-Аваргуудын лигийн тав дахь тойргийн тоглолтууд өндөрлөлөө-
“Барселона” Испани – “Рома” Итали 6:1
Гоол:
1:0-15 Суарес, 2:0-18 Месси, 3:0-44 Суарес, 4:0-56 Пике, 5:0-59 Месси, 6:0-77 Адриано, 6:1-90 Жеко
Каталоны агуу баг бүтэн сар гэмтлийн улмаас талбайд гараагүй Мессигээ эргэн ирсэн үйлдлийг цоглог тэмдэглэлээ. Тэд Италийн Сери А-г бараг тэргүүлж яваа “Рома”-г төвөггүйхэн хожиж плей-оффт шалгарах эрхээ халааслав. Энэ тоглолтод Аргентиний од Мессигийн тоглолт жинхэнэ утгаараа хөгжөөн дэмжигчээ баясгалаа. Тэр хэрэгтэй үед харамч зан гаргалгүй гоолын дамжуулалт өгчихнө, хүсвэл өөрөө гоол оруулчихна, боломж нь байвал бусдыгаа тоглуулчихна. Ер нь багийн лидер ямар байх ёстойг жинхэнэ утгаар нь харуулав. Итали, Испанийн багуудын өнө удаан жилийн өрсөлдөөнд хэзээ ч аль нэг баг нь нөгөөгөө таван бөмбөгийн зөрүүтэй хожиж байгаагүй юм билээ. Тэгвэл тийм муу амжилтын эзэд нь Ромчууд анхлан болж гунихарцаав.
“Арсенал” Англи – “Динамо Загреб” Хорват 3:0
Гоол:
1:0 – 29 Озил, 2:0 – 33 Санчес, 3:0 – 69 Санчес.
“Арсенал” асар том “нүх”-нээс бараг л гарах гээд байна. Хэсгийн тоглолтын эхний шатанд тэд хоёр дараалан хожигдож ихээхэн хүнд байдалд ороод байсан ч гэлээ дараа нь супер “Бавари”-г нутагтаа хожсон нь тун сайн түлхэц өгсөн. Тэгвэл тавдугаар тойргийн тоглолтод тэд Хорватын багийг хожиж харин тэдэнтэй хэсгийнхээ хоёрдугаар байрын төлөө өрсөлдөж байгаа “Олимпиакос” Германы “Бавари”-д 0:4-өөр хожигдсоноор “хонгилын үзүүрт гэрэл цухуйж” эхлэв. Лондонгийн баг сүүлчийн тойрогт гол өрсөлдөгчийнхөө нутагт зочлон тоглох бөгөөд тэд Грекийн багийг хоёр бөмбөгийн зөрүүтэй хожиж гэмээнэ дараачийн шатанд шалгарах юм. Хэцүү ч гэлээ хэд хоногийн өмнө найдлагагүй гэж байсантай харьцуулбаас хамаагүй илүү хувилбар юм шүү.
“Маккаби, Тель–Авив” Израил-“Челси” Англи 0:4
Гоол:
0:1 – 20 Кэйхилл, 0:2 – 73 Виллиан, 0:3 – 77 Оскар, 0:4 – 90 Зума
Монголд хамгийн олон хөгжөөн дэмжигчидтэй гэгддэг Лондонгийн “Челси” Израилийн багийг нутаг дээр нь хожсоноор арван оноотой “G” хэсгийг тэргүүлж байна. Гэхдээ баярлах бас болоогүй. Энэ хэсгийн нөгөө хоёр баг болох “Порту”, “Динамо” Киев багуудын тоглолтод украинчууд ялснаар асар будлиантай байдал үүсээд байгаа.
Сүүлчийн тойрогт “Челси” баг “Порту”-д хожигдох юм уу тэнцсэн тохиолдолд хэсгээсээ шалгарахгүй байх магадлал ч үүсээд байна. Учир нь одоо найман оноотой болсон Киевийн “Динамо” сүүлчийн даваанд хэсгийнхээ хамгийн сул баг “Маккаби”-тай тоглох бөгөөд хожих магадлал маш өндөр. Тэгээд ч тэдний бөмбөгний зөрүү +1 байгаа нь киевчүүдэд цаашид тоглох сайхан боломж бүрдүүлээд байгаа билээ.
“Мальме” Швед–“ПСЖ” Франц 0:5
Гоол:
0:1 – 3 Рабьо, 0:2 – 14 Ди Мария, 0:3 – 49 Ибрагимович, 0:4 – 68 Ди Мария, 0:5 – 82 Лукас
Хэдийгээр хэн ялах нь тоглолт эхлэхээс хамаагүй өмнө ойлгомжтой байсан ч гэлээ Шведийн Мальме хотын оршин суугчид өөрийнхөө нутгийн багийг гэхээсээ илүү өөрийнхөө хотоос мэндэлсэн ганц од Ибрагимовичийгээ “амьдаар нь” харах гэж цэнгэлдэхэд цугларав. Энэ хотод мэндэлж эндээс л анхны алхмаа хийсэн, өөрийнхөө үед хамгийн өвөрмөц бөгөөд хэнтэй ч адил бус мөр үлдээн алхаж яваа хуучин Югославын дүрвэгсдийн гэр бүлд өссөн Златан Ибрагимович хэмээх чанга залуу дэлхийн шилдэг багуудад багтан тоглож байх хугацаандаа ганц ч удаа болов төрөлх хотдоо зочлон тоглох завшаан таарч байсангүй. Малье хотын хүндэт иргэн Ибрагимович хэдийгээр өрсөлдөгч багийнх нь эгнээнд багтан тоглож байгаа ч гэлээ нутгийнхныгаа баясгахын тулд стадионд багтаагүй хүмүүст зориулан хэд хэдэн том дэлгэц гадна талбайд байрлуулж өгсөн байна лээ. “Та бүхнийхээ хайр энэрлийг бүх бие махбодиороо мэдэрлээ. Энэ цэнгэлдэхэд цугларсан хүмүүсийг зэрвэс ажиглах бүрт дандаа таньдаг хүмүүс харагдах бөгөөд энэ нь намайг гэртээ байна гэдэг мэдрэмжийг төрүүлж байлаа” хэмээн хэр баргийн зүйлд хөөрцөглөөд байдаггүй швед залуу чин сэтгэлээсээ баясан хэлсэн.
“Манчестер Юнайтед” Англи–“ПСВ Эйдховен” Голланд 0:0
Голландын дасгалжуулагч Луй ван Гаалын удирдлага дор алдарт “МЮ” ээлжит “саарал” тоглолтоо гүйцэтгэлээ. Тэд “Эйндховен”-ы эсрэг нөгөө л алдарт “өрсөлдөгчдөө бөмбөг өгөхгүй, өөрсдөө ч танай хаалгыг айлгахгүй” гэдэг тактикаараа тоглосоор хайнаагаар дуусгав. Сандал дээрээ дал, наян саяын үнэтэй худалдаж авсан довтлогчдыг суулгаж байгаад тоглох түүний үзэл бодлыг “МЮ”-ийн хамгийн өөдрөг сэтгэлтэй балиашгууд ч сүүлийн үед ойлгохоо болиод байгаа. “Бид уг нь нэгдүгээр үед л хоёр гурван гоол оруулах боломжтой байлаа. Даанч төгсгөлөө зөв хийж чадахгүй байна. Тэмцээн болгоны дараа бидэнд аз дутлаа гэж хэлэх хэцүү юм. Гэхдээ яг л тэгээд байгаа болохоор яалтай ч билээ” хэмээх цөхөрсөн ярилцлагыг Луй ван Гаал тэмцээний дараа өгсөн байх юм.
“Ювэнтүүс” Итали – “Манчестер Сити” Англи 1:0
Гоол:
1:0 – 18 Манжукич.
Жинхэнэ итали дасгалжуулагч, хаалгачтай баг зөвхөн италичууд л ийм тактикаар тоглож амжилтад хүрдэг юм гэдгийг харуулах мэт наадсан энэ тоглолт “Ювэнтүүс”-ийг хэсгээсээ эхний байраар шалгарах боломжийг олголоо. “Ийм хэцүү хэсгээс шалгарна гэдэг тун амаргүй. Залуус сайн ажиллалаа. Хоёр хоногийн өмнө Манжукичийг Моратогийн оронд эхнээс нь тоглуулъя гэж шийдсэн. Дараа нь өрсөлдөгчдийгөө ядраад эхлэхэд нь Моратог талбайд гаргавал илүү үр дүнтэй байх болов уу гэж тооцоолж байлаа” гэж ахлах дасгалжуулагч Аллегри хэвлэлийн хурал дээр хэллээ.
Д.БАТ-ЭРДЭНЭ