Categories
мэдээ улс-төр

Токио хотноо “Инвест Монголиа” чуулга уулзалт болно

Ирэх сарын 9-нд Токио хотноо “Инвест Монголиа” уулзалт болно. Японы хөрөнгө оруулалттай, Монголд үйл ажиллагаа явуулдаг Frontier securities компани гурав дахь жилдээ энэ уулзалтыг зохион байгуулах гэж байна. Энэ жилийн уулзалтад монголын талаас 30 төлөөлөгч оролцох юм.

Аравдугаар сарын 22-нд Японы Ерөнхий сайд Шинзо Абэ манай улсад нэг өдрийн айлчлал хийгээд буцсан. Энэ нь түүний Монголд хийсэн хоёр дахь айлчлал байв. Айлчлалын дараа Монгол-Японы улс төрийн харилцаа улам бэхэжлээ гэж талууд онцолсон юм. Энэ харилцааг батжуулах нь “Инвест Монголиа” чуулгын гол зорилго. Мөн хоёр улсын хооронд байгуулсан, Чөлөөт худалдааны гэрээ ирэх оны эхнээс хэрэгжиж эхэлнэ. Энэ гэрээний Монгол, Японы эдийн засагт үзүүлэх үр нөлөөг ч уулзалтын үеэр хэлэлцэх юм.

Японы хөрөнгө оруулагчид манай улсын эрчим хүч, хөдөө аж ахуй, үл хөдлөх хөрөнгө, аялал жуулчлал, уул уурхай, санхүүгийн салбарыг илүүтэй сонирхдог. Иймд эдгээр салбартай холбоотой мэдээллийг солилцох аж. Төгсгөлд нь чуулганд оролцогчид 2016 оны сонгуулийн төлөв байдлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Мөн Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яам удахгүй болох уулзалтад оролцох, монголын хувийн хэвшлийн төлөөлөгчдөд зориулан дараа өдөр нь буюу арванхоёрдугаар сарын 10-нд “Бизнесийн мэдээлэл солилцох уулзалт”-ыг ЭСЯ-даа зохион байгуулна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *