Саяхан “Гоёл-2016” наадмын шилдгүүд тодорч топ моделиор Х.Уянга тодорсон билээ. Тэгвэл өнөө жилийн шилдэг эрэгтэй загвар өмсөгчийн шагналыг Д.Баяртогтох хэмээх залуу хүртсэн юм. Энэхүү шагналыг хамгийн нүдээ олсон шагнал боллоо гэдгийг загварын ертөнцийнхөн онцолж байна. Д.Баяртогтох ч “Би шилдэг загвар өмсөгч болсондоо маш их баяртай байна. Би “Гоёл” наадамд найман жил оролцож байгаа. Энэ шагналыг авах болов уу гэж олон ч жил хүлээсэн дээ” гэсэн юм. Үнэндээ түүний хувьд загварын тайзнаа хөл тавиад багагүй хугацаа өнгөрчээ. Анх “Монгол модель” агентлагаас гараагаа эхэлж байсан тэрээр өдгөө 10 гаруй жил загварын тайзнаа алхаж буй. Хэдийнэ Монголын загварын ертөнцөд өөрийн гэсэн байр суурьтай болсон түүнийг тайзны алхаа гишгээгээрээ хэнийг ч дагуулахгүй нэгэн гэдэг. Тиймдээ ч загварынхан, тэр дундаа эрэгтэй загвар өмсөгчдөөс шилдэг нь гэгддэг буй за. Мэргэжил нэгт нөхөд нь түүнийг тайз эзэгнэгч Баяртогтох гэж ярьдаг юм билээ.
Д.Баяртогтох гурван жилийн өмнө БНСУ-д зохион байгуулагдсан “Азийн шилдэг загвар өмсөгч” шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож “Азийн топ модель” өргөмжлөлийг хүртэж байсан юм. Азийн топ моделиор тодорно гэдэг ялангуяа эрэгтэй загвар өмсөгчдийн дунд амаргүй даваа биз ээ. Чамгүй ур чадвар, туршлага ч шаардана. Харин түүний хувьд 20 орчим орны 50 гаруй модельтай өрсөлдөж “Азийн топ модель” хэмээх хүндтэй шагналыг хүртэж байлаа. Тус наадмыг шүүж байсан шүүгчид “Монголын загвар өмсөгч тайзны алхаа, гишгээ гайхамшигтай техниктэй байна. Бусдаас тод ялгарлаа” гэж түүнийг үнэлж байсан гэдэг. Энэхүү тэмцээнд орох эрхийг “Face of Mongolia” наадмын “Шилдэг модель”-оор шалгарч авч байсан удаатай.
Монголд гарын таван хуруунд багтахаар эрэгтэй загвар өмсөгчид байдаг. Харин тэдний сор нь Баяртогтохыг гэж ярьдаг. Европ төрх бол түүний гол онцлог. Бас давуу тал. Өдгөө 10 гаруй жил загварын тайзнаа алхахдаа дотоодын томоохон компаниудын нүүр царай болж бас ч гэж чамгүй олон амжилтыг гаргаад байгаа. Тодруулбал, “Vision 2010” загварын тэмцээнд “Шилдэг модель”, 2011 оны “Монгол модель” агентлагийн “Топ модель”, 2011 онд “Face of Mongolia” наадмын “Шилдэг загвар өмсөгч, 2011 оны “Fashion week”-ийн эрэгтэй дүр төрхөөр тус тус шалгарч байсан.
Хамгийн сүүлд “Улаанбаатар” их дэлгүүрийн оруулж ирж байгаа “Cesar’s” брэндийн Монгол дахь нүүр царайгаар тодроод байгаа билээ. Одоо тэрбээр “Maxmall” дэлгүүрт маркетингийн менежерээр ажиллаж байгаа аж.
Монголын загварын ертөнцийн “акул” гэгдэх түүний үндсэн мэргэжил нь хүнсний биотехнологич. Д.Баяртогтох “Монгени” цогцолбор сургуулийн орос, англи хэлний ангийг 2003 онд төгсчээ. Ингээд “Mongolia International University” (MIU)-ийг Биотехнологич мэргэжлээр 2007 онд дүүргэсэн байна. Гэвч сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллалгүй загварын тайз руу урважээ. Энэ нь түүний сонирхол. Найз нөхөд нь ч түүнийг ирээдүйтэй, амжилт гаргах загвар өмсөгч гэж ярьдаг юм билээ.
Түүнчлэн кино урлагт хүч үзээд амжсан нэгэн. “Цавчуур.ком” зэрэг кинонд тоглож жүжиглэх авьяасаа үзэгчдэд харуулаад авсан. Ер нь кинонд тоглох санал их ирдэг талаар Д.Баяртогтох ярьсан. Цаашдаа дэлгэцийн урлагт хүч үзэх зорилготой аж. Түүний гэргийг загварынхан андахгүй. Интерьер дизайны мэргэжилтэй бүсгүй бий.
Д.СҮРЭН