Categories
мэдээ цаг-үе

Д.Чойжамц: Нигүүлсэл, энэрэл, хайр гэдэг хүн төрөлхтний жаргалтай амьдралын үндэс

Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамцтай ярилцлаа.

-“Богд ламын дүйчэн өдөр” буюу Зулын хорин таван” удахгүй тохиох гэж байгаа. Ер нь зулын хорин таван гэдэг энэ өдрийн утга учир нь юундаа байдаг вэ?

-Зулын хорин тавныг монголчууд эрт дээр үеэс буяны үйл болгож тэмдэглэж ирсэн сайхан уламжлалтай юм.

Анх Энэтхэгээс бурханы шашныг түвдүүд залахдаа хэсэг бусаг очиж залсан юм. Тухайлбал зарим хэсэг нь Наландарийн хийдийн их багш нартай уулзаад шашныхаа чиглэлийг сонгож авч ирсэн. Нөгөө хэсэг нь бас нэг лам дээр очиж шавь ороод авч ирсэн гэх мэтчилэн ямар нэгэн хийдэд очиж боловсрол эзэмшиж ирээд дэлгэрсэн гэх мэт хэлбэрүүд гарсан. Ингээд шашин дэлгэрсний дараа харилцан бие биенээ үл зөвшөөрөх хандлагатай болсон байдаг. Чинийх биш, минийх бурханы шашин гэсэн зөрчил гарч ирсэн. Сажа, Гарма, Нимава, Гэлүгва гэсэн дөрвөн урсгал байдаг л даа. Шарын шашин бол хамгийн сүүлд гарсан Түвдийн дөрвөн урсгалын нэг байгаа юм. Энэ дөрөв дэх урсгалыг нээсэн Богд лам хүүхэд ахуй цагаасаа бурханы шашинд сэтгэл зүрхээ өгсөн, асар ухаалаг, цэцэн мэргэн, төрөхөөсөө онцгой, эрдэм номд шамдсан байдаг юм. Ингээд өсөж өндийгөөд лам хувраг болсон хойно дээрх байдлыг мэдэрсэн. Сажа, Гарма, Нимава гээд бүх ёсонд нь очиж сургууль хийсэн. Мундаг номтой багш нар дээр очиж сургууль хийж ном үзээд тэдгээрийн зааж байсан номуудыг суралцсан байдаг.

Тэгээд бурханы шашныг асар томоор харж сэтгэсэн байдаг. Ганжуур Данжуурын утга, багш нарын айлдаж байгааг харьцуулаад ерөөсөө Түвдэд дэлгэрч байгаа шашин хоорондоо харшилдах зүйлгүй юм гэдгийг олж мэдсэн. Үүний үндсэн дээр Ламрим гэдэг номоо айлдсан.

Ер нь гурван мянган жил болж байгаа Бурхан багшийн сургаалыг цаг үеийн шалтгаанаар үе үеийн их мэргэд улам тодруулж зохиосон. Эдний нэг нь Богд лам байгаа юм. Тэгэхээр энэ хүний гаргасан Гэлүгва буюу шарын шашин бол хамгийн гайхамшигтай нь гэж үзэж болно. Богд ламыхаа энэ их ач эрдэм, гайхамшгийг дурсаж хорин тавны дүйчэн өдөр гэж таалал барьсан өдрийг нь тэмдэглэдэг болсон.

-Зулын 25-нд сүсэгтнүүд ямар үйл хийвэл зохилтой вэ?

-Энэ өдөр монголчууд гэгээрлийг бодож маш их зүйл өргөдөг. Гол нь таарсан сайхан зул тэрүүхэн хавиа гийгүүлдэг шиг мунхаг сэтгэлийн муу муухай, атаархал жөтөөрхөл зэрэг нь мэдлэг боловсрол, бие биенээ хүндэтгэх сайхан сэтгэл дээр л засардаг. Тэгэхээр хаана гэрэл асаж мэдлэг очиж байгаа. Хаана энэрэл хайр тогтож байна. Тэр газар л мунхгийн харанхуй арилж жаргалтай сайхан сэтгэл тогтдог. Энэ бүхнийг бэлгэдэж бид зул, хүжээ өргөдөг. Орон хийд бүхэнд зул өргөдөг. Бид чинь нүүдэлчин улс, тэр бүр сүм хийддээ ирж зул өргөж чадахгүй байсан учраас гэр орондоо өргөдөг. Гэр орон бүхэн бурхан шүтээнээ залчихсан жижигхэн сүм байдаг. Түвд хэлээр, монгол бичгээр бичсэн номоо өөрсдөө уншдаг. Гадаа бас зул хүжээ өргөдөг байлаа. Намайг багад эмээ минь зул хийчихээд гадаа хувин дотор хоёр гурван зул өргөчихсөн шөнөжин бадраад л байж байдагсан. Богд лам бол энэ насны төгсгөл дараагийн насны өмнө завсрын үедээ төгс гэгээрлийг олсон гэж үздэг. Хүний оюун ухаан мунхгийн харанхуйгаас арилж цэвэр төгс мэдэл, нигүүлсэл энэрлийн дээдэд хүрч байгаа тэр гэгээрлийг бэлгэдэж зул өргөдөг байсан уламжлалтай юм.

-Гандан болон хүрээ хийдүүдэд энэ өдөр ямар ном хурдаг вэ?

-Энэ өдөр хүрээ хийдүүд Богд ламын чого буюу зан үйлийн судрыг хурдаг. Сүм хийдээ эргэж гороолж, хүрээ хийддээ зул өргөдөг. Гандан хийд бол өглөөнөөс эхлээд орой хүртэл хурж Богд ламыгаа дурсаж, Богд ламынхаа чогыг уншдаг. Орой гадаалаад мандлаа өргөнө. Сүсэгтэн олонтойгоо нийлээд зул хүжээ өргөөд, сүм хийдээ гороолоод буяны чуулган хураадаг. Энэ өдөр бол бие сэтгэлийн онцгой их буян хураадаг өдөр байгаа. Ер нь эрдэм ухаан гэдэг бол багшаас дулдуйдаж ирдэг юм даа. Багш хичнээн эрдэмтэй, энэрэнгүй зөөлөн байх тусам шавь нарын сэтгэлд тусдаг. Багш хүн гэдэг бол шавийгаа бие, хэл, сэтгэл гурваар үлгэрлэдэг. Бумбанд ус хийхэд дүүрдэг шиг багшийн магнаг, увдис, номнууд ухаантай шавьд юүлэгдэж ирдэг. Тэр жамыг бодож багшаа хүндэтгэж байгаа тийм өдөр байгаа юм.

-Хүмүүс энэ өдөр юуг бодож залбирч, юуг цээрлэх ёстой вэ?

-Монголчууд маань мэгзэм их уншдаг. Үеийн үед уншиж ирсэн ном. Хүн дотроо Жанрайсаг бурханыг хараад нигүүлсэл энэрлийг бодож, бурхан бүгдийн нигүүлсэл орсон бурхан шүү дээ гэж бодоход сэтгэл зүрхэнд буудаг. Нигүүлсэл, энэрэл, хайр гэдэг бол хүн төрөлхтний жаргалтай сайхан амьдралын үндэс нь болдог. Хүнд ийм сэтгэл байхгүйгээр хичнээн эрдэм боловсрол төгөлдөр, бие хаа тэгш, эрүүл саруул байгаад нэмэр байхгүй, хүн болж өгдөггүй. Гэр бүл, албан байгууллага, улс орны дотор ч гэсэн нигүүлсэл энэрэл бусдыгаа хайрладаг, хүндэтгэдэг болгодог. Бусад хүмүүсийн жаргалтай сайхан амьдралыг бодож чаддаг тэр нөхцөлд л хүн өөрөө жаргалтай сайхан амьдардаг шүү дээ.

Нэг л хүн энэрэл нигүүлслээсээ хагацаад, амиа бодоод бусдыгаа доромжилж эхлэхээр жаргалгүй болдог. Ийм учраас Жанрайсаг бурханаас бид өөрийгөө олж харах ёстой. Жанрайсаг бурханыг магтаж, мөргөж байгаа үедээ, тарнийг нь уншиж байхдаа бид хэн болох билээ, Жанрайсаг бурхан шиг бусдад энэрэлтэй, бусдыг боддог, бусдын тусыг хичээдэг болох юмсан гэсэн сэтгэлийг үүсгэх ёстой. Дараа нь Манзушир бурхан байна. Манзушир бурхан бол мэдлэг, оюун ухааныг төлөөлж байгаа юм. Хүн хичнээн өндөр мэдлэгтэй болох тусам амьдралын арганд түүртэхгүй болдог. Аливаа нэгэн юмнаас айх эмээх, ямар нэгэн зүйлийг буруугаар бодох, бусдыг гүжирдэх гүтгэх гэх мэт өчнөөн сэтгэл зөв ухаан ирснээр арилдаг. Тэгэхээр зөв оюун ухаантай байхад юмны учир шалтгааныг мэддэг. Хий дэмий юмнаас айх, хардах, хий дэмий дайсагнах зэрэг нь багасдаг. Эрдэм мэдлэг бол амьдралыг хөгжөөн дэвжээгч, гэгээрэлд хүрэх, мунхгийн харанхуйг арилгадаг зүйл. Тийм учраас арга билгийн ухаан гэдэг энэ. Нигүүлсэл энэрэл, оюун ухаан хоёр төгөлдөр болоод, хослоод ирэхээр хүн бол хүн шиг хүн болдог. Ийм л учраас бид хэдэн зуун жил энэ хоёр бурханыг урдаа барин шүтэж ирсэн юм. Дараа нь Очирваань бурхан байна. Очирваань бурхан бол үйлдэл, хүч байгаа юм. Тэгэхээр энэ гурав нэгдэх ёстой юм. Хэрвээ хүнд мэдлэг боловсрол, нигүүлсэл энэрэл байлаа гээд бусдыг энэрч чадахгүй, бусдад тэр эрдмээ түгээж чадахгүй бол ямар ч хэрэг байхгүй тэр хүндээ шингээд алга болно. Үйлдэл болж чадахгүй, бусдад үйлс нь дэлгэрч чадахгүй, дэлхий ертөнцөд нөлөө байхгүй, гэр бүлдээ нөлөө байхгүй бол зөвхөн өөрөөрөө л дуусдаг. Тийм учраас хүч болж байгаа талыг нь Очирваань бурхан даадаг. Энэ гурав бүрдсэн байхад үйл ажил нь болдог. Хүн төрөлхтөнд энэ их мэдлэгийн сан, энэ их хайр энэрлээр хамтран амьдрах сайхан бололцоо гардаг. Ийм болохоор монголчууд энэ гурван бурханыг онцгойлж шүтдэг. Тэгээд дараа нь Богд ламыг магтаж байгаа юм. Энэ гурван ухааныг толийтол нь гаргасан Ламрим чэнбугаас эхлүүлээд өчнөөн сайхан номнууд нь хүнийг төгс гэгээрүүлэх, хайр энэрэл, мэдлэгтэй байх зэргийг бидэнд багш болж дамжуулж сургаж өгсөн. Энэ гайхамшгийг бодож бид дүйчэн өдөрт мэгзмээ сайхан уншиж, Богд ламын айлдсан магтаалуудыг даган баясаж, бие биедээ тусалж, эвсэж найрсаж, эрдэм мэдлэг, нигүүлсэл энэрлийг нь бодож гэр орондоо нэг ч хэрүүл уруул, хараал хэлэхгүй байх хэрэгтэй. Ер нь юм үүсэхдээ шүдэнзний дарь шиг жаахан хэсгээс эхлэхэд л хоол ундыг болгочихдог. Муу талыг нь хэлэх юм бол байшин савыг шатаачихдаг. Нэг өдрийн явдлаас л цаашаа бүх л амьдралын юм үүсч байдаг. Тийм учраас энэ өдөр бие, хэл, сэтгэл гурваараа буян хий. Та бүхэн дүйчэндээ сайхан оролцоорой. Энэ өдөр олон сүм хийд буянаа хурааж байдаг. Зарим газарт Бурхан багшийн, Богд ламын сургаалуудыг айлдаж ард түмнээ соён гэгээрүүлэх ажлыг хийж байдаг. Тэгэхээр энэ бүхэнд очиж, энэ өдөр мацаг барьж, нэг өдрийн сахил авч болно.

-Нэг өдрийн сахил гэж юу вэ?

-Нэг өдрийн сахил гэдэг бол гайхамшигтай эд шүү. Хүн өөрийгөө удирдах уран чадварыг бий болгож байгаа юм. Тэр өдөр бол амьтны амь таслахгүй, хулгай хийхгүй, худлаа хэлэхгүй, гэр бүлээсээ гадуур явахгүй, бие, хэл, сэтгэл гурваараа муу үйл хийхгүй гээд л өглөө ургах нарнаар ам авчихдаг. Тэр ам авсан зүйлдээ шимтээд, цагаан хоол идээд, ёс журмыг нэг өдөр барьчихаж байгаа явдал нэг хэсэг өдрүүдэд чаднаа гэдэг утгыг гаргаж байгаа юм. Хүмүүсийн сэтгэлд ирээдүй сайн сайхан болохын хөрөнгө тогтоож байгаа талаасаа агуу зүйл байдаг.

-Монголын сүсэгтний холбооноос Зулын 25-нд Монголын нийт ард түмэн, зон олондоо насны авшиг хайрлаач ээ гэж танд айлтгал өргөжээ. Ер нь энэ насны авшиг, номны тус эрдэм болон авшиг хүртсэн хүн дараа нь юун дээр анхаарах ёстой байдаг юм бэ?

-Насны авшиг гэж юу вэ гэхээр ертөнц дээр амьдарч байгаа хүмүүс эрхэм чухал зүйлүүдийн нэгд тооцож үзэх ёстой юм. Өөрөө ажил хийдэг, дотроосоо гэгээрдэг, урт наслах, өвчин зовлонгүй байх шалтгаанаа өөрөө тавьдаг гэж бурхан багш айлдсан. Энэ шашинд сүсэгтэн хүний хичээл зүтгэл маш их байдаг. Бурхан багшийн сургаалын гайхамшигтай зүйл нь хүнд ерөөсөө тулгаагүй. Эхнэр хүүхэдтэйгээ сайхан амьдраад энэ насаа дуусгая гэхээр доод төрөлхтөн буюу түүнд зориулсан энэ ертөнц дээр яаж сайхан амьдрах вэ гээд заагаад өгчихсөн. Гэтэл одоо би өөрийхөө төлөө явъя, энэ зовлонгоосоо салъя гэж байгаа хүнд дунд төрөлхтний номыг айлдсан байгаа юм. Бүр бусдын сайн сайхны төлөө төгс гэгээрэлд хүрье. Энэ олон амьтныг гэгээрэлд хүргэе гэж байгаа хүнд дээдийн төрөлхтний ном айлддаг. Энэ номнуудын бүгдийн суурьт юу байгаа вэ гэхээр хүн ертөнц дээр сайн сайхан амьдрахад юу хэрэгтэй вэ гэдэг л юм байгаа. Тэрнийг бурхан багш ертөнцийн шастир гэдэг номондоо айлдсан. Энэ ёсоор бол урт наслахад олон янзын үйлсүүд ордог. Урт наслахаар жаргалтай сайхан амьдралын шалтгаан бүрдэж байна. Сайн сайхан зүйл хийх бололцоо олж авч байна. Бурханы сургаалыг судалж, шинжилж, буян нүглийг ялгаад, нүгэл хийхгүй буян руу чиглэх сэтгэлийг үүсгэж болж байна. Үүгээр ч зогсохгүй цаашаа явах юм бол Бурхан багшийн дөрвөн үнэний ёсоор зам мөрт нь ороод төгс гэгээрэлд хүрч болно гэх зэргээр урт нас бол цаанаа олон сайхан зүйлийг агуулж байдаг. Тийм учраас урт насны тухайд бид арга чаргыг хийж байх ёстой болдог. Бурхандаа даатгалаа хийдэг. Тэр бурханы үүднээс бясалгалаа хийдэг. Тэр бурханы үүднээс зүрхэн тарнийг тоолдог. Тэр бурханы үүднээс зан үйлийг нь хийдэг. Тэр бурханы үүднээс сэтгэл зүрхээ ариулж урт насны төлөө ажил хийдэг. Өөрсдөө тайван уужуу байх, ажил хөдөлмөрөө тааруулан хийж байх, идэх уух гээд л амдралын бүх зүйл орно. Үүнийг бясалгалаар дамжуулж, урт насны төлөө адис жанлавыг нь хүртэж байгаа хэсэг нь урт насны авшиг авах юм. Энэ удаа намайг насны авшиг айлдаж өгөөч гэж байна. Тэгээд над шиг юм яадаг юм бол доо гэж бодож байгаа шүү дээ.

-Та дэлхийн буддистуудын дээд чуулганы ерөнхийлөгч. Сүүлийн үед дэлхийн улс орнуудад шашин, улс төрийн үл ойлголцлоос болоод сөрөг үр дагавартай үйл явдлууд их гарах болоод байна. Ингэхээр нийгмийн оюун санааны дархлааг тогтооход бурханы шашны гүйцэтгэх үүрэг, нөлөө нь юу байдаг вэ?

-Ер нь ямар ч ард түмэн, ямар ч удирдагч нэгдсэн үзэл бодолтой, нэгдмэл шашинтай, нэг бүхэл ард түмэн байхын төлөө зүтгэдэг. Гэхдээ шашин соёлыг хүндэтгэх үүднээс бүх хүн шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг нь нээж өгдөг. Хэрүүл тэмцэлгүй байхыг нь засаг төр нь боддог. Шашин ч гэсэн дотроо өөрийнхөө зүйлийг агуулж байх ёстой юм. Бурханы шашинд бол энэ бүр тод харагддаг л даа. Яагаад гэвэл номлолоо айлдаж байгаа бурханы сургаалыг л сүсэгтнүүд нь дагадаг. Тэгэхээр манай бурхан юу гэсэн бэ гэхээр алтыг гурван янзаар шинжлээд манай шашинд орох үгүйгээ мэдээрэй л гэсэн. Үүгээрээ л бурханы шашин гайхамшигтай эв зохицол байгаа юм. Ганцхан миний шашин зөв шүү. Энийг л дагахгүй бол чи баларна. Дэлхийн бүх хүмүүсийг миний шашинд оруул гэх юм бол сүсэгтэн хүн нүүр буруулаад л явчихна. Тэгэхээр өөр үндэстэнд, өөр хэсэг бүлэгт шүтэж байгаа шашныг өөрийнхөө шашинд оруулахын тулд тэднийг заавал их бага хэмжээгээр хэлмэгдүүлж эхэлдэг. Эндээс шашны маргаанууд, хэрүүл тэмцэл гардаг. Тиймээс аль болохоор шашны удирдагчид үүнийг зөвөөр тайлбарлах, бусдыг хүндэтгэдэг байх хэрэгтэй. Хүмүүсийн сэтгэл болгон ондоо байдаг. Амьтан болгон өөр байдаг. Ийм учраас бидэнд зохицол, зөв сургаал хэрэгтэй. Чанд үнэн зөвийг баримталсан, зөвийг ялган салгаж мэддэг оюун ухаанаар л бид бие биедээ хандах хэрэгтэй. Өөр арга нь юу вэ? гэхээр бие биенийхээ үзэл бодлыг хүндэтгэж байх зохицол юм. Бид нэг нэгнээ хүндэтгэн, хайрлах, тэр хүн яг над шиг зовлонг хүсэхгүй байгаа, жаргалыг хүсэж байгаа гэдэг талаас нь эрхэмлэн бодож хандах юм бол бид эв зохицолтой сайхан амьдарна.

-Та Монголын нийт сүсэгтэн олонд хандаад нэг сайхан ерөөл айлдахгүй юу?

-Бид тулсан юмаа л ярих ёстой. Эдийн засгийн хувьд дордчихсон байна. Ерөнхийдөө дэлхий ертөнц бас тиймхэн, дайн тулаантай байгаа харагдаж байна. Энд тэнд бослого тэмцэл гарсан, нэг улсын хүмүүс ч хоорондоо тэмцээд явж байгаа явдал ч байна. Манай монгол ардын сайхан үг байдаг. Сайн нь ч миний багш, муу нь ч миний багш гэж. Тэр болохгүй, бүтэхгүй бүхнээс сургамж авах хэрэгтэй. Бид хэрвээ даврах юм бол, бид хэрвээ эх орноо гэж бодохгүй юм бол төр барьж байгаа хэдэн хүнээ эх орон шигээ бодоод, эцэг эх шигээ бодоод тэдэнд ялархах юм бол ямар байдалд хүрэх юм бэ? Харин тэдний бусармаг будлиантай явж байгааг нь засаж авъя, сайхан сургаалыг нь айлдаад. Тэгэхгүйгээр бачлаад л, хочлоод л тэдний эсрэг юм шиг бодоод, чулуу шидээд зэвсэг барих юм бол одоо Сири улс яаж байгааг харж байгаа байх. Хэдэн арав, зуугаараа дүрвээд л, гудамжны хоёр талд буу зоочихоод л бие биенээ буудаад л, тэр дунд ах дүү нар байгаа шүү дээ хөөрхий. Ингэж л бодогдох юм. Тэгэхээр бид муугаас нь сургамж, сайнаас нь үлгэр жишээ авч тогтуун, тайван, сайхан ухаалаг, ажил хөдөлмөртөө зүтгэж байж л энэ гачлантай цагийг өнгөрөөнө дөө. Монголд их бололцоо бий гэж боддог. Тийм болохоор дор бүрнээ ажлаа сайн хийе. Юм болгоныг үглээд байлгүй өөрсдөө хийцгээе. Бололцоог нь харин энэ төр засаг сайн тавьж өгөөч ээ. Битгий хоорондоо хэрэлдээд нэг намаа сайн болгох гээд нөгөө намаа муучлах гээд, нэг бол өөрөө дараагийн сонгуульд сонгогдох гээд нөгөөгөө муулаад засаг төрөө битгий үнэгүйдүүлээч. Ард түмнийхээ төлөө үнэн сэтгэлээ үзүүлж, хууль тогтоолоо гаргаж, үг заавраа хэл. Ард түмэн ч гэсэн тэвчээртэй байж, засаг төрийнхөө үгийг сонсож байж л бүгдээрээ босож ирнэ дээ. Шүтэн барилдлага юм хойно хэн хэн нь л хичээж байж энэ улс орон сайхан болно доо л гэж бодогдох юм. Тэгэхээр бүгдээрээ эвтэй зүйтэй, сайн сайхан байцгаая.

Д.ТУЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *