Categories
мэдээ цаг-үе

Л.Эрдэнэчимэг: Цэргийн хугацаат албыг цаашид хоёр жил болгох нь зөв байх

УИХын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.

Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд цэргүүдийг татан оролцуулах тухай яригдаж байна. Уг хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Засгийн газрын зүгээс хоёр жилийн өмнө “Монгол цэрэг-бүтээн байгуулалт” хөтөлбөрийг баталсан байдаг. Гэвч хэрэгжиж чадалгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Эдийн засгийн байдал хүндэрч амьдралын түвшин доошилж буй энэ үед иргэдийн зүгээс хүсч буй гол зүйл нь тогтвортой ажлын байр. Тиймээс залуучуудыг ажлын байртай болгох хөтөлбөрийг “Нэг цэрэг-нэг үндэстэн” гэж нэрлэн ажлаа эхлүүлээд байна. Ирэх онд бид урагшаа болон хөндлөн чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлж байгаа. Энд хамгийн багаар бодоход 10 мянган ажлын байр, цаашилбал 50 мянган ажлын байр бий болно. 2012-2014 онд хийгдсэн зам, барилгын ажилд дор хаяж 10 мянга гаруй гадны ажилчин, тэр дундаа хятадууд орж ирж ажилласан байдаг. Эдгээр ажлын байранд монголчууд бид яагаад өөрсдөө ажилласангүй вэ гэх асуулт гарч ирнэ. Судлаад үзэхээр зам барилгын ажилд манай залуучууд ажиллах дургүй байдаг шиг байгаа юм. Залуучууд Мэргэжил сургалтын үндэсний төвд цалинтай суралцаж төгсөөд ажлын байран дээр гарахгүй байна. Дээрээс нь дээд сургуульд суралцаж буй оюутнууд болон сургуулиа төгссөн залуус хэзээ ч иймэрхүү ажил хийдэггүй.

Угтаа бол ажилгүй залуусын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа биз дээ?

-Хөдөлмөрийн яамнаас гаргасан судалгаагаар 18-28 насны 170 мянган ажилгүй залуус байна гэсэн тооцоо гарсан. Тэднийг хамт амьдарч буй настай хүмүүсийнхээ тэтгэвэр, аав ээжийнхээ нуруун дээр паразитлан амьдарч байна гэж хэлж болно. Нэгэнт нөхцөл байдал ийм байгаа учраас цэргээр дамжуулан төмөр замын бүтээн байгуулалтад залуучуудаа оролцуулах шийдвэр гаргасан юм.

Цэргүүдийг хэзээнээс бэлдэж эхлэх вэ. Төмөр замын бүтээн байгуулалтад оролцуулахаар цэргийн алба хаах хугацаа уртасна биз дээ. Тэгэхээр цэрэгт явах хүний тоо буурах юм биш биз?

-Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс цэрэг татлагын ажлыг эхлүүлнэ гэж төлөвлөж байгаа. Цэргийн хугацаат албыг цаашид хоёр жил болгох нь зөв байх. Одоогийн хуулиар гэрээт цэргийн албан хаагчаар ажиллах боломж бас бий. Цэрэгт татсаны дараа эхний гурав, дөрвөн сарын хугацаанд аймаг, нийслэлд байгаа МСҮТ-үүдээрээ дамжуулан цэргийн залуусыг мэргэшүүлнэ. Газар гэсээд бүтээн байгуулалт эхлэх үед буюу дөрөв, тавдугаар сараас талбайд гарч ажиллаж эхлэх юм.

Уг ажилд 24 тэрбум төгрөг төсөвлөнө гэж яриад байгаа. Улсын эдийн засаг таагүй байгаа нөхцөлд дээрх мөнгийг гаргах боломжтой юу?

-2016 оны төсөв хэлэлцэх үед 24 тэрбум төгрөгийг суулгасан. Энэ нь эхний ээлжинд 10 мянган цэргийн хоол, хувцас, байрны зардалд тооцож гаргасан тоо. Харин ажлын байран дээрээ ажиллаж эхлэнгүүт төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулах хөрөнгөөс цэргүүдээ цалинжуулаад эхлэх юм. Тэгэхээр цэргүүд хоёр жилийн дараа цэргээс халагдахдаа 20 орчим сая төгрөг дансандаа цуглуулчихсан гэртээ ирнэ гэсэн үг. Мэдээж энэ мөнгөөр залуучууд их, дээд сургуулийн сургалтын төлбөрөө төлөх, байрны урьдчилгаатай болох зэргээр амьдралдаа маш том өөрчлөлтийг хийх боломжтой юм л даа.

Төсөвт 24 тэрбум төгрөг суулгасныг МАНынхан эсэргүүцэж байгаа. Мөн цэргүүдийг төмөр замд ажиллуулна гэдэг албадан хөдөлмөр эрхлүүлж буйн нэг жишээ болно гээд байгаа. Энэ талаар тодруулахгүй юу?

-“Нэг цэрэг-нэг үндэстэн” хөтөлбөр бол дотоодын нөөц бололцоогоо ашиглан хурдан хугацаанд эдийн засгийн хямралыг даван туулах хөтөлбөр. Сөрөг хүчний хувьд АН ийм шинэ санаа гаргаж байгаад яаж дуртай байхав дээ. Ялангуяа Ч.Хүрэлбаатар гишүүн төмөр замын 10 мянган цэргийг муухай харагдуулах гэж маш их хүчин зүтгэл гаргаж байна. Зургаан км зам тавих гэж 24 тэрбум төгрөг батлууллаа гээд л үглээд байгаа. Зургаа биш 1300 км төмөр зам шүү дээ. Эхний ээлжинд урагшаа 270 км, Таван толгойгоос Сайншанд хүртэл 480 км төмөр зам тавина. Энэ ажлыг 2016 оны хавар эхлүүлээд 2017 оны сүүл гэхэд дуусгана гэж төлөвлөж байгаа. Ажилгүй залуучууд аймгийн төв болон сумдад хамгийн их байгаа гэх судалгаа бий. Энэ утгаараа Ч.Хүрэлбаатар гишүүний сонгогдсон Увс аймгийн олон зуун залуу цэрэгт явж эх орныхоо бүтээн байгуулалтад оролцоод мөнгөтэй болж ирээдүйгээ өөрчилнө. Тэгэхээр МАН-ыхан эсэргүүцээд байх биш харин ч биднийг дэмжих хэрэгтэй. Албадан хөдөлмөр хийлгэж байна гэдэг асуудал дээр “Цэргээр албадан хөдөлмөр эрхлүүлж болохгүй” гэх конвенцид цалинтай цэрэг хамрагддаггүй гэдгийг тодотгоод хэлчихье. Ер нь бид цаашид цэргийн алба хаах хугацааг анхаарах хэрэгтэй. Социализмын үеийн нэг сайн зүйл нь цэргийн албыг гурван жил хаадаг байлаа. Бараг эрэгтэй хүн бүр цэрэгт явдаг байсан. Барилгын цэргүүдээр бүх үйлдвэрээ босгуулсан шүү дээ. Тэр үед цэргээс халагдах үедээ “Ява” мотоцикль авдаг нь тогтсон ёс маягтай болчихсон байсан. Би охид сайн дураараа нэг жил цэргийн алба хаах хууль санаачилна гэж бодож байгаа. Цэрэг бол эх оронч үзэл, тэсвэр хатуужил, хүний үг сонсох чадвар зэрэг эцэг, эхчүүд бидний хүүхдэдээ олгож чадахгүй байгаа олон хүмүүжлийг олгодог. Дээд боловсролын системд хувьсгал болно. Учир нь цэргээс халагдах үедээ өөрийнхөө олсон мөнгөөр өөрт хэрэгтэй мэргэжлээр их, дээд сургуульд суралцана шүү дээ.

Саяхан Японы Ерөнхий сайд ирээд явсан. Үүний дараа Японоос манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдЭнэ ондоо багтаж төмөр замын ТЭЗҮийг батлах нь худлаагэж хэлсэн. Тэгэхээр ирэх онд төмөр замын ажил эхлэхгүй юм биш үү?

-Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Монголд айлчлах үеэр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж төмөр зам, Таван толгойн асуудлаар ярилцсан. Мэдээж хэрэг Монголд ирээд шууд шийдчихсэн асуудал биш шүү дээ. Олон сарын өмнөөс ярилцаж, төлөвлөсөн асуудал. Энэ ажилд гар бие оролцож байсны хувьд Санамж бичигт хугацаа заагаагүй ч гэсэн ТЭЗҮ-ээ энэ ондоо багтаана гэсэн яриа бий гэдгийг мэдэж байна. Японы компанийн хийчихсэн ТЭЗҮ ч байгаа шүү дээ. Тэгэхээр энэ асуудал дээр Японы Элчин сайдын мэдээлэл сайнгүй байх шиг байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *