17.00 цагийн хооронд 100 төгрөг байдаг аж.

Э.Номин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *