Categories
мэдээ спорт

Чэжүгийн гранприд наймдугаар байрт орлоо

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох ээлжит гранпри тэмцээн БНСУ-ын Чежүд боллоо. Өчигдөр өндөрлөсөн Чэжүгийн гранпри тэмцээнээс манай баг тамирчид мөнгө, хүрэл медаль тус бүр нэг, тусгай байрт 2 жүдоч орлоо. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд дэлхийн аварга, гавьяат тамирчин Г.Болдбаатар мөнгө, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ОУХМ Ц.Цэрэннадмид хүрэл медаль хүртлээ. Мөн эмэгтэйчүүдийн 78 кг-д ОУХМ П.Лхамдэгд V, 52 кг-д Гавьяат тамирчин М.Бундмаа VII байрт орсон юм.

Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж буй ОУХМ Г.Отгонцэцэг түрүүлсэн. Манай улс наймдугаар байрт орлоо.

100 мянган ам.долларын шагналын сантай Чэжүгийн гранпри тэмцээнд дэлхийн 70 орны 421 жүдоч (эрэгтэй 237, эмэгтэй 184) өрсөлдсөнөөс БНСУ 5 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Франц, Япон, ОХУ, Их Британий багууд удаалав.

МӨНГӨН МЕДАЛЬ:

Эрэгтэй 60 кг- дэлхийн аварга Г.Болдбаатар

ХҮРЭЛ МЕДАЛЬ:

Эмэгтэй 63 кг – ОУХМ Ц.Цэрэннадмид

Шагналт V байр:

Эмэгтэй 78 кг- ОУХМ П.Лхамдэгд

Шагналт VII байр:

Эмэгтэй 52 кг – Гавьяат тамирчин М.Бундмаа

Дашрамд дуулгахад, Зүүн Азид болдог цуврал тэмцээн өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн. Энэ сарын 20-22-ны өдрүүдэд БНХАУ-ын Чиндаогийн олимпийн эрхийн оноо олгох гранпри тэмцээнд манай жүдочид амжилттай оролцож, 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл, шагналт VII байрт 2 жүдоч орсноор багийн дүнгээр Японы дараа хоёрдугаар байрт жагссан билээ. Тэгвэл Чэжүгийн гранпри тэмцээнд мөнгө, хүрэл тус бүр нэгийг хүртэж, багийн дүнгээр VIII байрт орлоо. Жүдочдын оролцох энэ оны сүүлчийн тэмцээн 12 дугаар сарын 2-нд болох Токиогийн “Их дуулга” юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *