Categories
мэдээ цаг-үе

Т.Аюурсайхан: Байрны төлбөрт эргэлзээтэй зүйл байвал бидэнд авчирч шалгуулаад хохирлоо барагдуулах боломжтой

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхантай ярилцлаа.

Орон сууцны ашиглалтын төлбөр дээр энэ чиглэлийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд нэмж мөнгө авч байгааг танайх шалгасан байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-“Орон сууцны төлбөр дээр янз бүрийн төлбөр нэмж аваад байна. Байрны мөнгө их гардаг боллоо” гэсэн иргэдийн өргөдөл, гомдол байдаг. Энэ дагуу хянаж шалгахад үнэхээр тийм асуудал бодит байдал илэрлээ. Одоогийн байдлаар орон сууц, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг “Бадамлах нар”, “Богд асар”, “Тунамал өргөө”, “Тэлмүүн орд”, “Батбаяндулаан” гэсэн таван аж ахуй эрхлэгч дээр зөрчил тогтоогдсон байгаа. Эдгээр байгууллагууд сар болгон ЦТП-ийн мөнгө, насос, тог цахилгааны зардал, ус дулаан дамжуулах төвийн зардал гэсэн нэрээр 2-11 мянган төгрөгийг иргэдээс хууль бусаар авч байсан нь тогтоогдсон. Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хорооны эрх бүхий хуралдаанаар төлбөр тогтоодог. Гэвч аж ахуй эрхлэгчид хуулийн дагуу тогтоогоогүй төлбөрийг дур мэдэж оршин суугчдаас авч байсан байна. Эрчим хүчний тухай хууль, Хэрэглэгчдийн эрхийн тухай хуулийн 12,9 дэх заалтыг зөрчсөн нь тогтоогдсон.

Иргэдийн хохирлыг барагдуулж байна уу?

-Албан шаардлага өгсний дагуу “Бадамлах нар”, “Тунамал өргөө”, “Батбаяндулаан”, “Тэлмүүн орд” зэрэг компаниуд зөрчлөө таслан зогсоосон гэдгээ бидэнд мэдэгдсэн. Манай байгууллага иргэдийн ирүүлсэн баримтан дээр үндэслээд хохирлыг арилгаж байна. Тухайлбал, “Тэлмүүн орд” ХХК иргэдэд мөнгийг нь буцаан олгосон баримт нотолгоогоо бидэнд мэдэгдсэн. Зарим аж ахуй эрхлэгчдээс дараагийн байрных нь төлбөрөөс хөнгөлөлт үзүүлэх байдлаар хохирлыг нь барагдуулсан гэдгээ мэдэгдэж байгаа. Хохирсон иргэд маш их. Зөвхөн дээр дурдсан таван компани дээр 8000 гаруй иргэн айл өрх хамрагдаж байгаа юм. 8000 гаруй иргэдийн хохирлыг тогтоохын тулд нийтээр нь баримтыг нь төвлөрүүлэх ажиллагааг хийж байгаа. Хамгийн шуурхай, богино хугацаанд хийх арга нь энэ учраас иргэд өөрсдөө бидэнд баримт материалаа ирүүлэх ёстой.

Нэр дурдагдсан компаниуд хэр хугацаанд иргэдээс илүү мөнгө авч байсан юм бол. “Богд асаркомпани зөрчлөө арилгаагүй юм уу?

-Таван сараас эхлээд жил гаруйн хугацаанд илүү мөнгө төлж байж. Манай улсын байцаагчийн дүгнэлтийн дагуу есдүгээр сард нийт аж ахуй эрхлэгчдэд энэ хууль бус төлбөр авахыг зогсоохыг мэдэгдсэн мэдэгдэл хүргүүлсэн байгаа. Гэвч зарим компани төрийн байгууллагуудын мэдэгдэл албан шаардлагыг тоохгүйгээр иргэдээс хууль бус төлбөрөө авсаар байгаа юм. Жишээлбэл, “Богд асар” ХХК буюу та бидний мэдэх Богд Ар хороолол байна. Тэнд 1730 айл өрх оршин суудаг. Ус дулаан дамжуулах төвийн зардал нэрээр сар болгон 6000 төгрөг хууль бусаар авч байна. Бид үүнийг нь зөвхөн захиргааны хариуцлагад татаад зогсохгүй эрүүгийн хариуцлагад татах ёстой гэж үзэж байгаа. Төрийн байгууллагууд зөрчлөө арилгахыг шаардсаар байхад иргэдэд хүч хэрэглэх, авах ёстой төлбөр мэтээр ойлгуулж их хэмжээний мөнгийг хууль бусаар авч байгаа нь тодорхой эрүүгийн хуульд хамаарах гэмт хэргийн шинж чанартай гэж үзэж байгаа. Тийм учраас Өрсөлдөөний тухай хуулийн 23.1-д заасны дагуу бид цагдаагийн байгууллагад хандсан. Эдгээр таван аж ахуй эрхлэгчээс гадна энэ төрлийн үйлчилгээ явуулдаг нийт 45 компани дээр манай шалгалт үргэлжилж байгаа.

Иргэдээс илүү мөнгө авч байсан компаниудад ямар хариуцлага хүлээлгэсэн бэ?

-Аж ахуй эрхлэгчдэд тус бүрт нь 1.211.000 төгрөгийн захиргааны шийтгэл оногдуулсан. Мөн бид иргэдийн өргөдөл гомдол болгон дээр хохирлыг нь барагдуулахад чиглэгдсэн албан шаардлага хүргүүлж байгаа. Хэрвээ албан шаардлагыг биелүүлэхгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нугалсантай тэнцүү буюу 960 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авна. Сар бүр 6000 төгрөг хууль бусаар жилийн турш авсан бол 72 мянган төгрөг болох нь байна шүү дээ. Компаниуд энэ мөнгийг нь буцааж өгөх үү эсвэл 960 мянган төгрөгөөр торгуулах уу гэдэг сонголттой байгаа. Энэ зөрчил ер нь газар авчихжээ. Иргэдээс төлбөр хураамж хүчээр авдаг болсон байна. Өгөхгүй бол тог цахилгааныг нь салгах, дулааныг нь өгөхгүй гэх зэргээр дарамталж шахаж байгаад авдаг. Үүнийг нэлээд ул суурьтай, нэгдсэн байдлаар таслан зогсоож дараа дараагийн аж ахуй эрхлэгчдэд нь анхааруулга болгох ёстой. Зөрчилтэй аж ахуй эрхлэгчдэд хатуу арга хэмжээ авч байж цаашдаа ном журмандаа орно гэж ойлгож байгаа.

Иргэд өөрсдийн орон сууц ашиглалтын төлбөрөө төлдөг компаниуддаа хүсэлт тавиад шалгуулж болох уу?

-Арав орчим аж ахуй эрхлэгчийг шалгаад үзэхэд тав дээр нь ийм зөрчил байгаа нь тогтоогдож байгаа. Тэгэхээр ийм чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг нийт 45 аж ахуй эрхлэгч дээр үргэлжлүүлэх нь зүйтэй гээд шалгаж байна. Мөн иргэд, оршин суугчдадаа хандаж уриалмаар байна. 45 аж ахуй эрхлэгчийн цаана олон арван мянга, зуун мянгаараа иргэд оршин суугчид байгаа. Энэ болгонд хүрч ажиллахад цаг хугацаа их авч, хүн хүч шаардаж байгаа. Тиймээс иргэд маань манай байгууллагатай хамтарч ажиллаад баримт материал дээрээ эргэлзээтэй төлбөр тооцоо байна гэж үзэх юм бол бидэнд авчирч өгөөд шуурхай шалгуулаад, зөрчлөө арилгуулаад, хохирлоо барагдуулаад явах боломжтой.

Өмнө нь орон сууцны төлбөрт даатгалын мөнгийг иргэдийн саналыг авалгүй оруулчихсан явдал гарсан?

-Зөвхөн орон сууцны ашиглалтын төлбөртэй холбоотой биш ер нь байрны мөнгөн дээр аж ахуй эрхлэгч дураараа мөнгө төгрөг нэмдэг байдал байна. Нийслэлийн орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдээр дамжуулж сар бүр даатгалд 1000 төгрөг авдаг. СӨХ-оор дамжуулж сар болгон 1500 төгрөг авдаг зөрчил байсан. Орон сууцны хариуцлагын даатгал бол сайн дурын даатгал юм. Сайн дурынх гэхээр иргэд даатгуулах эсэхээ өөрсдөө шийддэг. Хэрвээ даатгуулах юм бол бичгээр байгуулсан гэрээний үндсэн дээр төлбөрийг нь авах ёстой. Гэтэл иргэдийн зөвшөөрөлгүйгээр төвлөрсөн байдлаар ингэж хүчээр авч байсан “Хаан даатгал” болон “Ард даатгал”-ыг тус бүрийг нь найман сая төгрөгөөр торгосон.

Орон сууцны үйл ажиллагаатай холбоотой өөр ямар гомдол ирдэг вэ?

-Ялангуяа халаалтын улирал эхэлсэнтэй холбоотой оршин суугчдаас байрны халаалт муу, доголдолтой ирээд байгаа мөртлөө халаалтын төлбөрөө бүрэн аваад байна гэсэн гомдол ирж байна. Үүний дагуу бид холбогдох байгууллагуудад шаардлага тавьж ажиллаж байгаа. Хэрэглэгчийн эрхийн хуулийн дагуу хэрэглэгчид чанарын шаардлага бүрэн хангасан бараа, ажил үйлчилгээ худалдаж авах эрхтэй байдаг. Халаалтаа дутуу өгчихөөд мөнгөө бүрэн авна гэдэг хэрэглэгчийн эрх ашгийг зөрчсөн асуудал юм. Тийм учраас Улаанбаатар дулааны сүлжээ компани, Орон сууц нийтийн аж ахуйн конторуудад хандаж нэгэнтээ мөнгөө бүрэн авч байгаа бол халаалтаа сайн өгч байх шаардлагуудыг тавьж байгаа. Иргэд маань ч гэсэн энэ тал дээр халаалт нь доголдолтой гэж үзэх юм бол эрхээ хамгаалуулах бүрэн боломжтой. Мөн тухайн байрны шугам сүлжээний труба муудсан, доголдсон асуудал байдаг. Ийм бол иргэд СӨХ-гоороо дамжуулаад шугам сүлжээгээ солиулах, шинэчлэх ажлуудыг бас хийх хэрэгтэй.

Ж.БАЯРСАЙХАН

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *