Categories
мэдээ нийгэм

Аймаг бүрт Давж заалдах шатны шүүх байгуулна

УИХ өнгөрсөн пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх дүгнэлтийг олонхийн саналаар хүлээж авснаар аймаг бүрт Давж заалдах шатны шүүх, нийслэлийн дүүрэг бүрт Анхан шатны шүүх байгуулах боллоо.

Хуульд зааснаар УИХ Цэцийн дүгнэлтийг нэгэнтээ хүлээн авсан учраас Цэц дахин энэ асуудлыг хэлэлцэхгүй. Харин УИХ-ын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг дагаж гарсан тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд шүүх байгуулах ажил эхлэх аж.

Цэцийн дүгнэлтэд тусгаснаар 2-3 аймгийн дунд байгуулагдсан Давж заалдах шатны шүүх, 2-3 дүүргийн дунд байгуулагдсан Анхан шатны шүүх нь 2016 оны дөрөвдүгээр сарын 1-нээс цааш ажиллах боломжгүй болж буй. Тиймээс энэ асуудлыг хууль эрх зүйн хүрээнд зөрчилгүй болгохын тулд УИХ дээр заасан хугацаанд багтаан аймаг бүрт нэг Давж заалдах шатны шүүх, дүүрэг бүрт нэг Анхан шатны шүүх байгуулах холбогдох хуулиудын өөрчлөлтийг хийж өгөх үүрэг хүлээж буй юм байна.

Аймаг бүрт Давж заалдах шатны шүүх, Дүүрэг бүрт Анхан шатны шүүх байгуулагдсан нөхцөлд шүүгчдийг нэмэх шаардлагатай болох аж. Шүүхийн ерөнхий зөвлөлийнхний тайлбараар бол хамгийн багадаа 50 шүүгч хэрэгтэй болно. Дагаад 50 туслах, мөн нарийн бичгийн дарга шаардана. Шүүхийн байр, унаа шатахууны зардал гээд тоочвол нүсэр хөрөнгө шаардах бололтой.

Одоо үйлчилж байгаа хуулиар жишээ татвал, Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн дунд нэг Давж заалдах шатны шүүх, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн дунд нэг Анхан шатны шүүх ажиллаж байгаа юм. Зардал талаа бодвол тойргоор байгуулсан энэ бүтэц хамгийн бага зардал шаарддаг. Дээр нь шүүгчдээ нэг төрлийн хэрэг дээр дагнан мэргэшүүлэхэд хамгийн оновчтой бүтэц байсан ч удахгүй задрах боллоо.

Уул уурхайн хөгжлийг дагаад татварын дагнасан шүүх байгуулах шаардлагатай болж байгааг хууль тогтоогчид төдийгүй татварынхан сануулдаг. Мөн хөдөлмөрийн маргаантай холбоотой гомдол шүүхэд ирэх нь ихэсч байгаа нь энэ чиглэлийн шүүхийг дагнан байгуулахыг нийгэм шаардаж эхэлж байгаа юм.

Гэвч УИХ 2015 оны зургадугаар сарын 19-ний өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуульд заасан 1, 2 дугаар зүйлийн зарим заалтаа ийн хүлээн авснаар дагнасан шүүх байгуулах зорилгодоо хүрэхэд амаргүй болж байна.

Онцлоход, Үндсэн хуулийн цэц нь 2015 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр дунд суудлын хуралдаанаараа УИХ-ын 2015 оны зургадугаар сарын 19-ний өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуулийг хэлэлцээд тус хуульд заасан 1, 2 дугаар зүйлийн зарим заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 48 зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн гэх дүгнэлт гаргасан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *