Categories
мэдээ цаг-үе

“Очир эрдэнийн хурим”-аа хийсэн буурлууд

Тоонот гэрт толгой холбоод нэгэн жарныг хол давсан азай буурлууд очир эрдэнийн хуримыг бэлгэшээн хийсээр энэ цагийг хүрсэн уламжлалтай. Хуримын ордонд хоёр өдрийн өмнө “Очир эрдэнийн хурим”-аа хийсэн буурлуудыг “Өдрийн зочин”-доо онцолж байна. Ач, гуч, зээнцрээ үзсэн буянтай буурлуудын алдрыг Д.Сэд-Очир, Д.Энэбиш гэдэг юм байна. Тэд хоёр хүү, гурван охинтой. Ууган охин нь Түмэндэлгэр. Том хүү нь Чулуунбаатар. Дунд охин нь Жаргалсайхан бол бага охин нь Цэрэнчимэд. Энэ айлын отгон хүүг Дашдорж гэдэг аж. Хүүхдүүд нь инженер, багш гээд бүгд дээд боловсролтой, салбартаа амжилттай яваа юм байна.

Гэрийн эзэн Завханы Цагаанчулуутын уугуул. Насаараа үндэсний радио, телевизэд жолоо мушгисан Д.Сэд-Очир гуай нутгийнхаа бүсгүйтэй ханилжээ. Гэрийн эзэгтэйн төрж, өссөн газар нь Завханы Алдархаан сум. Очир эрдэнийн хуримаа хийсэн буурлууд гэрлэлтийн гэрчилгээ анх гарсан жил буюу 1950 онд гэрлэлтээ батлуулжээ. Үүнээс ч өмнө дэр нэгтгэсэн юм билээ. Д.Сэд-Очир гуай радио телевизийн анхны тэргүүний ажилтны нэг. Радиогийн жолооч гэдэг амаргүй алба. “Улаанбаатараас ярьж байна” гэсэн мэндчилгээтэй зэрэгцэн хар үүрээр ажил дээрээ ирдэг байж. Бүдүүн дуут Цэдэндамбаа зэрэг мундагчууд ид ажиллаж байсан үед Сэд-Очир гуай радиод жолоочоор ажиллаж байсан юм билээ. Хариуцлагатай, тулхтай учраас цаадуул нь хөдөө, гадаах чухал томилолтондоо хамт явдаг байж. Сүүлд явуулын станц гэж орж ирэхэд анхны жолооч нь болсон түүх гэрийн эзний намтарт бий. Наадмаас эхлээд чухал том арга хэмжээг шууд дамжуулдаг явуулын станцыг хамгийн хариуцлагатай хүндээ даатгасан хэрэг.

Саяхан МҮОНРТ-ийн тодорхойлолтоор “Алтан гадас” аваад жигтэйхэн баярласан гэж бага хүү нь ярив. Бага охин нь аавынхаа тухай “Аав барагтай л бол хатуу үг унагахгүй. Хааяа хэлсэн зэмлэл нь хоёр, гурван сардаа санаанаас гарахгүй. Биднийг багад алдаа гаргахад гэм хийснийг нь зэмлээд өнгөрдөггүй байлаа. Ах, эгчид нь дүүдээ хэлж ярьсангүй гэнэ, дүүд нь болохоор ах, эгчийнхээ алдааг давтаж болохгүй гэнэ. Одоо бодоход багаар ажиллахыг, гэр бүлсэг байхыг сургасан их ухаан байсан юм билээ. Зарим айлын хүүхдүүдийн нэг нь ядарч явахад нөгөө нь сайхан амьдарч яваа жишээ зөндөө бий. Аав үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдгийг биеээрээ үлгэрлэдэг хүн дээ, миний аав. Юмыг их өргөн хүрээнд харна, хүн чанартай гээд яривал аавд минь хүндлэм чанар олон шүү” гэж ярилцаа.

Д.Энэбиш гуай насаараа тогооч хийжээ. Буузны гуанзанд баригдахаас нь эхлээд л ажилласан гэнэ. Отгон хүү нь “Тэр үеийн буузны гуанзны бууз хачин гоё амттай, том гэж жигтэйхэн байсан шүү” гэж ярианд оролцов. Д.Энэбиш гуай сайхан цайны уралдаан гэж анх болоход мэргэжлийн мундаг тогоочидтой өрсөлдөөд түрүүлж байж. 1999 онд болсон тэр уралдаанд нь 21 аймаг, гурван хот, гурван хийдийн урдаа барьдаг тогооч нар оролцсон аж. Гэрийн эзэгтэй үйлэнд уран гэж жигтэйхэн юм. Ханийнхаа, үр хүүхдүүдийнхээ дээлийг урладаг гол хүн гэнэ. Энэ жил бүх эмэгтэйчүүддээ хурган дээл хийж өгөхөөр болжээ. Өнгөрсөн жил ач, зээ нартаа дээл урлажээ. Хүүхдүүдийнхээ “Ээж ээ, одоо дээл оёх хэрэггүй, ядарна” гэсэн санаа зовсон үгэнд “Үйл шаглах тусам ухаан суудаг юм” гэсэн товхийсэн хариу өгчихдөг гэж байгаа. Залуудаа нүд унагам 32 угалзтай гутал хийчихдэг байж. Бага хүү нь “Хүн бүрт өөрийнх нь ээж сайхан л даа. Гэхдээ миний ээж гайхалтай цовоо. Уртын дууг цэгцтэй, гоё дуулна. Бидэнд зааж өгнө. Эр хүн “Эрдэнэ засгийн унага”-ыг дуулдаг байх ёстой, хийморьлог явдаг юм гэнэ. Бүсгүй хүн “Олом нь үгүй далай”-г аялчихдаг байх хэрэгтэй гэнэ. Дуу жаргал дагуулдаг гэж ярих дуртай. Ээж гэр орноо сайхан авч явна. Хүний төлөө чин сэтгэлээсээ залбирах нь их сайхан санагддаг. Хүнийг ялгаж харьцаж болохгүй, ялангуяа чадал дорой хүнд эрдэх биш туслах хэрэгтэй гэж байнга захина. Монголд гуйлгачин байх ёсгүй, хөдөлмөрлөвөл ажил шиг их юм алга гэдэг юм” хэмээн ярилаа.

Эднийх 2004 онд нийслэлийн тэргүүний хөдөлмөрч гэр бүлээр шалгарчээ. Хүмүүс малаа зараад хот бараадсан ерээд онд тэтгэврийн хоёр хөгшин хэдэн мал аваад фермерийн аж ахуй байгуулаад зүтгэжээ. Сүүлд хот руу дөхөж Хандгайт орчимд төвхнөсөн юм байна. Сүүг нь ахиу үнээр авъя гэсэн саналаас татгалзаж Хандгайтын ойролцоох хүүхдийн асрах газрын зусланд сүүгээ хямдхан нийлүүлдэг байжээ. “Хүүхдүүдийн гэдсийг цайлгая. Үнэ өртөг ямар байх нь хамаа алга” гэцгээдэг байж. “Аав, ээж хоёрын минь тэр сайхан сэтгэл буянаа өгч яваа гэж боддог юм” хэмээн отгон хүү нь ярилаа. Ач зээгээ монгол ахуйг мэдрүүлж, хөдөлмөрч хичээнгүй хүн болгож өсгөх гэж хэдэн малаасаа холдож чаддаггүй хоёр буурал энэ жил хотод өвөлжихөөр иржээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *