Цагаан ордноос мэдээлснээр, Туркийн Анталья хотноо болж буй “Их 20” уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар уулзсан тухай “AFP” агентлаг уламжилжээ. Тэд тусгайлан бэлдсэн өрөөнд хагас цаг орчим зөвхөн орчуулагчдын хамт уулзаж ярилцсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Обама, Путин нар Ойрхи Дорнодын хямрал болон Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадын асуудлаар ярилцжээ. Кремлийн хэвлэлийн албанаас тэдний уулзалтад орчуулагчдаас өөр хүн оролцоогүйг онцолсон байна. Цагаан ордны хэвлэлийн алба “Удирдагчид Парисын цуврал халдлагын талаар ярилцсан” гэжээ.
Өнгөрсөн ням гаригт буюу уулзалтаас өмнө “Их 20” удирдагчид дурсгалын зураг авахуулсан байна. Энэ үеэр Обама, Путинтэй мэндчилж, гар барьсан хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Герман болон Канадын удирдлага ч Путинтэй уулзах санал гаргаад байгааг “TASS” агентлаг уламжилсан байна.