Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Ахмад настны нийгмийн хамгааллын хуульд оруулах санал

СБД IV хорооны өндөр настан Ш.Батсүх

Ахмад настны нийгмийн хамгааллын хуульд өөрчлөлт оруулах яриа хөөрөө өрнөж байгаатай холбогдуулан санаа бодлоо илэрхийлье гэж бодлоо. Өнөөдөр ахмадуудын амьдрал төдийлөн сайнгүй байгаа нь хэн бүхэнд илэрхий. Иймээс ахмадуудын тэтгэврийг амьжиргааны өртөг, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй уялдуулан нэмэх ёстой. Тэтгэвэр тогтоох насыг нэмэх тухай ярьж байгаа нь арай эртэдсэн өөрчлөлт гэж үзэж байна. Нийгмийн хамгааллын хуульд нам төрд өндөр алба хашиж байсан, хөдөлмөрийн баатар, гавьяат цолтон, ахмад дайчдад нэмэгдэл тэтгэмж олгодог. 1930-1940 -өөд онуудад улс төрийн хилс хэргээр цаазлагдаж, цагаатгагдсан хүмүүсийн төрсөн үр хүүхдүүд болох эдүгээ 80-90 насны босгыг даваад байгаа хөгшчүүдийг дээрх заалтад хамруулах шаардлагатай байна. Тэтгэврийн насныхан жилд нэг удаа амралт сувилалд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлдэг. Ахмад настнуудын бие тэнхээ хавар намар чилээрхдэгийг бодолцож, жилд хоёр удаа сувилалд, нэг удаа амралтанд амрах боломж олговол нэмэртэй юм даа. Хөдөөгийн аймаг сумдад Ахмадын ордонтой байдаг. Харин хүн ам хамгийн ихээр нягтарсан нийслэлд Ахмадын ордон ч байхгүй, ахмадуудад зориулсан төрөлжсөн эмнэлэг ч байхгүйг анхаарах цаг болжээ. Ахмадууд цуглаж хууч хөөрдөг, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөх, дасгал хөдөлгөөн хийх, хамт олонтой байх, мэдээлэл солилцох, хөгжихөд Ахмадын ордон шаардлагатай.

Ахмадын тэтгэвэр бага, эмийн хэрэглээ их, эмийн үнэ өндөр зэргийг анхаарч эмийн үнийг 70-аас доошгүй хувиар хөнгөлдөг болохын хамт, хөнгөлөлтөөр олгодог эмийн төрөл тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна. Даралт хоол боловсруулах элэг цөс, бөөр давсаг, шээсний замын болон түрүү булчирхайн болон дархлаа сайжруулах эмүүдийг хөнгөлөлттэй үнийн жагсаалтад нэмж оруулмаар байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *