Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын ХБНГУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр хоёр чухал гэрээнд гарын үсэг зурсны нэг нь эрчим хүчний салбарынх байв.
Тодруулбал, “Баруун Монгол энержи” ХХК-ийн захирал Б.Алтангэрэл ХБНГУ дахь Монгол, Германы хамтарсан “Сакс энержи Монголиа” ХХК-ийн захирал Франк Коккиш нар Увс аймгийн Улаангом хотноо 60 мВт-ын эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал бүхий цахилгаан станц байгуулах санамж бичигт гарын үсэг зурлаа. Гэрээг байгуулахад Монгол Улс “Баруун Монгол энержи” компанид баталгаа гаргаж өгч байгаагаараа онцлог юм. Энэ үеэр “Баруун Монгол энержи” ХХК-ийн захирал Б.Алтангэрэл “Энэхүү цахилгаан станц нь дэлхийн хамгийн өндөр шалгуурыг хангасан хабрид буюу нүүрснээс гадна сэргээгдэх эрчим хүчээр тэжээгдэнэ гэдгээрээ Монгол Улсдаа анхдагч. дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн энэ төрлийн цахилгаан станцтай болсноор Монгол Улсын баруун аймгууд ОХУ-аас эрчим хүч импортлох асуудал байхгүй болж, баруун аймгуудыг дотоодоосоо эрчим хүчээр хангах болно. Ингэснээр ОХУ-д улирал тутам улсын төсвөөс төлдөг олон тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх, баруун бүсийг хямд, найдвартай эрчим хүчээр хангаж, бүс нутгийн хөгжлийг дэмжих эхлэл тавигдана гэж үзэж байгаа. Энэ дашрамд Аж үйлдвэрийн яам байгуулж, бодлогоор дэмжиж байгаа Засгийн газарт баярласнаа илэрхийлж байна” хэмээсэн юм.
Энэхүү төслийг төр, хувийн хэвшлийн хамтарсан концессийн гэрээгээр хэрэгжүүлж байгаа бөгөөд нийт 120 сая еврогийн зээлийг “Баруун Монгол энержи” ХХК-ийнхан 40 жилийн дотор өөрийн хөрөнгөөр барагдуулахаар санамж бичигт заасан байна.