Categories
мэдээ цаг-үе

Зохиолч Г.Аюурзана өөрийгөө “маньяк” уншигч гэж тодорхойлов

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Гүн Аюурзанатай өчигдөр уншигчид уулзаж олон сонирхолтой асуултын хариу авав. Ном шимтэн унших дуртай шинэ үеийн төлөөллүүд эрхэм зохиолчоос бүтээлээ хэрхэн туурвидаг, амьдрал, аз жаргалын үнэ цэн, цаашид ямар зохиол бичиж байгаа бол гэхчилэн олон зүйл асууж хөөрөлдсөн. Сайн уншигч байх тухайд Г.Аюурзана “Уншигч гэдэг маш чухал ойлголт. Өнөөдрийн уран зохиолд уншигч бол анхны өдөөгч нь гэж үзэж байгаа. Жинхэнэ уран зохиол үндсэндээ зохиогч хийгээд уншигчийн оюун санаанд өрнөдөг үйл. Би нэг ном авлаа гэж бодоход тухайн номын жинхэнэ мөн чанар нь хэвлэж дэвтэрлээд гаргачихсандаа биш харин уншигч юуг оюун санаандаа тусгаж авч буйгаар хэмжигдэнэ. Уран зохиолын тухайд хамгийн гол нь уншигчидтай байх. Уншигч сайн байхгүй бол уран зохиолын тухайд ярих зүйл байхгүй. “Мөр хооронд унших” гэсэн ойлголт байдаг. Ийн мөр хооронд уншихдаа мөр хоорон дахиас цаашихыг олж харж уншина гэдэг магадгүй Зэнтэй төстэй нандин ойлголт. Зохиогч хүний бий болгосон ертөнц уншигчийн сэтгэлд шинээр бий болдог. Ном унших нь кино үзэхээс юугаараа давуу вэ гэвэл уншигч өөрөө өөртөө найруулагч болж төсөөллийн дүрийг амилуулж чаддагаараа илүү. Театрт очлоо гэхэд хэн нэгэн найруулагчийн оюун санаагаар бүтсэн зүйлийг л харах хэрэгтэй болдог. Харин уншигч байна гэдэг өнөөдрийн оюун санааны ертөнцөд зохиогч байхаас ч илүү бүтээлч үйл” гэв.

Харин зохиол бүтээлээ өглөө бичдэг, орой сууж туурвидаг эсэх, бүтээл туурвихад онгод, зохиолчийн хөдөлмөр хоёрын аль нь чухал вэ гэсэн асуултад “Тэг дөрвөлжилж хэрчсэн цаас хэрэглэхгүй бол бичиж чаддаггүй гэх зохиолч байдаг. Ардын уран зохиолч Балжирын Догмид гуайн яриаг зурагтаар сонсож байхад ширээгээ заавал ч үгүй цэвэрлэж байгаад бичдэг гэж байсан. Би өөрийгөө яаж бичдэг юм бол гэж бодож байгаагүй. Ер нь нэлээд олон ном бичсэнийхээ дараа анзаарч байхад өвлийн цагт их бичдэг юм билээ. Шөнө суугаад өдөр унтах нь надад илүү ойр байдаг. Гэхдээ үдээс хойш хүртэл унтах биш үдийн 12 цаг хүртэл л унтдаг. Шөнийн хоёр гурван цагийн үед илүү сайн бичээд байх шиг санагддаг. Хүүхдүүд маань балчир байхад садаа болдог учраас тэгж шөнө дунд сайн бичдэг байсан байж магадгүй. Онгодын тухайд гэвэл яруу найрагч хүнд онгод яах аргагүй байдаг. “За, шүлэг бичье” гээд шууд суудаг яруу найрагч байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ ихэнх тохиолдолд зүгээр явж байтал цэгцэрчихсэн мөр бадаг санаанд ороод ирдэг. Тэрийгээ тэмдэглэж байтал шүлэг болчихдог. Гэнэт орж ирж байгаа мөрүүд төрж байгаа тэр мөчүүд онгод байж магадгүй. Та бүхэн миний “Хар цагаан улаан” романыг уншсан байх. Энэ романд Намаржаан гэж туульч гардаг даа. Тууль хайлж байгаа хүн бол зүгээр нэг жүжигчин хүн биш. Тууль хайлахад онгод зайлшгүй чухал. Роман бичихэд онгод гэхээсээ илүү төлөвлөгөө, туршлага, хөдөлмөр, уран зохиолыг ойлгосон хэм хэмжээ чухал” гэж байлаа.

Зохиол бичнэ гэдэг ажил, амралтын алин болох тухайд “Сэтгэл зүрх нь дургүй байхад өөрийгөө албадаад бичээд байдаг зохиолч ертөнцөд байдаггүй байх. Бичмээр санагдаад бичдэг. Тэр үедээ жаргалтай байдаг. Ийм жаргал амьдрах хэв маяг минь болчихсон. Би юм бичих, унших хоёрт л дуртай. Гурил зуурах ч юм уу, бусад ажилд тийм ч дуртай биш. Хамгийн дуртай унших, бичихээ хийгээд байж байна гэдэг ажил, амралтын аль нь болохыг би хэлж мэдэхгүй л дээ” гэж хөнгөхөөн хариулчихав. Энэ нь Дагестаны ардын яруу найрагч Расул Гамзатовын “Амралт минь, амраадаггүй ажил минь яруу найраг” гэсэн шүлгийг эрхгүй сануулж байсан. Зохиолчид маань байнга дэрэн дээрээ ойр байлгаж сөхөж хардаг ширээний ном огт байдаггүй гэнэ. Аюур зохиолч харин уншигчийн хувьд өөрийгөө “маньяк маягийн” гэдгээ хүлээн зөвшөөрөв.

Тэрээр дуртай номоо нэг л бариад авбал унд хоол, унтах нойроо ч умартан ганцхан уншилтаар шудраад дуусгадаг аж. “Бөөгийн домог” романаа бичихдээ Байгаль нуурыг гурван өвөл зорьсон зохиолч бөө нарыг яруу найрагчид, эртний оюун санааны эрч хүчийг онгодоор дамжуулагч, хэрвээ бөө байгаагүй бол монголчууд өнөө байхгүй гээд үүнийгээ “Эргүнэ хунгийн домог”, Алунгоогийн домогтой холбон тайлбарлав. Бичиг үсэггүй балар үеийн мэдээллийг өнөө үед хүргэж ирсэн уран бүтээлчид бол зохиолчийнхоор бөө юм байна. Тэрээр өвөөгөөсөө илүү жинхэнэ монгол хүн аж. Яагаад гэвэл өвөөгийнх нь аж төрж асан цаг үед “Монголын нууц товчоо”-г мэддэг хүн байгаагүй болохоор оюун санааны хувьд өөрийгөө ийн тодорхойлов бололтой.

Монголоос Нобелийн шагналтан төрөх болов уу гэсэн асуултад “Нобелийн шагнал сүүлийн арваад жилд өмнөхөөсөө ч илүү улстөржих болсон. Магадгүй Хятад орж ирээд Монголыг авчихвал Нобелийн шагнал өгч мэднэ. Гэхдээ ерөнхийдөө дэлхийн утга зохиолын дээд түвшнээс Монголын уран зохиол харьцангуй доогуур” гэж хариулсан. Өгүүллэг бичих яруу найрагтай адил сэтгэлд хурдан төрж, цааснаа буудгийг тэр хэлж байна. Саяхан хэвлэгдсэн “Дурлал зохион бүтээгч” түүврийн өгүүллэгүүдээ романуудаа бичиж байхдаа тэмдэглэсэн санаанууд гэдгийг нуусангүй. Яруу найрагч бүхэн хувь тавиланд итгэгч байдаг. Сүүлийн дөрөв таван жилд шүлэг бичихээ больсон ч романуудад нь яруу найраглаг чанар байгааг тэр хүлээн зөвшөөрсөн.

Аз жаргалын тухайд “Жаргалтай байна гэдэг өөрөө ойлгомжгүй асуудал. Жаргалыг ахуйн хэмжүүрээр хэмжих, эсвэл оюун санаагаар тодорхойлох уу. Энэ их хэцүү. Аз жаргалын хэмжүүрүүд зөрдөг. Зөрүүтэй хэмжүүрүүдийг нэгтгэх боломжгүй. 6-гийн тоог биччихээд хоёр талаас нь хараад нэг нь ес, нөгөө нь зургаа гэж тайлбарладагтай адил. Хэмжүүрүүдээ цэгцэлж чадахгүй байж аз жаргал гэж тийм юм гэх нь утгагүй” гэсэн юм. Тэрээр одоо “Монголын нууц товчоо”-ны тухай томоохон бүтээл хийж байгаа аж. Сүүлийн дөрвөн романаа бичиж байхдаа бусдын юмыг бараг уншаагүй гэв.

Тэрээр “Юу бичих вэ” гэх залууст “Зүүдээ л бич” гэж зөвлөдөг гэж байгаа. Өөрөө ч нэг хэсэг зүүдний тайлал хийх сонирхолтой байжээ. Банхар ноход тэжээж байгаа ч хэд хэдэн нохойгоо алдаад сэтгэл ихэд эмзэглэх болжээ. Алдагдсан нэг гөлөг нь нүднээс гарчихсан байхыг харах шиг хэцүү зүйл байхгүй гэсэн нь сэтгэл ариун яруу найрагч, уран бүтээлчийн шаналан гэлтэй санагдсан. Зохиолч-уншигчийн уулзалт өндөрлөх үед “Аз хур” номын их дэлгүүрийн зүгээс Аюурзана зохиолчид өөрийнх нь нэрийг бичсэн үзгийг бэлэглэж, шүтэн бишрэгчид нь худалдан авсан номууд дээр гарын үсэг зуруулан, хамтдаа зургаа татуулан халуун дулаан сэтгэгдэлтэйгээр нэгэн сайхан үдийг үдлээ.

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *