Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ю.Цэдэнбалыг цагаатгах асуудлаар УИХ-ын гишүүд үдийн хагас хэрэлдэв

УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаан нэг цаг гаруй хугацаанд ирц бүрдэхийг хүлээн 10:00 цагт эхлэв. Хуралдааны эхэнд Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэлээ. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл “Татвар хөнгөлнө гээд байгаа нь улс орлогоо алдаж байна гэсэн үг. Татварыг 100 хувь хөнгөлөх шаардлага байгаа юм уу, 50 хувь хөнгөлж өгч болохгүй юу. Засгийн газар тооцоо хийсэн зүйл байна уу. Гэрээ хэлцэл болгон дээр Засгийн газар тодорхой хандаж байвал яасан юм бэ. Татвар дээр УИХмаш сул гараар хандаж байна” гэхэд УИХ-ын гишүүн С.Оюун “Юм болгоныг чөлөөлөөд байх нь буруу гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ сэргээгдэх эрчим хүчин дээр тодорхой хугацаанд дэмжих ёстой. Энэ хуулийн хувьд бараа, ажил үйлчилгээг чөлөөлөхгүй байгаа. Сэргээгдэх эрчим хүчний дотор нар салхины үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, түүний дагалдах хэрэгсэл, сэлбэг, түүхий эдийг оруулж ирэхэд хуучин татварын чөлөөлөлт үзүүлдэг байсныг 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс чөлөөлөхөө больж, хүчингүй болсон. Бодлогын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг эрчим хүчний нийт хэмжээнд 20 хувьд хүргэе гэсэн зорилт тавьж байгаа. Хүрэн эрчим хүчийг мөн сэргээгдэх эрчим хүчээр тодорхой хэмжээнд орлуулахын тулд тодорхой хугацаанд дэмжлэг үзүүлэхээс өөр арга байхгүй. Дэлхий нийтээр энэ чиглэлд явж байгаа” гэсэн юм. УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар “Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжид байнга сэлбэлт хийдэг. Тэр бүхнийг татвараас чөлөөлөөд байх уу гэдгийг бодох хэрэгтэй” хэмээн сануулав. Ийнхүү гишүүд асуулт асууж дууссаны дараа хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Дараа нь Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Хэлэлцүүлгийн шатанд гишүүдийн хэлсэн саналыг сонирхуулъя.

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: -1990 онд Ю.Цэдэнбалыг ард түмний итгэл найдварыг хөсөр хаягдуулж, гээгдүүлсэн гэж МАН тухайн үеийн МАХН гишүүнчлэлээсээ хөөсөн байна. МАН уучлал гуйх уу. Мөн 30 гаруй мянган захидал бичиг баримтыг гээгдүүлсэн байна. МАН үүндээ хариуцлага хүлээх үү. Хүрэлбаатар УИХ-ын гишүүнээс гадна МАН-ын хариуцлагатай нарийн бичгийн дарга хүн. Энэ хүнийг хөөсөн намын нарийн бичгийн дарга яагаад энэ асуудлыг оруулж ирж байна вэ.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: -Та жаахан том бай, хэтэрхий жижиг байна. Хөгжлийн банк, Самурай бонд дээр гарсан асуудлаас та үүнийг хэлж байгаа бол хэтэрхий жижиг байна. 1940 онд батлагдсан Үндсэн хууль дээр “МАХН хөдөлмөрчин ардын тэргүүнд явах хүчин мөн” гэж, 1960 онд батлагдсан Үндсэн хуулиар “МАХН бол төр нийгмийг чиглүүлэгч хүчин” гэж тус тус тухайн үеийн тогтолцоо нь явж байсан юм. Одоо үеийн МАН руу чихэж болохгүй. Би үүнийг санаачилсан, МАН-ын нарийн бичгийн дарга мөн. Харин энэ төслийг МАН, АН, “Шударга ёс” эвслийн гишүүдийн гарын үсэг зурж өргөн барьсан. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: -1990 оны гуравдугаар сарын 14-ний өдөр МАХН-ын наймдугаар тогтоол гараад Ю.Цэдэнбал даргыг намын гишүүнээс хөөсөн. Тэр үед нийгэм бүхэлдээ бужигнаж байсан ухаангүй үе. 1997 онд УИХ-ын тогтоол гаргаж Ю.Цэдэнбал даргыг намын гишүүнээс хөөсөн тогтоолыг хүчингүй болгосон. 2000 онд Н.Энхбаяр МАХН-ын дарга байхдаа ард түмнээсээ уучлал гуйсан юм.

УИХ-ын гишүүн Л.Цог: -Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхийг дэмжиж байна. Гол нь цагаатгах гэдэгтэй санал нийлэхгүй. Энэ бол улстөрждөг асуудал биш. Үүний хязгаарыг барихгүй бол аймаг хоорондын хэрүүл, улс төрийн намууд хоорондын хэрүүл, хэлмэгдүүлсэн, хэлмэгдсэн хоёр талын хэрүүл болно. Хэлмэгдэгсдийн 3-4 холбоо байдаг, тэд энэ асуудал руу орж ирэх юм болно. Тэгмээргүй байна. Төрийн тэргүүнийх нь хувьд 100 жилийн ойг тэмдэглэх тухай л ярья.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: -Ойг тэмдэглэх нь зүй ёсны асуудал. Дагалдаж орж ирсэн, хэлмэгдүүлэлтийн асуудалтай санал нийлэхгүй. Энэ хүнийг төр удирдаж байхад маш олон хүн хэлмэгдэж байсан, Лоохууз гуайгаас эхлээд. Төр нийгмийн зүтгэлтнүүд хэлмэгдэж байсан. Тэр хүмүүсийг юу гэж үзэх юм. Хэлмэгдэгсдийн маш олон байгууллага бий. Энэ хүнийг цагаатгаад магтан дуулах гэж байгаа бол буруу. Энэ хүнд сайн ч чанар байсан, муу ч юм байсан. УИХ болчимгүй тогтоол гаргавал өнгөрсөн үе рүүгээ нулимсан юм болно. Сайныг сайнаар нь, мууг нь муугаар нь бодит байдлаар үлдээх ёстой. Өнөөдрийн МАН өмнөх цаг үеийн МАХН-ын сайныг нь өөртөө нааж байгаа бол саарыг нь ч бас хамт үүрэх хэрэгтэй. Уучлал гуйх ёстой.

Ийнхүү гишүүд сонирхсон асуултдаа хариулт авсны дараа байр сууриа илэрхийлцгээсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл: -Хүнийхээ хувьд эрх чөлөөгөө хасуулж эрх нь хасагдсан. Хар цагааны дэнс яривал олон юм ярьж болно. Манай нам зургаан жилийн дараа буруу болжээ гээд бүх шийдвэрээ цуцалж, уучлалаа гуйсан. Одоо ч гэсэн намууд манай нам шиг дутагдлаа засдаг байх нь сургамж биз дээ.

Бид олонхи байхдаа эрхээ хэтрүүлэн хэрэглээд Ю.Цэдэнбал агсны асуудлыг ярьж болох л байсан. Хүчээр гаргавал гаргах л байсан. Тэр нь буруу л жишиг байхгүй юу. Тийм учраас өнөөдрийг хүртэл тэвчээртэйгээр хүлээсэн. Гадаадад хэлмэгдсэн юмыг авч үзэх ёстой. Хүн хэлмэгдүүлсэн гээд цагаатгаж болохгүй гэж ярьж болохгүй. Монгол бол өөрөө өөрийнхөө асуудлыг ярьдаг онцлогтой орон шүү. Ю.Цэдэнбалын нам байгаа.

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: -Би төслийг дэмжихгүй, маш олон буриад энэ хүнээс болж хэлмэгдсэн. Хэлмэгдлийн хар мөр одоо ч арилаагүй байгаа. Та нар улс төр хийх гэж оруулж ирсэн гэж байлаа.

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Х.Болорчулуун гишүүнээс Газрын тосны тухай хуулийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: -Ерөнхий сайдад хандан асуулга тавьсан ч Уул уурхайн сайдад ацагласан байна. Бид бусдын жишгээр газрын тосноос хувь хүртэж чадахгүй байгаа. Үүнийг өөрчлөөрэй гэж Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг томилогдоход нь захисан. Дачин Тамсагт ажиллаж байгаа хүмүүсийн ажиллаж байгаа орчин нөхцөл туйлын муу. Гэрээгээр ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй ажиллагаа огт хангагддаггүй. Орон нутгаас яаж ч шаардаад Засгийн газартай гэрээтэй гэдэг. Боолчлолын байдлаар монголчууд ажилладаг. Гэрээсээ өмсөж очсон хувцастайгаа тос тортогтой холилдож байгаа. Монгол хүнийхээ ажиллах нөхцлийг сайжруулахын төлөө ажиллах ёстой. Үүнийгээ яагаад хангахгүй байна вэ. 19 дүгээр талбайгаас яагаад байгалийн нөөц ашигласны төлбөрийг авахгүй байна вэ. Хэдэн удаа хэдэн хувиар авахаар хэлэлцээрийн ширээний ард суув. Бид 10 хувиас дээш авах ёстой.

Уул уурхайн сайд Р.Жигжид: -УИХ-аас Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбоотойгоор 13 бичиг баримт боловсруулах үүрэг хүлээсэн. Үүнээс найм нь боловсруулагдсан, тав нь боловсруулалтын шатанд явж байгаа. Түүний нэг нь уламжлалт бус газрын тосны хөдөлмөр аюулгүй байдлын дүрэм байгаа. Эдгээр бичиг баримтуудыг боловсруулж дуусахаар ажиллах нөхцөлд өөрчлөлт гарна гэж найдаж байна. Ойрын хугацаанд эцэслэн боловсруулж гаргана. Гэрээлэгч талтай байгуулсан санамж бичигт тодорхой заалт оруулсан.

Монгол Улсад 23 талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ хэрэгжээд явж байна. Тосон уул, 19 талбайд нөөц ашигласны төлбөр авахгүй байхаар тусгагдсан гэж ойлгогддог. Төлбөрт тосны татвар төлөгддөг, түүнд тэр нь шингэсэн гэж ойлгогддог. Олборлолт нь өндөр төвшинд хүрсний дараа Засгийн газрын хувь хүртээхээр заасан байдаг. Үүнээс хойш гурван удаа хэлэлцээрт орсон. Хятадын талын ерөнхийлөгч нь өөрчлөгдсөн, үүнээс шалтгаалж, хэлэлцээрт суухгүй байгаа. Байнга бид энэ асуудлыг тавьж байгаа.

УИХ-ын гишүүн Н.Батбаяр: -Монгол Улс хэзээ газрын тос боловсруулах үйлдвэртэй болох вэ. Одоо хэдэн компани газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар тусгай зөвшөөрөл авсан байдаг юм бэ. Үүнээс хэд нь үндэсний компани, хэд нь гадаадын хөрөнгө оруулалттай компани юм. Одоо машинаар зөөж байна гэх юм. Дараа нь төмөр замаар зөөх юм уу. Хэзээ газрын тос боловсруулах үйлдвэртэй болох вэ, юунаас болж энэ ажил гацаад байна вэ.

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат: -УИХ-ын шийдвэрийн дагуу хоёр газар нефть боловсруулах үйлдвэр байгуулахаар болсон. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу дотоодын түүхий тосондоо түшиглэж зүүн бүсэд 300 мянган тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар болсон. Одоо ямар технологийг хаанаас авах вэ гэдгийг судалж байна. Ирэх хавраас нефть боловсруулах үйлдвэрийг дотооддоо тулгуурлан байгуулах ажил эхэлнэ. Говийн бүсэд байгуулах нефть боловсруулах үйлдвэрийн урьдчилсан ТЭЗҮ боловсруулах ажил дуусч байна. Таван компани оролцоод Унгарын компани шалгарсан. Гэвч урьдчилсан ТЭЗҮ-ийн хөрөнгийг УИХ хассан. Яаж энэ асуудлыг шийдэх вэ гэдгийг Засгийн газраас гаргана. Өмнө нь энэ чиглэлийн 15 төсөл явж байсан ч хэрэгжээгүй, энэ бол төрийн бодлоготой уяхгүй бол болохгүй гэдэг нь харагдсан гэсэн үг. УИХ дээр унагаасан ТЭЗҮ-ийн зардлын хөрөнгийг бодвол бусад ажил гацаагүй явж байна.

УИХ-ын дарга З.Энхболд: -Хувийн компанийн байгуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг төрөөс хийх ямар хэрэгтэй юм бэ?

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат: -Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжид стратегийн ач холбогдолтой үйлдвэр гэдгийг заасан. Мөн төрийн бодлогод хувийнхан барих уу, төрийнхөн барих уу гэдэг шийдвэрийг аль нь ч гаргаагүй. Урьдчилсан ТЭЗҮ гэдэг ажлын даалгавар маягаар хийгддэг. Урьд нь ингээд явж байсан гэв.

Үүний дараа Монгол Улсын уул уурхайн салбарын гол үйлдвэрлэл болох зэсийн баяжмалыг дахин боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт болон “Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх тухай” Засгийн газрын 2015 оны 247 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат танилцууллаа. Гишүүд танилцуулгын дараа “Зэс баяжуулах үйлдвэрийн зөвшөөрөл яагаад өгөхгүй байна”, “Заавал төр оролцох ёстой юу” зэрэг асуулт тавилаа.

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат: -Монголд Зэсийн үйлдвэр барих нь ашигтай. Зэс баяжуулах, хөрөнгө оруулах үйлдвэрийг барих асуудлаар үндсэн ТЭЗҮ-ээ боловсруулсны дараа мөнгө босгох асуудлаа хэлэлцээд, төрийн оролцоо байх эсэхийг шийдэх юм байна. Оюутолгой Зэс баяжуулах үйлдвэрийг барих үүрэг гэрээгээр аваагүй. Харин зэс баяжуулах үйлдвэр барихад арга зүйн зөвлөгөө өгнө гэсэн гэрээтэй.

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авснаар өчигдрийн чуулганы хуралдаан өндөрлөв.

Э.ЭНХ

Ж.БАЯР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *