“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдлээ. Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Хоёр толгойн хараал” хэмээх нийтлэл хэвлэгдсэн юм. Уг нийтлэлээр Монгол Улсын хөгжил нь бүлэглэл, фракциудын хөлд үрэгдэж, энгийн иргэдийн амьдрал өдөр ирэх бүр доройтож буйг хэлжээ. Хоёр толгойн талаар яригддаг толгой эргэм их мөнгө, эд баялаг манай улсад хараал мэт нөлөөлж буйг ч онцолсон байна.
Улстөрийн үйл явдлын нүүрт Хөдөлмөрийн сайд УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай хийсэн ярилцлага болоод намын бүлгүүдийн мэдээлэл багтлаа. Ц.Болорчулуун “Энэ жилийн ургац хураалтын дүнгээр 215,7 мянган тонн үр тариа хураажээ” хэмээх ярилцлага нийтлэгдээд байна. Энэ өдрийн дугаарт хэд хэдэн жинтэй сайн ярилцлага багтсан юм. Тухайлбал, судлаач Д.Уламбаяртай хийсэн “Их 20”, АПЕК-ийн уулзалтуудын эргэн тойрон дахь үйл явдлын өрнөлийг шинжилсэн ярилцлага сонирхолтой байх биз ээ. Түүнчлэн “Гал үндэстэн”, “Онги голынхон” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяртай хийсэн ярилцлага тун ч уншууртай болсон байна. Мөн ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхантай хийсэн ярилцлага нийтлэгдсэн юм. Орон сууцны контор үйлчилгээний ажил эрхэлдэг компаниуд дур мэдэн байрны мөнгөн дээр элдвийн татаас авдаг болжээ. Айл бүрээс 2-11 мянган төгрөгийг сар бүр авдгийг нэгтгэвэл том тоо гарах нь зүйн хэрэг. Энэ байдлыг хэрхэн арилгаж байгаа талаар болон иргэд сэжиг бүхий санагдсан төлбөрийн баримтаа авч очоод хохирлоо арилгуулах боломж буйг энэ ярилцлага онцолжээ. Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Бразил улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Сосормаагийн ярилцлагыг 15 дугаар нүүрээс унших боломжтой.
Гадаад мэдээ, эрүүл мэнд, утга зохиолын сонирхолтой нүүрүүд хэвлэгдээд байна. Түүнчлэн цаг үеийн олон сонирхолтой мэдээ материал нийтлэгдлээ.
“Өдрийн сонин” өглөө бүр тантай хамт