Categories
мэдээ цаг-үе

Бензема яагаад шоронгийн хаалга татаваа

Францын шигшээ болон “Реал Мадрид” багийн үндсэн довтлогч Карим Бензема шигшээ багийнхаа анд “Лион”-ы хагас хамгаалагч Матье Вальбуэнаг биеэ үнэлэгчдийн хамт наргиж байгаа бичлэгийг тараана хэмээн айлган сүрдүүлж 150 мянган евро салгах гэсэн хэргээр эрүү үүсгүүлэн шоронд орчихоод байна. Нэг улиралд зөвхөн цалингаасаа есөн сая евро олдог, долоо хоногийн орлого нь дээр дурдагдаад байгаа 150 мянган еврогоос хавьгүй давдаг хүн яахаараа ингэж “доошоо орж” болдог байна аа гэх эрүүл асуулт өөрийн эрхгүй ургаж байгаа биз. Гэхдээ асуудлыг сайн судлаад үзэхээр бас ч амаргүй зүйлүүд босох юм билээ.

Карим Бензема бол алжир гаралтай, Лион хотын зах дахь ядуучуудын дүүрэгт олон хүүхэдтэй гэр бүлд төрж өссөн нэгэн. Яахав хөлбөмбөгийн ачаар “траншейн”-аасаа гарч оддын хэмжээнд амьдарч байгаа нэгэн ч гэлээ бага залуудаа найзалж байсан зарим нэг “хүнд гаруудаасаа” салж чадалгүй өдий хүрсэн нь түүний буруу гэлтэй. Тийм нэг найзуудынх нь дунд Карим Зенати гэх бас л алжир гаралтай франц залуу зогсдог байсан бөгөөд тэр л Бенземаг энэхүү шившигтэй асуудалд хутгачихлаа. “Би зуучлагчийн үүрэг гүйцэтгэж Матье, Карим хоёрыг холбож өгөх ёстой байсан. Зенати миний багын найз. Би түүнийг шоронд байхад нь ч, шоронгоос гарахад нь ч чадлынхаа хэрээр тусалж байсан. Түүнийг дахин шоронд бүү ороосой, хэн нэгнээс үл хамааран өөрийгөө тэжээгээд яваасай л гэж боддог. Би Зенатитай сүүлд утсаар ярихдаа Вальбуэна мөнгө өгөхгүй гээд тэр энэ асуудалд хэрхэн хандаж байгааг хэлсэн. Ер нь Зенати энэ мөнгийг авсан бол надад сохор зоос ч хэрэггүй, надад огт хамаагүй байх байлаа. Үнэнийг хэлэхэд сэтгэл дотор хачин муухай, эргэн тойрны асуудлыг ухаарах ч чадал алга.” Энэ бол Карим Бенземагийн мөрдөгчид өгсөн анхны мэдүүлэг. Тун ч удалгүй Францын сэтгүүлчид Бензема болон түүний дээрэмчин найз Карим Зенати нарын хоорондох яриаг олж авч нийтэд дэлгэсэн. Түүнийг нь тоймловол:

БенземаБи нөгөөдөхтэй чинь уулзлаа.

ЗенатиТэгээд чи юу гэж бодож байна?

Б.-Тэр асуудалд нэг л хойрго хандаад байна. Биднээс айхгүй байна даа.

З.-Тэгвэл тэр чинь мөнгө төлөхгүй гэсэн үг үү?

Б. –Тийм ээ, чиний наад бичлэгээс чинь айхгүй байна.

З. –Аан.

Б.-Гэхдээ бро, нэг асуудал байна. Хэрвээ бичлэг чинь ил болбол түүний ажил амьдралд нь том шарх болно шүү дээ. Түүн рүү баахан хог новш шидэж эхэлнэ. Тийм байлгамааргүй байх юм. Бодолцоорой доо.

З. –Тэгнэ дээ бро. Битгий санаа зов.

Б.-Энэ бичлэг хаанаас гарч ирсэн юм бэ гээд л асуугаад байна. Би цагдаа магдаад битгий хэлээрэй гэсэн.

З. –Тэр өөрөө бичлэгээ харахаараа хаана бичсэнийг нь ойлгоно доо, хахаха.

Б. – Би түүнд, за миний үүрэг дууслаа, одоо би чамайг найзтайгаа холбож өгье. Миний найз гол хэргийн эзэн муу залууг танина. Тэр муу залууд биеэ үнэлэгчидтэй хамт наргиж буй чиний бичлэг байгаа. Бичлэг ганц хувь гэдгийг баталж байна лээ. Би хувьдаа тэр муу залууг танихгүй гэж хэлсэн.

З. –Тун сайн. Гэхдээ тэр мөнгө төлөхгүй юм уу?

Б.-Санаа зоволтгүй байх аа. Тэр хаа холдох юм бэ?

Нэг иймэрхүү ярилцлага яах аргагүй Бенземагийн дуу хоолойтой интернэтээр цацагдчихаад байгаа. Францын цагдаагийнхан одоогийн байдлаар Карим Бенземагаас гадна түүний найз гэх гурван залууг баривчлаад байгаа бөгөөд тэдэн дотор гол зохион байгуулагч 39 настай Аксель хэмээх франц эр ч багтаж байгаа сурагтай. Тэд Вальбуэнаг биеэ үнэлэгч бүсгүйчүүдтэй зугаацаж буй нууц бичлэгийг олж аваад 150 мянган евро өг, татгалзаад байх юм бол бичлэгийг чинь интернэтэд тавина шүү гэсэн сүрдүүлэг үйлдсэн хэргээр мөрдөнд орцгоолоо. Тэр муу залуус ч яахав, авдаг шийтгэлээ хүртээд “аавынх” руугаа явах байх. Гол нь Бензема яах бол гэдэг асуудал мэдээж ургаж байгаа биз. AFP агентлагийнхны бичиж байгаагаар бол тэр зөвхөн найзынхаа хүсэлтийг танилдаа дамжуулсан, ашиг сонирхлын зөрчил байгаагүй учир их л томдоо торгуулж, тэнсэн авна гэсэн байх юм. Гэхдээ тэр буруутай гэдэг нь нотлогдвол “Реал” мэтийн нэр хүндээ асар их боддог том баг түүнийг эгнээндээ үлдээх үү, зар сурталчилгааны салбарынхан хамтарч цаашид ажиллах уу, шигшээдээ дуудагдах үед Вальбуэнагийн царайг харж чадах уу гээд түмэн асуудлууд ургана шүү дээ.

Харин Вальбуэна эр хүн шиг загнасан байна лээ. Тэр хэвлэлээр Бенземаг буруутгаж нэг ч үг хэлээгүй. Тэр бүү хэл өөрийнхөө фэйсбүүкийн аватарын зургийг сольж Бензематай авахуулсан зургаа тавьсан байх юм. Өнгөрөгч дэлхийн аваргаар Францын шигшээ багийг шилдэг наймд үлдэхэд гол үүрэг гүйцэтгэсэн, цаашид “азарган тахиа”-нуудын шигшээ багийн өнгийг тодорхойлно хэмээн яригдаж байсан довтлогч, хагас хамгаалагч хоёрын хоорондох асуудал хэрхэн үргэлжлэх бол.

Пелегийн өшиглөсөн бөмбөг дайсны хаалгачийн гэдсэнд эргэлдээд л

Өнгөрөгч зууны далаад оны хавьцаанаас хойш дунд сургуульд сурч байсан эрэгтэй хүүхэд болгон мэддэг нэгэн үлгэр мэт түүхийг санаж байна уу. Гол баатар нь цаг үеэ дагаад өөрчлөгдөөд байдаг болохоос үндсэн түүх нь нэг ийм.

Бразилийн алдарт хөлбөмбөгч Пеле шигшээ багийнхаа хамт Африк тивийн нэгэн улсад зочилж тэр улсын шигшээ багтай тогложээ. Гэтэл тэр багийн хаалгач нь аягүй сонин. Бразилийн довтлогч нар яаж ч цохьсон байлаа хамаагүй, тэр хаалгач үсэрч ирж хаачихаад хаалганы дээд талын хөндлөвч дээр гараад суучихдаг гэнэ. Тэгэхээр нь Пеле уурлаад улаан даавуу уяатай хориотой баруун хөлнөөсөө нөгөө хориглосон улаан даавуугаа авч байгаад өшиглөж гэнэ. Яахав нөгөө хар хаалгач үсрээд барьтал хүчтэй өшиглөсөн бөмбөг гэдсэнд нь эргэлдэж ороод хөөрхий муу хаалгачийг тонилгочихжээ. Талбай дээр байсан хүний, өөрийн хөлбөмбөгчид пөөх паах гээд бөөн юм болоод л нөгөө хаалгачийн хувцсыг сөхсөн чинь хүн биш сармагчин байлаа. Нэг ийм түүх. Хожмоо цаг үеэ дагаад Пелегийн нэр Роберто Карлос, Куман зэргээр солигдож байсан сурагтай. Хамгийн гол нь дал наяад оны хүүхдүүд хоорондоо гадаа тоглох болохоор улаан даавуу хөлөндөө уяад л. Түүнээс нь бага зэрэг айгаад л. Их л хөөрхөн байж дээ.

Гэтэл саяхан энэ түүх тийм ч худал биш, гол нь хөлбөмбөгчийн өшиглөсөн бөмбөг сармагчинг цааш нь харуулах хэмжээнд хүргэсэн түмэн буруутан нь интернэтгүй үеийн сэтгүүлчид юм байна гэдгийг сонслоо.

Зөвлөлт засгийн үед Ростов хотноо СКА гэдэг багт Виктор Понедельник хэмээх хожмоо Европын аварга, улсынхаа аварга цолуудыг хүртсэн олон олон амжилтын эзэн нэгэн тоглодог байлаа. Тэдний баг 1963 онд Африкийн зарим улсын багуудтай нөхөрсөг уулзалт хийхээр зорьж эхнийх нь учраа Малид хүлээж байж л дээ. Виктор энэ тухайгаа өөрөө хүүрнэж байна аа. “За бид бие халаалтаа хийчихээд жагсаж өрсөлдөгч багийнхантайгаа гар барьж бэлгээ солилцож байтал гайхалтай юм боллоо. Малигийн хаалгач нарийхан гинжээр оосорлосон сармагчин дагуулаад алхаж байдаг юм даа. Энэ золиг чинь тоглолт эхлэхээр найзыгаа яах нь вэ гээд харж байтал нөгөө сармагчин нь сурцтай нь аргагүй үсэрч ирээд хаалганы дээр гараад суучихлаа. Манай багийнхан довтлох үед би санамсаргүй нөгөө сармагчин руу нь бөмбөгөө өшиглөчихсөн чинь тэр золиг газар унаад хөдөлдөггүй. Пөөх, үзэгчид шуугилдаад л элдэв зүйл авч шидээд алах нь ээ. Хожим сонссон чинь тэр сармагчин Мали улсын шигшээ багийн сахиусан тэнгэр шахуу юм нь байсан гэнэ лээ. Хөөрхий амьтан хэсэг хэвтээд ухаан орж буцаад хаалган дээрээ сууж бид ч хурдхан шиг тоглоод зугтъя гэх юм болсон” гэж хүүрнэсэн байна лээ. За одоо хамгийн сонирхолтой хэсэг нь. Яаж яваад энэ түүх эхэнд өгүүлсэн хэлбэрт шилжсэн тухай.

Тэр тоглолтыг Францын L”Equipe сэтгүүлийн тусгай сурвалжлагч үзэж байжээ. Учир нь Зөвлөлтийн багийн өмнөхөн Ардчилсан Германы баг бас тэнд тоглосон, Ардчилсан Германы баг нь тун удахгүй Францын шигшээ багтай Европын аваргын хэсгийн тоглолтод учрах байсан тул уг сэтгүүлч мэргэжлээсээ гадна тагнуулчийн үүрэг гүйцэтгэж явж. Бүх нийтийг хамарсан мэдээллийн сүлжээ болох интернэт гээч үүсэхэд тавин жил дутуу байсан тэр үед зөвхөн нүдээрээ харж мэдээлэл олдог байсан гэдгийг сануулах юун. За нөгөө франц эр орос эрийн паянг жаахан давслаад “Оросын хөлбөмбөгч бөмбөгөөрөө сармагчинг өшиглөөд цааш нь харуулчихлаа” гээд редакци руугаа бичихгүй юү. Түүнийг нь Франц дахь Оросын элчингийнхэн орчуулахдаа “Манай хөлбөмбөгч өрсөлдөгчийнхөө сармагчин-хаалгачийг хүчтэй цохилтоор намналаа” гээд бүр хүчтэй өнгө оруулаад л нисгэж дээ. Мэдээлэл ховор, зөвхөн Зөвлөлтийн амыг харахаас цаашгүй байсан монголчууд түүнийг өөрийн нутгийн өнгө аясдаа тохируулан янз бүрээр бурж байсныг нь та бид багадаа сонсож байсан нь тэр бөлгөө.

Нүүрийг бэлтгэсэн Д.Бат-Эрдэнэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *