Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Ардчилсан улс юм бол зөв залуурд л даа

СБД-ийн XV хорооны иргэн Б.Гэлэнхүү

УИХ Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахаар ярьж эхэллээ. Тун удахгүй УИХ-ын сонгууль цаашлаад Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байдаг. Цаг тулсан үед гол хуульдаа яаруу сандруу засвар оруулах сонирхол хэнд байгаа юм бол. Ээлжит сонгууль өнгөрсний дараа бүх ард түмний санал асуулга явуулж, дахин хөдөлгөхөөргүй ул суурьтай хэлэлцэж шийдээд олон зуун жил дагаж мөрдмөөр юм. Монгол Улсын эрх барих дээд байгууллага Их хурал дээд, доод танхимтай байх тухай Ерөнхий сайд асан, шилдэг лорд Н.Содном гуай мэт хүмүүсийн дэвшүүлсэн саналыг Үндсэн хуульдаа тусгамаар. Ер нь төрийн байгууллагын бүтэц тогтолцоогоо үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. Олон намын системтэй байх, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн (давхар дээлтэй) байхыг болих гэх мэт. УИХ-ын гишүүдийн мөнгө гэж хуваарилдгийг болих хэрэгтэй байгаа юм. Аймаг, хот, сум, дүүргээ хөгжүүлэх нь Засгийн газрын ажил биз дээ. УИХ-ын гишүүдийн тоог 99 хүргэх биш харин ч одоо байгаа 76-г цөөлж, 21 аймаг, нийслэлийн дүүрэг бүрээс хоёр хүнийг ард түмний саналаар сонгож баймаар. Зуун ямаанд 60 ухна гэгчээр энэ олон намыг татан буулгах хэрэгтэй. Гуравхан сая хүнтэй улсад тэргүүлэгч хоёр нам байхад хангалттай.

Монголын иргэн бүр газрын баялгаа ашиглаж, үр шимийг нь хүртэж амьдрах учиртай. Гэтэл урт нэртэй хууль баталсан, орон нутагт дэндсэн эрх мэдэл олгосон нь балаг тарьсаар. Ер нь дархан цаазтай болон Төрийн тахилгатай газраас бусад газарт ашигт малтмал олзворлох хайх эрх мэдлийг төр мэдэлдээ авах хэрэгтэй. Улс орны эдийн засаг хүндэрсэн үед эцэг өвгөдийн үлдээсэн эрдэнэс баялгаа одоо ашиглахгүй бол хэдий болтол хав дарах юм бэ. Төр засаг барьж буй түшээд, хууль санаачлагчдын толгой нь хамуурчихаагүй юм бол бодох цаг болжээ. Ардчиллын буян л гэнэ. Ардчилсан улс юм бол түүнийгээ зөв залуурд л даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *