Categories
мэдээ нийгэм

Цогц лабораторитай хүнсний зах нээгдлээ

“Сэлэнгэ” хүнсний худалдааны төв Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд өнөөдөр нээлтээ хийлээ. Нийт 7000 м/кв талбайтай, бүрэн цутгамал бетонон барилгатай тус худалдааны төв ашиглалтад орсноор нийт 300 гаруй ажлын байр шинээр бий болж байгаа аж.

Монгол Улсын төмс, хүнсний ногооны хэрэгцээний 50 гаруй хувийг дангаараа хангадаг газар, тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ аймгийн ногоочид тус худалдааны төвд төвлөрөх юм байна.

Өөрөөр хэлбэл, “Сэлэнгэ” хүнсний худалдааны төв ийнхүү ашиглалтад орсноор нийслэлийн иргэдийг жилийн дөрвөн улирлын турш чанар, стандартын шаардлага хангасан, эрүүл, органик төмс, хүнсний хогоо, мах, махан бүтээгдэхүүн, зөгийн бал зэрэг бүтээгдэхүүнээр хангах боломж бүрдлээ. Тус төвд хүнсний ногоог нийслэлдээ хамгийн хямдаар зарж байгаа аж.
“Сэлэнгэ хүнсний худалдааны төв” орчин үеийн тоног, төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон бөгөөд зоорь, агуулах, машины зогсоол, лаборатори зэрэг шаардагдах зүйлсийг цогцоороо шийдэж өгснөөрөө давуу талтай юм байна. Лангууны түрээсийн хувьд орон нутгийн жишиг үнэ байх төдийгүй ногоочид жилийн дөрвөн улирлын турш төмс, хүнсний ногоогоо зарж, борлуулах боломж бүрдэж байгаа аж.

Үүнээс гадна тус худалдааны төвд хүнсний эрдэм шинжилгээний “САМО” институтын загвар лаборатори байрлаж байна. Тус лаборатори хүнсний бүх төрлийн шинжилгээг хийж, баталгаажуулснаар чанар, эрүүл ахуйн хувьд эрсдэлгүй болох юм. Дашрамд дурдахад, “Сэлэнгэ хүнсний худалдааны төв”-ийг Аж үйлдвэрийн яамтай байгуулсан концессын гэрээгээр “Тайж” группын салбар “Сайхан Монгол” ХХК барьж, ашиглалтад оруулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *